Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүссэнээс халтиргаа, гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.
Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас зам, даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар аймаг, орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Тодруулбал, Увс салбарын зам хариуцагчид улсын чанартай А1701 дугаартай Ховд–Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 25–53 км-ийн хоорондох Тогшилтын хөтөл орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Мөн А0902 Булган-Мөрөн чиглэлд 11-49км хооронд гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байгаа бол А1002 Эрдэнэт-Булган чиглэлд зам үзлэг хийжээ.
Алтай-Баянхонгор, Алтай-Ховд чиглэлүүдийн замуудад авто замын үзлэг хийж, А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлд давс, бодис цацах, автогрейдерээр авто замын зорчих хэсэгт үүссэн хунгар цасыг түрж цэвэрлэх, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлд Говь-Алтай салбарын ажилчид замын үзлэг хийж ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий гадзраас мэдээлэв.
Өнөөдөр /2026.10.23/ Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.
Тиймээс хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Онгцгой байдлын газраас анхааруулав. Мөн суурин газарт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хоорондын зайгаа барьж, хүлээцтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг сануулав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна