Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттайгаар хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Үүний дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна. Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан. Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Ийнхүү тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:
-Ес зүйн асуудлаар намаас намайг хөөх шийдвэр гаргажээ. Би энэ саналыг нь зөвшөөрч байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Яах аргагүй намын дүрэмд заасан зүйл, заалтыг зөрчсөн. Намын журмын гишүүдээсээ уучлал гуйя. Тэгэхээр өчигдрөөс эхлээд МАН-ын гишүүн биш, сул гишүүн гэх юм уу.
Надаас болоод сүүл рүүгээ “балмад буриад” гээд ястан үндэстнээр нь гадуурхах ч юм болоод байна уу даа. Буриад болгон балмад биш ээ. Энэ асуудлыг дуусгамаар байна. Энэ бол зөвхөн нам хариуцлага хүлээлгээд явах биш хуулиараа ямар заалттай байдаг юм түүгээр нь хүлээгээд явахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар чуулган хэлэлцэж байгаад завсарлага авлаа. Яагаад завсарлага авсан бэ гэхээр санал хураалт нууц явсан. Тоог нь одоо.../Тэгээд 12 дугаар сарын 12-нд би хэвлэлийн хурал хийсэн. Би хэвлэлээс зугтаж коридороор гүйдэггүй. Зогсож байгаа ярьдаг. Тэгээд миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал 12-ны хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Нууц задруулсан, саад болж гэж байна. Тэгэхээр үгэндээ туйлын хянамгай байхгүй бол бас болохгүй байна./ Тэгээд сая гаргасан хоёр шийдвэр нь хоорондоо зөрчилдчихсөн. Тогтоолын төсөл уначихсан.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Аливаа нэг шийдвэр гарахаар түүнээ УИХ-ын Дэгийн тухай хуулиар заавал тогтоол гаргаж албажуулдаг. Тэгж байж хүчин төгөлдөр болдог. Тэгтэл тэр албажуулах шийдвэр нь уначихсан. 35:65 гэсэн харьцаагаар уначихсан. Үүнийг бол би хэлж болох байх. Тэгээд МАН-ын намын бүлэг ярилцъя гээд хоёр цагийн завсарлага авсан.
Одоо нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээр түрээ барьж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаа гэсэн ойлголтыг нийгэмд зохион байгуулалттайгаар хүргэж байна. Тийм зүйл байхгүй ээ. Тийм учраас... /УИХ-д түдгэлзүүлэх саналыг хүлээж авах тухай хуулийн зохицуулалт байхгүй./ ... тэгэхээр би өөрийн хүсэлтээр чөлөөлөх өргөдлөө өөрийн биеэр өгье гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх бичгээ УИХ-ын даргад өргөн барина.
-Та яагаад ийм шийдвэр гаргах болов? Үндэслэлгүй байхгүй гэж байсан.
- Үндэслэл байхгүй. Ямар нэг шахалтад ороогүй. Энэ бол миний хувь улстөрчийн шийдэл. Одоо надад шахалт ирэх ямар ч үндэслэлгүй болсон. Сул гишүүн болчихсон. Намын хамгаалалт байхгүй гэсэн үг. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явж байгаа олон зүйлийн учир начрыг бий тайлна. Миний тэмцэх нэг арга хэрэгсэл гэж бодож байна.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдсөний дараа магадгүй хэлмэгдүүлэлтэд өртөх вий гэсэн болгоомжлол байна.
-Тийм юм байна. Намайг бүр зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэн болгох ажиллагаа явагдаж байна шүү дээ. Одоо цагдаа дээр шалгаж байна. Хэний захиалгаар хэдэн төгрөгийг хэзээ хаана өгөөд юу болов гээд бүх юм тодорхой болчхоод байна шүү дээ. Сая хүртэл Хууль зүйн сайд нь Ерөнхий прокурорт нэг зүйлийг хэлсэн. Прокурорын байгууллагад зөвшөөрлийг нь өгөөд надтай холбоотой нийгэмд ойлгомжгүй байдал үүсгээд байгаа бүх асуудлаар мэдээлэхгүй байснаар ийм байдалд хүрээд байна. Үүнийг сая Нямдорж сайд хэлнэ лээ.
-Та өөрөө түдгэлүүлэх үндэслэл байхгүй ээ гээд байсан.
-Түдгэлзүүлэх, чөлөөлөх хоёр чинь тэс хоёр өөр ойлголт. Түдгэлзүүлэх гэхээрээ гэм буруугүй нь тогтоогдвол шууд буцаад их хуралдаа ороод явдаг. Чөлөөлөгдөнө гэдэг бол УИХ-аас бүрмөсөн явна гэсэн үг. Тэгэхээр чөлөөлөгдөнө гэдэг хамгийн хүнд шийдвэр. Тэрийг нь харин би өөрөө гаргая.
-Та яагаад УИХ-аас бүрмөсөн явахаар шийдсэн юм бэ?
-Надад тийм шахалт, шантаж байхгүй ээ. Тийм юманд өртөөд байдаг хүн биш. Энэ шийдвэрийг би аль дээр гаргасан байгаад одоо хэлж байгаа нь энэ.
-Чөлөөлөгдөх хүсэлтээ эзээ өргөн барих вэ?
-Одоо ороод бичнэ дээ. Тэр юу байх вэ дээ, ганцхан өгүүлбэр бичээд л болоо.
-Дахиж нэр дэвших үү?
-2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болчихлоо шүү дээ. Ер нь улс төр бол багийн тоглолт шүү дээ. Ганц хүн бол бас л хэцүү шүү дээ.
-Таныг улс төрөөс гарч байна гэж ойлгож болох уу?
-Үгүй. Нэг зүйлийг хариуцлагатай мэдэгдье. Дунд нь хөндлөнгөөс саад болж байна. Гэлээ гээд улс төрөөс гарч байна гэсэн үг огт биш.
-Та өнөөдрийг хүртэл түдгэлзүүлэх үндэслэл байхгүй гэж байсан хүн яагаад гэнэт ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Чөлөөлөх өргөдлөө өгнө гэдэг буруутай гэсэн ойлголт огт биш. Миний хэлсэн юмыг яагаад мушгин гуйвуулаад байгаа юм бэ?
-Ерөнхий прокуророос асуухад таныг хүн амины хэрэгтэй холбогдуулж шалгасан зүйл байхгүй гэж байсан?
-Байхгүй шүү дээ. Хэн байгаа гээд байгаа юм бэ гэхээр тодорхой захиалгатай, төлбөртэй л яваад байгаа юм шүү дээ.
-Та хэдхэн хоногийн өмнө өөр бодолтой байгаад гэнэт шийдвэрээ өөрчлөх болсон талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч.
-Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчхөөд би тэмцлээ үргэлжлүүлнэ.
-Ямар тэмцэл вэ?
-Хэн миний эсрэг ийм зохион байгуулалттай яваад байгаа нь маш тодорхой байгаа.
-Хууль хяналтын байгууллагынхан үүнийг үнэнч шударгаар нь тогтоогоод гаргаад ирнэ гэдэгт итгэлтэй байна уу?
-Маш их эргэлзэж байна.
-Та тэгээд ийм эргэлзээтэй нөхцөлд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгдөг нь ямар нэг шахалт орсон юм биш биз дээ гэсэн хардлага төрүүлж байна.
-Хэн намайг шахсан юм бэ? Тэгвэл шууд тэр шахсан уу гээд асуучих.
-У.Хүрэлсүх дарга хатуу зогсоод байгаа юм уу?
-Одоо миний намын дарга биш болсон шүү дээ.
-Намын дарга байхдаа нэлээд шахсан уу?
-2014 оны өвлөөс эхлээд намайг намаас хөөх асуудал яригдаад явсан шүү дээ.
-Хууль хяналтын байгууллагаас таныг баривчлах шийдвэр гаргавал?
-Баривал бариад, хоривол хорино л биз дээ. Тэртээ тэргүй гэм буруугүй. Энэ хавтаст бүх нотлох баримтууд энэ байна. Үүнийг надаас ер аваагүй байгаа.
-Ямар дүгнэлтэд хүрч байна?
-Цаг хугацаа харуулна аа.
-Хэр их цаг хугацаа орох бол?
-Хэн мэдэх вэ дээ. Миний эсрэг маш том кампанит ажил явагдаж байгааг та хэд эрхбиш нэг мэдэрч байгаа байлгүй дээ.
-Өмнө нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан тохиолдол бараг байдаггүй. Тэгсэн атлаа тань дээр нөгөө талд нь зогсоод байгаа юу гэж харж байна вэ?
-Дүгнэлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Ингээд дуусчих юм биш.
-Эдгээр гэмт хэрэгт буруугүй гэтлээ нотолчихвол болчих уу?
-Бас л буруу ойлгоод байна. Би чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэдэг УИХ-аас ингээд бүр гарч байна гэсэн үг. Гэм буруугүй нь тогтоогдсон ч бай буцаж ирэхгүй. Ер нь зорилго бол тодорхой шүү дээ. Тэрийг хэлүүлэх үү? 2020 онд намайг нэр дэвшүүлэхгүй гэсэн бүх ажлыг хийж байна шүү дээ. Улс төрөөс арчиж хөөж гаргах маш том махны машин ажиллаж байна шүү дээ.
-Гомдолтой байна уу?
-Би тэмцэх чадвартай учраас гомдох зүйл огт байхгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна