ЧИЛИ УЛС АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ХҮЛЭЭН АВЧ ЧАДАХГҮЙ


Чилийн эрх баригчид Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт ба Цаг агаарын асуудлаарх зөвлөгөөнийг хүлээн авч чадахгүй болсон тухай тус улсын Ерөнхийлөгч албан ёсоор мэдэгдсэнийг орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Чилид үүсээд байгаа нийгмийн хямрал, мөргөлдөөнийг шийдэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байгаа тул арга буюу энэхүү чухал арга хэмжээг хүлээн авахаас татгалзахаас өөр аргагүй болсон гэж Ерөнхийлөгч Пиньера мэдэгджээ. Арваннэгдүгээр сард Чилид явагдах ёстой байсан чуулга уулзалтын ач холбогдлыг ойлгож байгаа тул хүлээн авахаас татгалзахад тун хэцүү байсан гэжээ. Гэхдээ өрхийн тэргүүн нь хүндрэл бэрхшээл тулгарахад гэр бүлээ нэн тэргүүнд тавьдагтай адилаар Ерөнхийлөгчийн хувьд иргэдийнхээ ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих ёстой гэсэн байна.

Чилийн эрх баригчид метрогоор зорчих төлбөрийг нэмэгдүүлсний дараагаар эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал эхэлж, Ерөнхийлөгч нь онц байдал тогтоон хөл хорьж байсан. Эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн болж олон зуун хүн шархдаж, мянга гаруй хүн баривчлагдсан. Үүний дараагаар Пиньера нь сайдуудаа огцруулж Засгийн газартаа халаа сэлгээ хийсэн. Гэвч эсэргүүцлийн жагсаал цуглаан намдахгүй байгаа төдийгүй улам бүр газар авах төлөвтэй байна.

Өмнөд Америкийн хамгийн баян улс гэгддэг Чилид метрогоор зорчих тасалбарын үнийг 30 песо буюу ойролцоогоор 100 төгрөгөөр нэмсэний дараа энэ бүх үймээн, хямрал эхэлсэн. Хамгийн сонирхолтой нь өмнө нь эрх баригчид метрогоор орчих үнийг 20 песогоор нэмэхэд ямар ч эсэргүүцэл энэ тэртэй тулгараагүй. Тиймээс асуудлын гол нь метроны үнэ бус арай өөр зүйлд байгаа нь ойлгомжтой юм. Энэ талаар шинжээчид, мэргэжилтнүүд ямаршуу тайлбар өгч байгааг товчлон хүргэе.

Юуны өмнө Чилийн орчин үеийн түүхийн зарим үйл явдлыг дурдалгүйгээр энэ бүх эсэргүүцлийг ойлгож, тайлбарлах боломжгүй гэдгийг шинжээчид онцолжээ. Чилид социалист маягийн эрс шинэчлэл хийх гэж оролдсон Ерөнхийлөгч Сальвадор Альендег 1973 онд хөрөнгөтнүүд, АНУ-ын ТТГ-ын дэмжлэг авсан генерал Пиночетээр удирдуулсан армийнхан төрийн эргэлт хийж түлхэн унагасан гэдгийг бүгд сонссон биз. Пиночет нь засгийн эрхийг гартаа оруулсны дараагаар эдийн засгийн неолиберал загварыг маш хатуу гараар хэрэгжүүлж эхэлжээ. Үүнийг Чикагогийн эдийн засгийн сургуулийн загвар ч гэдэг. Юуны өмнө социалистуудын хэрэгжүүлж байсан бүх л төрлийн нийгмийн халамж, тэтгэлэг, үнэгүй эмнэлэг, сургууль, үнийн хөнгөлөлт гэх мэт зүйлсийг бүгдийг халсан. Дараа нь, эдийн засгийн бүхэлд нь босгох гэлгүйгээр хөдөө аж ахуй, ашигт малтмалын олборлолт, далайн баялгийн ашиглалт гэсэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар сайн салбаруудыг дэмжээд бусдыг нь орхихоор шийдсэн аж. Үүний ачаар 1989 он гэхэд Чилийн эдийн засгийн өсөлт жилийн 7-8 хувьтай болж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд нь тун гайхалтай байсан. /Ийм ч болохоор энэ үеэр задран унасан социалист орнуудад эдийн засгийн энэ загвараар эрс шинэчлэл хийсэг байдаг./

Гэтэл үүнтэй зэрэгцээд Чилийн хүн амын 40 хувь ядуу, 15-19 хувь гуйланчлалын байдалтай амьдардаг болсон. Өөрөөр хэлбэл нийгмийн хамгийн эмзэг давхаргын хүмүүсийн амьдралын түвшин бүр доошилсон. Неолиберал өөрчлөлтийн улмаас үнэгүй боловсрол, үнэгүй эмнэлгийн тусламж үгүй болж, тэтгэвэр нь хувийнх болсон тул ядуу төрсөн хүн ядуугаараа л дуусахаас өөр аргагүй нөхцөл бүрдсэн байна. Боловсрол нь өндөр төлбөртэй болсноор их, дээд сургуульд зөвхөн баян айлын хүүхдүүд орох боломжтой болсон. Нийгмийн лифт гээч зүйл үгүй болсон.

Гэвч 1990, 2000 онуудад ардчилсан сонгуулиар ялж гарч ирсэн социалист Засгийн газрууд нь энэхүү шударга бус байдлыг арилгахаар ажилласны ачаар ядуусын тоо 8 хувь, гуйланчлалын түвшинд амьдардаг хүмүүсийн эзлэх хувь 2 болж багассан. Гэвч ийм социалист маягийн өөрчлөлтийг эдийн засаг нь даах объектив хязгаар гэж байдаг тул зарим өөрчлөлтийг гацаахаас өөр аргагүй болсон нь нийгэмд ээлжит бухимдал, зөрчил бий болгожээ. Энэ бол эсэргүүцлийн жагсаал, хямрал үүсэхэд хүргэсэн үндсэн уур амьсгал, нэгдүгээр нөхцөл гэж шинжээчид үзжээ. Хоёр дахь нөхцөл нь Ерөнхийлөгч Пиньера болон түүнийг хэрэгжүүлж байгаа бодлого болсон юм байна.

Одоогийн Ерөнхийлөгч СебастьянПиньера нь 2018 оны эхээр сонгуулиар ялж гарч ирсэн. Хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь тэр байлаа. Үүнээс өмнө тэрээр 2010 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Дараалан сонгогдож болох байсан ч Үндсэн хуулийнхаа дагуу эхний дөрвөн жилийн дараа шууд давтан сонгогдож болохгүй тул нэг ээлж алгасаад гач ирсэн нь тэр байж. Пиньера нь Чилийн эдийн засгийг атгадаг 120 гэр бүл гэгчийн нэгний төлөөлөл, тэрбумтан хүн. Ингэхээр нийгмийн доод давхаргынхан, эсэргүүцэл илэрхийлээд жагсаад байгаа хүмүүс яаж ханддаг нь ойлгомжтой.

Дараагийн нэг зүйл нь тэрээр эхний удаад сонгогдохдоо хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн боловсролын системийн өөрчлөлт. Боловсрол эзэмших нь Чилийн хүн амын дийлэнхийн хувьд нийгмийн хамгийн доод давхаргаас дээш гарч ирэх боломж олгодог нийгмийн бодитоор үйлчилдэг "лифт". Иймд энэ салбарт хийгдэг ямар ч өөрчлөлтийг хүн амын дийлэнх маш соргог, эмзгээр тусган авдаг нь мэдээж. Пиньера нь 2011 онд боловсролын системд дараах төрлийн өөрчлөлт хийхийг оролдсон байна. Үүнд:

-Сургалтын дундаж төлбөрийг бүр өсгөх.

-Төлбөрийг сурлагад гаргасан амжилт ба нийгмийн гарал үүслээс хамаараад ялгаатай болгох.

-Боловсролыг эдийн засгийн хэрэгцээнд нийлүүлэн өөрчилж, чанарыг нь нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл технологийн мэргэжил олгох чиглэлийг дэмжих, гадаад хэлний сургалтын түвшнийг нэмэгдүүлэхэд анхаарах болсон.

Гэтэл ахлах сургуулийн төгсөх ангийнхан ба оюутнууд нь энэхүү өөрчлөлтийг зөвхөн баян айлын хүүхдүүд дээд сургуулийн төлбөрийг дийлж суралцдаг байсан Пиночетын үе рүү буцаж байна гэж хүлээн авчээ. Улмаар олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал, цуглаан их гарах болсон. Ер нь Пиньерог Ерөнхийлөгч хийсэн дөрвөн жилд тасрахгүй байгаад 2014 онд солигдсоных нь дараа л зогссон аж. 2018 онд Пиньера нь сонгуулийн хоёр дахь шатанд ялж ардчилсан замаар ахин сонгогдсон ч хүмүүс эхний удаагийн бүтэлгүйтлээр нь жишсэн хэвээр байсан байна. Улмаар метроны төлбөр нэмсэн эсэргүүцлийн жагсаал болоход дарахын тулд цэрэг, цагдаагийнхныг гудамжинд гарган онц байдал зарласны дараа түүнийг шууд Пиночеттэй зүйрлэх болсон. Үнэн хэрэг дээрээ түүний бодлого нь Пиночетынхоос огт өөр гэдгийг ямар ч шинжээчид баталж чадна.

Гурав дахь хүчин зүйл нь нийгмийн эрх тэгш байдал ба эдийн засгийн өсөлт хоёр хоорондоо нийцэхгүй болж ирсэн явдал гэж шинжээчид үзэж. Пиньера нь Ерөнхийлөгчийн суудалд социалист үзэл баримтлалтай МишельБачелеттэй ээлжлэн сууж ирсэн байдаг. Батчет нь 2006-2010 онд, Пиньера 2010-2014 онд, залгуулаад Батчет 2014-2018 онуудад Ерөнхийлөгч болсон.

Батчет нь 2014 онд Ерөнхийлөгч болохдоо Чилийн бүх боловсролыг үнэгүй болгохоор шийдсэн байдаг. Дунд сургуулиас их дээд сургууль хүртэл бүгдийг төлбөргүй болгож, бүх зардлыг улсаас дааж байхаар болсон байна.

Гэтэл Чилийн төсөв даахад тун хэцүү болсон. Жишээлбэл, үнэгүй боловсролыг авч явахын тулд томоохон компани, үйлдвэрүүдийн татварыг 20 хувь байсныг 25 хувь болгож нэмэгдүүлсэн. Татварыг нэмсэн явдал нь бизнес эрхлэгчид буюу Чилийн эдийн засгийн загварын тулгын чулуу болсон бүлэглэлүүдэд таалагдаагүй. Эдгээр бүлэглэлүүд байдлыг өөрчлөх зорилгоор Пиньераг ахин сонгогдоход голлох үүрэг гүйцэтгэсэн байна.

Гэхдээ Пиньера нь Бачелетийн эхлүүлсэн өөрчлөлтийг зогсоохгүй, зөвхөн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бага зэрэг тохиргоо хийнэ гэдгээ ч амласан. Улмаар эдийн засгийн өсөлтийг жилийн 6-7 хувь болгоно гэсэн. Гэтэл эдийн засгийн өсөлтийг энэ хэмжээнд хүргэхийн тулд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих гэх мэт нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийг зогсоохоос өөр аргагүй болжээ.

Дөрөв дэх хүчин зүйл нь хэт зүүний үзэлт популистууд болсон. Эдийн засгийн өсөлтийг ханахын тулд нийгмийн хөтөлбөрүүдийг танаж, заримыг нь зогсоохыг дагаад нийгэмд бухимдал үүсэхэд шууд цэнгэлийн манлайд хүргэж, бүгдийг эрх тэгш болгон жаргаана гэсэн амлалт бүхий хэт зүүний үзэлт, радикал популист нам, хөдөлгөөн олноор гарч, дайран дээр давс нэмсэн байна.

Энэ бүхэн дээр Франц, Испани, Хонконгт болж байгаа залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөн, мэдээллийн хэрэгслүүдээр тэдгээрийг дэмжиж байгаа байдал нь Чилийн оюутан залууст үлгэр буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэж зарим шинжээч үзсэн байна. Үр дүнд нь нийгмийн олон давхарга бүлэглэлүүд хоорондын хэвийн харилцаа яриа, зөвшилцөл гээч зүйл алга болж "хүү хаа" гэж ганц уухайгаар бүгдийг өөрчлөх гэсэн байр суурь давамгайлсны үр дагавар нь өнөөгийн Чилийн хямрал.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг 5-р сарын 5-нд сүүлчийн замд нь үднэ 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ 8 цагийн өмнө
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно 9 цагийн өмнө
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ Өчигдөр
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ Өчигдөр
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй Өчигдөр
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ Өчигдөр
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа Өчигдөр
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал Өчигдөр
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно Өчигдөр
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна Өчигдөр
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай Өчигдөр
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно Өчигдөр
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно Өчигдөр
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо Өчигдөр
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд Өчигдөр