​ЗАРЧИМ УУ МӨНГӨ ҮҮ

О.Шүрэнцэцэг
2019/10/10

Хонконгийн үйл явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар. Үйл явдал дөнгөж эхэлж байсан дөрвөн сарын тэртээ жагсагчид нь эмх журмыг сахиж байгаа байдал, оролцогчдын хувийн сахилга бат, соёл зэрэг олон зүйлээрээ бүгдийн хүндлэлийг хүлээж байлаа. Эсэргүүцлийн жагсаалыг санаачлагчид өөрсдийгөө эх газрын Хятадаас эрс ялгаатай сэтгэлгээтэй, өөр соёлтой, өөр хүмүүс тул өөр хандлага шаардаж байна гэсэн санааг Бээжинд төдийгүй дэлхийн нийтэд харуулахыг чармайж, харуулж чадсан. Жишээлбэл, түргэн тусламжийн машинд хэрхэн зам чөлөөлж байгаа фото, бичлэг интернэтээр цацагдахад аргагүй л өөр соёлтой хүмүүс юм, Бээжин дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох хэрэггүй, захирч байгаа гэдгээрээ татвараа дуугүй аваад явбал болов гэсэн бодол дийлэнх олонход төрж байсан. Хонконгчууд ч зарчимч хүмүүс гэдгээ харуулж тууштай тэмцсээр санасандаа хүрч дуулиант хуулийн өөрчлөлтийг цуцлуулж чадлаа.

Гэхдээ Бээжин зарчмын өөрчлөлт хийхээс татгалзсан. Ганц хууль батлуулахгүй байж болох ч эх газраас тусгаарлах гэсэн гол шаардлагыг хэзээ ч биелүүлэхгүй гэдгээ эрс хатуу мэдэгдээд байна. Харин хонконгчууд зарчмын өөрчлөлт хийгээгүй цагт мөнгө хийхгүй хэдий бол хэдий удаж чадна гэдгээ харуулан нисэх буудал, метро, банкнуудаа хаалган байж хүч хэрэглэн тэмцэж эхэлсэн. Гэмт бэртсэн хэдэн арван жагсагчид, цагдаа нарын тухай мэдээ, аймшигтай зодоон, түймрийн тухай мэдээ өдөр болгон тасрахгүй байна. Энэ бүхнээс Хонконг асар их хохирол амсаж байгаа нь ойлгомжтой. Их мөнгө үймээн тэмцэлд дургүй гэдэг. Хонконг алдагдал хүлээнэ гэдэг цаагуураа эх газрын Хятад ч асар их алдагдал хүлээж байгаа хэрэг юм.

Товчхон хэлбэл хоёр тал зарчмын асуудалд зарчмын ханддаг гэдгээ харуулж, хар яриагаа бол хоёул гэдийчихлээ. Гэвч зарчим зарчмаараа харин бизнес бизнесээрээ гэдэг нэг асуудал байна. Ямаршуу ээдрээ үүсээд байгаад тод харуулсан нэг үйл явдал дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм. Энэ бол Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн "Хьюстон Рокетс" клубын ерөнхий менежер Дэрил Мори нь аравдугаар сарын 5-нд "Эрх чөлөөний төлөө тэмцэж, Хонконгийн авар" гэсэн бичээс бүхий зураг Твиттер хуудсан дээрээ байршуулсан явдал. Үүнийг тус клубын хятад фэнүүд эрс шүүмжилж, эсэргүүцсэн мэдэгдэл олноор хийж эхлэхэд Мори нь арга буюу постооо устгаж, клубын эзэн Тильман Фертитт нь Мори-ийн байр суурь нь клубын байр сууриас ялгаатай гэсэн утгатай мэдэгдэл хийж, хятад фэнүүдээсээ уучлал гуйсан.

Ингэснээрээ эх газрын Хятад дахь олон сая хөгжөөн дэмжигчид, тэднээс өдөр тутам орж ирдэг сая сая долларыг алдах дургүй байгаагаа клубын удирдлага харуулсан юм. Зарчим хамаагүй, мөнгө чухал гэсэн байр сууринаас хандсан явдал олон хүний дургүйцлийг хүргэлээ.

"The New Yorker" сэтгүүлийн бичиж байгаагаар "Хьюстон Рокетс" баг нь Хятадын алдарт тамирчин Яо Мин тоглож байсан баг, эх газрын Хятад ба NBA-г холбож өгсөн клуб гэдгээрээ энэ бүх үйл явдалд бэлгэдлийн чухал ач холбогдолтой болж байгаа юм. 2002 он Яо Мин нь "Хьюстон Рокетс" багттай гэрээ байгуулан тоглох болсноо сая сая хүн NBA-г нээж байлаа. Тэгвэл 2008 он гэхэд NBA нь "НБА Чайна" нэртэй компани байгуулан Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны нэрийн өмнөөс Хятадад үйл ажиллагаа явуулж, асар их мөнгө олох болсон. Тухайлбал, 2017-2018 оны улирлын тоглолт эхлэх үед NBA-ийн тоглолтууд болон түүнтэй холбоотой контентийг эх газрын Хятадын 600 сая хүн үздэг болж, Ази дахь NBA-ийн стрим бичлэгийн захиалагчдын 1/3 нь эх газрын Хятадын фэнүүд болсон. Өөрөөр хэлбэл эх газрын Хятадаас асар их ашиг олдог, алдвал амаа барихаар хэмжээнд хүрсэн. Нөгөөдүүл нь ч үүнийг мэдрэхийн сайнаар мэдэрсэн тул Дэрил Мори-г Хонконгийн дэмжсэн пост оруулсан даруйд хашраах арга хэмжээг нүд ирмэхийн зуур авчээ.

Дэрил Мори-г твит байршуулснаас хэдхэн цагийн дараа Хятадын сагсан бөмбөгийн ассоциаци нь "Хьюстон Рокетс" багтай бүх талын хамтын ажиллагаагаа түр зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Залгуулаад "Хьюстон Рокетс"-ийн гол спонсорууд "Li-Ning" спортын бараа бүтээгдэхүүний компани, Шанхайн хөгжлийн банк "SPD Bank" нь цаашид ивээн тэтгэхээ зогсоож байгаа мэдэгдсэн. "Хьюстон Рокетс"-ий тоглолтыг дамжуулдаг "Tencent Sports" цаашид дамжуулахаа зогсоож байгаагаа мэдэгдсэн. CCTV Sports нь NBA-ийн тоглолтуудыг дамжуулахгүй гэж мэдэгдсэн. Энэ багийн лого бүхий спортын бүх бараа, бүтээгдэхүүнийг "Taobao" сайтаас алга болсон бол хятад фэнүүд нь интернэтээр Морийг элдэв үгээр харааж зүхэн давшлах болсон.

Энэ бүхний үр дүнд багагүй алдагдал хүлээж эхэлсэн NBA нь "Бид "Хьюстон Рокетс" –ийн Ерөнхий менежерийн Дэрил Морийн зохисгүй мэдэгдэлд туйлын их харамсаж байна" гэсэн хятад хэл дээрх мэдэгдэл байршуулжээ. Энэ бол NBA-ийн удирдлагын хувьд ардчилал, хүний эрх гэх мэт зарчим чухал биш гэдгээ харуулсан хэрэг. Иймд америкчууд NBA-г шүүмжлээд эхэлсэн нь ойлгомжтой. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хоёр намын хүмүүс энд дуугаа нэгтгэсэн гэж болно. Техас мужаас нэрээ дэвшүүлээд байгаа Бето О'Рурк "НБА нь арилжааны ашгаа хүний эрхээс дээгүүр тавьж байгаадаа л уучлал гуйвал таарна. Ичмээр юм" гэсэн бол нөгөө намаас нь нэр дэвшсэн өрсөлдөгч Тед Круз нь "Их мөнгөний араас хөөцөлдсөн НБА ичгэвтэртэйгээр ухарч байна" гэж жиргэжээ. Ингэснээр хадан завсар хавчуулагдсан халиуны "зулзага" болсон НБА дахин мэдэгдэл хийж, эхний мэдэгдэл нь хүмүүс уур уцаарыг хүргэж, ойлгомжгүй байдал хүргэсэн гээд "НБА нь тоглогчид, ажилтнууд, багийн эздэд юу ярих үгүйг нь заахгүй" гэж давтан мэдэгдэл хийсэн ч эх газрын Хятадын уур бухимдал арилсангүй. Цаашид, Хятадын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг АНУ, Өрнөдийн бүх компаниуд байр сууриа илэрхийлэх шаардлагатай тулгарах нь гарцаагүй. Захаасаа зарим нь буулт хийгээд уучлал гуйгаад явж байна.

"Версаче, "Кельвин Кляйн", "Гэп" компаниуд гаргадаг хувцас, вэб сайт дээрээ Хонконг, Төвөд гэх мэт газрыг тусгаар улс гэж харагдуулах бичээс хийсний төлөө толгой дараалан уучлал гуйсан. Энэ бол эдгээр брэндийн хувцасны гол худалдан авагчид хаана байгааг харуулж байгаа хэрэг гэвэл онц хэтрүүлэг болохгүй. "Американ Эрлайнз", "Дельта", "Юнайтед Эрлайнз" гэсэн нисэхийн компаниуд вэб сайт дээрээ Тайваныг тусгаар улс гэж заагаад байснаа арилгасан. Холливуд нь асар том зах зээл дээрх ашгаа бодолцоод кинонууддаа өөрсдөө цензур хийдэг болсон. Хятадын эрх баригчдын зүгээс албан ёсоо ямар ч мэдэгдэл хийлгүй, хориг арга хэмжээ аваагүй байхад эд өөрсдөө сайн дураараа өөрсдийгөө цензурдээд эхэлсэнд хэргийн учир байгааг шинжээчид анхааруулж байна. Ердөө 10-20 жилийн өмнө ийм зүйл болно гэж хэн ч төсөөлж чадахгүй байлаа. Харин одоо байдал нэгэнт эрс өөрчлөгдөж. Хонконгийн эсэргүүцлийн арга хэмжээ, түүнийг тойрсон хүчирхийлэл улам газар авах хандлагатай болсон үед дэлхийн бараг бүх л том компаниуд зарчим чухал уу эсвэл мөнгө чухал гэдэг дээр сонголт хийх шаардлагатай тулгарна гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Сагсан бөмбөгийн "Хьюстон Рокетс" клубын ерөнхий менежер Дэрил Мори нь аравдугаар сарын 5-нд "Эрх чөлөөний төлөө тэмцэж, Хонконгийн авар" гэсэн бичээс бүхий зураг Твиттер хуудсан дээрээ байршуулаад дараан устгасан явдал дөнгөж эхлэл. Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад, Оросоос буу зэвсгээс эхлээд шатдаг хий хүртэл юу ч авсан шийтгэнэ гэж дарамтлаад яваад болоод байгаа Хятадыг харин энэ мэт аргаар хүчрэхгүй болсон бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Куба Улсын Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа 3 цагийн өмнө
Хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх ажлын хэсэг удахгүй хуралдана 4 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ 4 цагийн өмнө
​Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авах боломж бүрдэнэ 6 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Үерийн аюулаас сэрэмжилнэ үү 6 цагийн өмнө
​ Сувилагч мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай 6 цагийн өмнө
Ц.Баатархүү сайд Дорноговь аймагт ажиллаж байна 8 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан эхэллээ 8 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн сувилагчдын өдөр 9 цагийн өмнө
Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 9 цагийн өмнө
Баянхонгор аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ 9 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1693 болжээ Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ. Өчигдөр
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол гатлах гэж яваад энджээ Өчигдөр
“Танкаар айлгадаг шиг УИХ-аар хууль хэлэлцэхээр “Хулгай болно” гэж яг юу яриад байна даа“ Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй Өчигдөр
“Барс” захын хойд замд зам тээврийн ноцтой осол гарчээ 2025/05/10
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана 2025/05/10
Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна 2025/05/10