Л.ЧИМЭДЦОГЗОЛ: ЦУС ӨТГӨРӨЛТТЭЙ ХОЛБООТОЙГООР ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНҮҮД ҮҮСДЭГ

Н.Мижидмаа
2019/08/08

Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, Уламжлалт анагаах ухааны их эмч, АУ-ы магистр Л.Чимэдцогзолтой үе мөчний өвчин, тэр дундаа тулай өвчний талаар ярилцлаа.

-Үе мөчний өвчлөлийн гол шалтгаан нь юу вэ?
-Үе мөчний өвчин олон шалтгаантай. Үүсгэдэг эмгэг, жам нь ч гэсэн янз бүр байдаг. Үе мөчний өвчнийг үүсгэдэг нийтлэг шалтгаан нөхцөл гэж байна. Тэр нь бидний мэдэх идээ унд, явдал мөрийн буруу зохисгүй байдал юм. Тодруулвал, идээ ундны зохисгүй хэрэглээ, улиралдаа зохицуулж хоол ундаа идэж чадахгүйгээс гадна үл тохирох хоолыг хооронд нь хольж иддэг явдал юм. Мөн турах гэж байна гээд хэт их хоолоо сойж, эсвэл шимгүй хоол иддэг. Суудлын ажилтай хэрнээ хэт их шимтэй хоол хэтрүүлж иддэг нь ч бас буруу. Нөгөө талаасаа явдал мөрийн шалтгаан нөхцөл гэж байна. Цусыг ихээр үүсгэх буюу бид нарын хамгийн сайн мэддэгээр цус өтгөрөлт, цус ихсэх, цусны даралт гэх мэт цустай холбоотой эмгэгүүдээс шалтгаалж үүсдэг үе мөчний өвчнүүд байна. Тухайлбал, тулай, хэрх, ясны олон төрлийн эмгэгүүд байна л даа. Хүний наснаас хамаараад эмгэгүүд хоорондоо өөр байдаг. Монголчууд дээр үеэс тамир барагдсан хүнийг чөмөг нь барагдсан гэж ярьдаг. Чөмөг барагдахтай холбоотой ясны өвчин их тохиолддог. Үүнээс гадна хүүхдэд голчлон тохиолддог ясны сийрэгжил гэж өвчин бий. Энэ нь шимгүй хоол унд идсэнээс болж цусанд бодисын солилцоо, цусан хангамж бага ирж, улмаар тамир доройтсоноос болж үүсдэг. Хөгшин настай хүнд илүүтэй яс ургалт, үе мөч ихээр өвдөж хавдах, суухаар босч чадахгүй, босохоороо сууж чадахгүй хөдөлгөөн багасч, үе мөчний үйлдлийн доройтлын өвчин их тохиолддог. Яс ургалт өвчний хувьд илүү шүд гарах, илүү яс ургах, үс хурдан ургах, эсвэл бүр ургахаа болих, хумс хэврэг болох гэх мэт шинж тэмдгүүд гардаг нь ясны шим тэжээлийн бодис дутагдаж байгаатай холбоотой эмгэгүүд юм.
-Тулай өвчний талаар хүмүүс тийм ч сайн мэдээлэлгүй байдгаас хүндрүүлэх тохиолдол их байдаг. Тулай өвчний талаар тодруулахгүй юу?
-Уламжлалт анагаах ухааны онолын үүднээс тулайг хий, цусны хямралаас үүсдэг өвчин гэж үздэг. Идээ ундны зохисгүй хэрэглээ, биеийн хүчний хүчир ажил хийх, өдөр их унтах, шөнө нойргүй болох зэргээр нойрыг буруудуулах энэ өвчин үүсэх маш том шалтгаан. Тиймээс цагийн ажил хийдэг залуу хүмүүст тохиолдох магадлал их байдаг. Мөн цус өтгөрч байгаа нь тулай өвчин үүсэх бас нэг шалтгаан болдог. Эдгээр шалтгаан нийлж бүрдэхээр тулай өвчин үүсч байгаа юм. Гэхдээ цус өтгөрсөн, нойргүй хонолоо гээд тулай өвчтэй болно гэсэн үг биш л дээ. Тодорхой цаг хугацаанд тодорхой үед бүрдэж байж тулай өвчин үүснэ.
-Хэдэн настай хүнд голчлон тохиолддог вэ?
-Хүүхдэд тохиолдох нь ховор. Идэр наснаас эхлээд хөгшин настай гээд ямар ч хүнд тохиолдож болно.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Тулай өвчин гэж шууд таньж болох шинж бий. Энэ нь хөлийн эрхий хуруу, тохой хавдаж, маш их өвчин ордог. Мөн хий, шар бадган, цусны гэмээсээ хамаараад өөр өөр шинж тэмдгүүд ч илэрдэг. Энэ өвчний урьтал үед нуруу болон үе мөч их өвдөнө. Хөл хүндрээд хөлөө чирж доголж эхэлнэ. Цаашлаад хөлийн эрхий хуруу улайж хавдаад маш их өвдөлттэй болдог. Цусны гаралтай тулай өвчин бол өнгө нь улаан өнгөтэй, өвдөлт ихтэй, заримдаа бүр идээ гарах тохиолдол бий. Эмчилгээний хувьд гэмийнх нь эсрэг эмчилгээ хийдэг. Энгийнээр тайлбарлавал бадган, хий гэдэг чинь хүйтэн өвчин, цус шараас болсон гэвэл халуун өвчин гэж ангилж байгаа юм.
-Өвчин үүсээд хэдий хугацаанд энэ шинж тэмдгүүд гарч эхэлдэг вэ?
-Янз бүр. Хийн гаралтай буюу хийний гэм дээр суурилсан тулай өвчин бол их хурдан өвдөөд хурдан намддаг. Бадганы гаралтай бол хавдар нь их, өвдөлт бага, загатнах шинж тэмдэг илэрдэг. Мөн хэдэн насны хүн аль улиралд ямар хоол унд идсэний дараа өвдөж байна гэдгээсээ хамаараад ямар гэм давамгайлсан тулай өвчин байна гэдгийг мэдэж болдог. Жишээ нь, хөгшин хүн зуны улиралд шимгүй хоол унд идээд даарсны дараа юм уу, үдэш үүрээр өвддөг бол хий давамгайлсан тулай өвчин байх магадлалтай. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй.
-Уламжлалтаар тулай өвчнийг бүрэн эдгээх боломжтой юу?
-Цаг хугацаа алдаж даамжрах тусмаа эдгэрэлт нь удаан болчихдог. Тухайн хүний тамир буюу дархлаанаас их шалтгаална. Өвчин ужгираагүй, залуу хүн бол харьцангуй хурдан эдгэрдэг. Гэвч хүмүүс тууштай эмчлүүлэлгүй шинж тэмдэг, өвдөлтийг нь дарсан даруйд эмчилгээгээ орхичихдог нь харамсалтай. Түүнээс биш тулай өвчин бүрэн эдгэрэх боломжтой шүү дээ.
-Тулай өвчний хүндрэл хэрхэн гардаг вэ?
-Бусад эрхтэн системдээ нөлөөлж эхэлдэг. Жишээ нь, бөөрний тамир доройтсоноос болж тулай өвчтэй болж болно. Ийм тохиолдолд бөөр эхлэж өвдөлгүй тулай өвчнөөр илэрч байгаа ч олон жилийн дараа тулай өвчнөөс гадна давхар бөөрний архаг өвчтэй болдог.
-Архи их уудаг хүмүүс тулай өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй гээд байдаг. Энэ үнэн үү?
-Архи нь исгэлэн амттай, халуун чадалтай зүйл. Үүнээс болж цус шарын халуун үүсдэг. Архинд дурладаг, дээрээс нь биеийн хүчний ажил их хийдэг эрчүүдийн хувьд тулайгаар өвдөх магадлал өндөр.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж, шинэчилнэ 8 минутын өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1166 болжээ 12 минутын өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна 17 минутын өмнө
"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг 5-р сарын 5-нд сүүлчийн замд нь үднэ 22 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ Өчигдөр
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ Өчигдөр
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй Өчигдөр
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ Өчигдөр
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа Өчигдөр
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал Өчигдөр
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно Өчигдөр
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өчигдөр
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна Өчигдөр
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай Өчигдөр
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно Өчигдөр
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно 2025/05/01