Түүнийг “Заригийн Өнөрөө” гэдэг. Хэвлэлийн салбартаа ч, олон нийтийн дунд ч сайнтай, муутай хэлэгддэг. Дүрэмгүй, стандартгүй гэж олонтаа шүүмжлүүлдэг ч халуун цэг бүрт тэр зогсож л байдаг. Гол нь хөдөлмөрлөдөг, мэдээлдэг. Тиймээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан, Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “ДҮР СЭТГҮҮЛЧ”-ээр онцлон, ярилцлаа.
-САЙТЫНХАА НЭРИЙГ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСТ “ЗАРИГ” ГЭЖ ХЭЛЭЭД, ҮСЭГЛЭЖ, БИЧИЖ ӨГДӨГ БАЙВ-
-“Зариг” гэдэг үгийн утгыг ярилцлагынхаа эхэнд асууя.
-Эгэл энгийн гэсэн утгатай монгол үг. Үнэн юм өөрөө эгэл энгийн байдаг. Сайтынхаа нэрийг өгөх гэж хоёр сар орчим бодсон. News, Medee зэрэг хэвлэлийн чиглэлийг илтгэдэг бүх үг ер нь эзэнтэй болчихсон. Олдохгүй юм билээ. Толь бичиг эргүүлж сууж байгаад л, “Зариг” гэдэг нэрээ олсон. Эхлээд хүмүүс “Зориг, цариг” гэхчлэн дууддаг байв. Өмнөөс нь Сайтынхаа нэрийг мэдэхгүй хүмүүст “Зариг” гэж хэлээд, үсэглэж, бичиж өгдөг байв. Одоо бол “Зариг” гэхээр харьцангуй сайн мэдээд байдаг болчихсон. Энэ нь их гоё санагддаг.
-Зариг.мн сайт үүсэн байгуулагдаад, хоёр жил болчихлоо. Энэ хугацаанд таны эхлүүлэхдээ бодсон “Нэг ийм хэмжээнд хүргэнэ” гэсэн ерөнхий төсөөлөл хэр сайн биелсэн бэ?
-70 орчим хувьтай биелсэн болов уу. Би телевизийн сэтгүүлчээр найман жил ажилласан. Энэ хугацаандаа телевизийн контентыг сайт руу яаж нэвтрүүлэх вэ гэж их боддог байсан. Тийм ч учраас видео сайт эхлүүлсэн юм. Заавал текс бичээд байхаасаа илүү богино хэмжээний дүрстэй контентууд олон нийтэд хүрэх юм байна гэж бодсон. Миний анх төсөөлснөөс интернетийн үнэ буураагүй ч гэсэн сошиал контентын хандалт, эрэлт хэрэгцээ нэлээд сайн байгаа. Цаашдаа 5G нэвтрээд, интернет хэрэглээний үнэ буурахаар сошиал орчин дахь контентын эрэлт улам ихсэх төлөвтэй байна. Энэ хэрээр сошиал орчин дахь хэвлэл мэдээллийн оролцоо, идэвх нэмэгдээд явна гэж хардаг.
-Телевизэд ажиллаж байх үедээ Зариг.мн сайтынхаа ерөнхий санааг бодоод л явж?
-Телевизийнхээ салбарт үргэлжлүүлэн ажиллаад байж болох л байсан. Хүн цалинжуулна гэдэг хүнд ажил. Хүнээс цалин авна гэдэг бол нэг талын санаа амар ажил. Их удаан бодож байж л шийдвэрээ гаргасан. Сэтгүүлчээр ажиллахгүйгээр өөр бизнес хийж үзье гэж бодсон үе ч байна. Тэгээд сургуулийн цайны газар ажиллуулаад, шал угаагаад хоёр сар орчим болсон. Ингэж ажиллаж байхдаа “Эргээд сэтгүүлчээрээ л ажиллая. Гэхдээ жижигхэн ч хамаагүй, өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байя” гэж шийдсэн юм. Ингээд хоёр жилийн өмнө би дөрвөн ажилтантайгаар шинэ ажлаа эхлүүлсэн. Одоогийн байдлаар бид 18-уулаа болж, өргөжсөн.
-Хэсэг хугацаанд сэтгүүлчээсээ өөр ажил хийж үзжээ. Шалтгаан нь юу байв?
-Би оюутан байхаасаа л мэргэжилдээ маш их хайртай байсан. Сонинуудад мэдээ бичиж өгөөд л гүйдэг байлаа. Мэргэжилдээ маш их хайртай мөртлөө яг ажиллаад явахаар амьдралын баталгаа харагддаггүй. Авдаг хэдэн төгрөгөө байрныхаа зээлэнд өгөөд л, нэг их илүү гарахгүй байх жишээтэй. Нэг тийм баталгаатай бус байдалтай. Маш сайн хөдөлмөрлөөд ч цалингаар амьдрахад хэцүү байдаг. Анх би “Бизнесийн мэдээ” сонинд ажиллаж байхаасаа өгсүүлээд л нэмэлт орлого олохын төлөө зүтгэсэн. Сониныхоо цэвэрлэгчийн ажлыг 60 мянган төгрөгөөр давхар хийж, хажуугаар нь хөдөөний хүүхэд учраас халуун саванд аарц хийж авчраад зардаг байлаа. Нэг халуун сав аарцаа 2 мянган төгрөгөөр ажлынхандаа болон ойр оффисуудад зардаг байв. Тэгээд ч нэг л сайн хүрэлцэхгүй. Тиймээс хэсэг хугацаанд өөр зүйл хийж үзэхийг хүссэн гэх юм уу даа. Сэтгүүлчдийг “Өөрөө ч харагдахгүй, цалин нь ч үзэгдэхгүй” гэж ярьдаг. Энэ нь ч үнэн.
-Цалингаас цалингийн хооронд амьдарч байгаад өөрөө ажил олгогч болсон нь хувь хүний тань хувьд ямар мэдрэмж байсан бэ?
-Ажил хийж байхад цалин буух хугацаа ёстой явж өгдөггүй байлаа. Хүлээгээд л, тоолоод л байна. Ажил олгогч болсон чинь 15 хоног маш хурдтай өнгөрдөг болсон/инээв.сурв/. Манай ажилчид 600-900 мянган төгрөгийн цалин авдаг. Ажил эхлүүлж байгаа зарим хүнийг харахад эхлээд хөрөнгөжихөө боддог. Надад бол эдгээр ажлын байрыг тогтмол хадгалах нь л чухал. Маш том улс төрч эзэнтэй, хөрөнгө оруулагч компанитай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цалингаа төдийлөн сайн өгдөггүй байх нь ч бий. Алдартай том алтны уурхайтай хэвлэл мөртлөө сэтгүүлчдэдээ 500-600 мянган төгрөгийн цалин өгөх жишээтэй. Ер нь сайн ажилтан өөрийг нь үнэлэхгүй байвал ажил олгогчид гомддог. Ингэж гомдоож болохгүй. Би өөрөө ийм замаар явсан учраас аль болохоор л эвтэйхэн цалинжуулаад явъя гэж боддог. Мэдээж санасан хэмжээндээ цалингаа бол өгч чадахгүй байгаа. Гол нь цалингаа нэг ч өдрөөр хоцроохгүйн төлөө зүтгэдэг. Цалин их бага байхдаа биш цагтаа л олгогдож байвал ажилтанд маш их хэрэг болдог. Ийм зарчмаар л ажиллахыг хичээдэг.
-ЗАРИГ.МН СЭТГҮҮЛЗҮЙН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХИЙН
ТӨЛӨӨ Л АЖИЛЛАДАГ-
-Сайтаа үүсгэн байгуулсан цагаасаа хойш нэг тийм дүрэмгүй, стандартгүй юм шиг байдлаар сэтгүүлзүй хийлээ гэх шүүмжлэлд автсаар ирсэн. Энэ нь өөрт тань хэрхэн нөлөөлдөг бэ?
-Одоо ч гэсэн тийм. Өвдөлтийг мэдрээд л явж байгаа. Энэ өвдөлтийг авах цагтаа авч, хаях цагтаа хаях ёстой юм билээ. Олон жил парламентад суусан УИХ-ын гишүүд энэ байдалд дасч өгөхгүй байна. Очоод шууд асуухаар эвгүйцдэг. Заавал туслахаар нь дамжуулж холбогдоод, асуултаа эхэлж өгөн, хариулт аваад явдаг хэвшсэн сэтгэлгээнээсээ салж өгдөггүй. “Чамайг судалсан шүү. Чи Төв аймгийнх юм билээ” гэхчлэн сүрдүүлэг маягийн зүйлүүд улс төрийн хүрээнээс ирдэг.
Компани, ААН-үүдийн зүгээс “Энэ мэдээгээ гаргахаа больчих.Тэдэн төгрөгийн гэрээ байгуулъя” гэхчлэн саналууд маш их ирдэг. Энэ тохиолдолд гэрээ байгуулаад ирэхээр буруу зам руугаа орчих учраас татгалзана. Тэгэхээр зөрүүлээд “Шантаажчин” гэх мэтээр нийгэмд буруу ойлголт их өгнө. Салбарынхаа зүгээс ч тэр, олон жил ажилласан мундаг сэтгүүлчид маань шүүмжилнэ. Энэ болгоноос авахыг нь аваад, хаяхыг нь хаяад явна. Надад ямар нэгэн улс төрч эзэн алга. Том компанийн эрх ашгийг хамгаалах тохироо байхгүй. Тиймээс ч Зариг.мн өөрийнхөө чадлаар сэтгүүлзүйн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Бидний үүрэг ийм л юм.
-Таныхаар хэвлэлийн эрх чөлөө гэж яг юу юм бэ?
-Ерөөсөө л хэн нэгнээс хараат бусаар мэдээ, сурвалжилгаа хүргэж чадаж байвал эрх чөлөөгөө эдэлж байгаа л гэсэн үг. Жишээ нь би хэвлэлийн эрх чөлөөгөө эдлээд явж байгаа сэтгүүлч гэж өөрийгөө боддог. Хэнээс ч гэсэн очоод яриагаа авчхаж байна. Загнуулсан ч хамаагүй. Ямар нэгэн компани дарамталсан ч би биччихэж л байна. Том дарга нарын сүрдүүлэг, гүтгэлгийг сөрөөд л мэдээллээ бэлтгэж чаддаг. Тэгэхээр би хэвлэлийн эрх чөлөөтэй л ажиллаж байна гэж боддог. Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө боогдмол байна, хуульгүй байна гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд бол маш эрх чөлөөтэй ажиллаж байгаа.
-Өнгөрсөн хугацаанд танайд хэн нэгнийг гүтгэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн хуулиар шийтгэгдсэн тохиолдол гарсан уу?
-Зариг.мн сайттай холбоотой арваад өргөдөл хуулийн байгууллагад очсон байдаг. Түүнээс нэг тохиолдол дээр 2 сая төгрөгөөр торгуулсан. Тэр нь, НМХГ-ын даргыг ажлынхаа байран дээр байхгүй байна гэж шүүмжилж бичсэний төлөө өргөдөл гаргаад, энэ дагуу прокуророос торгосон. Цаашлаад шүүхэд хандаад явах боломж байсан хэдий ч би хүүхэд төрүүлэх үетэй зэрэгцсэн учраас өмгөөлөл ч хүсээгүй өнгөрсөн.
-МЭДЭЭГЭЭ УСТГАЧИХ. ТЭДЭН ТӨГРӨГ ӨГЬЕ, АМ.ДОЛЛАР АВАХ УУ ГЭХЧЛЭН ЯРЬДАГ-
-Шантааж хийдэг гэх шүүмжлэл хэвлэлийнхнийг тойрч өнгөрдөггүй. Хаалтын гэрээ хийх санал их ирдэг үү?
-Хаалтын гэрээ хийх санал шууд байдлаар ирдэг нь үнэн. Зөндөө ирдэг. Мэдээгээ устгачих. Тэдэн төгрөг өгье, ам.доллар авах уу гэхчлэн ярьдаг. Монгол жижигхэн. Би тэр мөнгийг авлаа л бол шууд илчлэгдэнэ. Интернет орчин хөгжсөн, иргэдийн хяналт сайжирсан шилэн үед бид амьдарч байгаа. Тиймээс надад “Энэ мэдээг чинь нийтэллээ” гэхчлэн шантааж хийх сэдэл төрдөггүй. Ажиллаж байгаа талбарын онцлогоороо ч тэр. Шууд лайв хийчихдэг учраас нэг талдаа тохирох, наймаалцах боломжгүй юм. Лайвыг устгуулах хүсэлт маш их ирдэг. Гэхдээ Зариг.мн нэг ч удаа шууд лайваа устгаж байгаагүй. Мэдээж бүх хүнд таалагддаггүй. Заримдаа доромжлуулах нь ч бий. Хааяа мохоод, жаахан уйлдаг. Гэхдээ зүгээр ээ.
-Шууд дамжуулалт хийж дадах чиглэлд сэтгүүлчдийг сургах нь хэр хүндрэлтэй байна?
-Эхлээд би ганцаараа лайваа хийдэг байсан. Одоо дөрвөн сэтгүүлч маань энэ чиглэлд нэлээд сайн мэргэшиж байна. Гол нь тухайн сэдвээрээ маш сайн мэдээлэлтэй болж байж оч. Өөртөө итгэлтэй, ялгарах өнцөгтэй бай л гэж зөвлөдөг. Өглөөний хурал дээр алдаа оноог нь сайн хэлж өгөхийг хичээдэг. Шууд дамжуулалтын үеэр хэн ч ямар алдаа гаргах эрсдэлтэй. Гэхдээ бодит мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байгаа учраас хянамгай байгаад, үйлдэлдээ сайн анхаарахад болчихдог. Гол нь алдаа оноогоо л сайн ярилцаж байж урагшилдаг. Миний гаргадаг алдааг бусад сэтгүүлчид маань битгий давтаасай гэж хүсдэг. Сэтгүүлчдээ сургалтуудад суулгаж, чадавхжуулах чиглэлд хэрэндээ л анхаарч байна. Ер нь сэтгүүлч хүн ажиллаж байх хугацаандаа байнга мэргэшиж, урагшлах тэмүүлэлтэй л байх ёстой юм.
-“Лайв бол сошиалд зориулсан контент. Тиймээс яг сэтгүүлзүй гэж үзэх нь өрөөсгөл” гэх шүүмжлэл явдаг. Энэ тухайд?
-Шүүмжлэлийг хүлээж авдаг. Гэхдээ юмс хувьсан өөрчлөгдөж, технологийн шинэчлэл тасралтгүй явагдаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сошиалд маш их хандалттай гэж хүмүүс ярьдаг. Гэтэл сошиал гэж хэн юм. Сошиалын ард хүмүүс л байгаа. Энэ хүмүүст янз бүрийн аргаар л мэдээлэл түгээж байгаа. Энэ хэлбэрүүдийн нэг нь лайв юм.
-ЗАРИГ.МН-Д АНХНААСАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙГААГҮЙ-
-Хувийн шинжтэй асуулт асууя, уучлаарай. Таныг хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүсгэн ажиллаад, маш их баяжсан гэж ярьдаг. Үүнийг асуухгүй өнгөрвөл бас болохгүй юм?
-“Баяжсан”. Би 4 хүн цалинжуулж эхэлсэн бол одоо 16 хүн цалинжуулж байна. Гар утсаараа лайв хийж эхэлсэн. Одоо манайх дөрвөн газраас зэрэг лайв явуулах хүчин чадалтай болсон. “Танил хүн”, “Бизнес өрөг”, “Зариг Монгол”, “Хөшигний ард” гээд бие даасан дөрвөн нэвтрүүлэг хийж, олон нийтэд хүргэж байна. Мөн бид Малчин, Рояал тв-үүдийн “Халуун цэг” мэдээллийн хөтөлбөрийг бие даагаад гаргадаг. Өдөр тутмын үйл явдлуудыг цаг алдахгүй, газар дээрээс нь сурвалжилж байна. Үүнийг баяжих гэж нэрлэнэ биз дээ. Ажлын хувьд ийм баялаг байгаа. Мэдээж хувийн амьдралд ч өөрчлөлт гарсан. Учир нь, бид ажиллаж, хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ энд нэг сонин өөнтөгч хандлага намайг дагадагт л асуудал байгаа юм. Өөрөө ТВ5 телевизийн захирал ямар машин унадгийг хүмүүс сонирхож байсныг үзсэн үү?
-Үгүй.
-Харин тийм. News.mn сайтын эрхлэгч нь ямар машин унадаг, хаана амьдардаг нь ч хамаагүй. Үүнийг мэддэг ч үгүй. Гэтэл бид тэдний л нэгэн адил ажил олгож, нэг төрлийн бизнес эрхэлж байна. Одоо миний насны ихэнх сэтгүүлчид нь аль нэг албан байгууллагад харьяалагдаж байгаа. Тэгэхээр нэг нь шууд ажил олгогч болчихоор гайхаж хардаг шиг байгаа юм . Харьцуулж үзэх нь ч бий. Энэ нь ч буруу биш.
-Хэвлэл мэдээллийн дийлэнх хэсгийг улс төрчид эзэмшдэг. Тиймээс ч шинэ тутам хэвлэл үүсэхээр ард нь улс төрч байгаа гэсэн хардлага явдаг. Зариг.мн яг ийм улс төрийн хүрээний санхүүжүүлэгчтэй юу. Хардлага бол маш их явдаг?
-Хэвлэлийн эзэд маш тодорхой байдлаар ил тод явдаг. Улстөрчид өөрийн хэвлэлээр дамжуулан өрсөлдөгчөө намнадаг үзэгдэл хэвийн болсон. Зариг.мн-д анхнаасаа хөрөнгө оруулагч байгаагүй. Нэг их хөрөнгөөр ч босоогүй. Гар утсаараа лайваа хийж эхлээд, нэг камертай болж байсан. Хамтран ажиллах гэрээгээр хэвлэлүүд зардлаа нөхдөг. Зариг.мн сайт өнгөрсөн хугацаанд нэлээд сайн бэхэжсэн учраас ААН-үүд, албан байгууллагууд хамтран ажиллах санал тавьдаг. Энэ хэлбэрээр л амьдарч байгаа. Би Зариг.мн-ийг 100 хувь өмчилдөг. Мэдээж хувь эзэмшье, тодорхой хувиа зарчих гэсэн саналууд их ирдэг. Би яг бизнес талаас нь ажлаа харж чаддаггүй учраас ийм саналаас айдаг. Сэтгүүлчээ хийгээд явахад л болно гэж хараад байна. Улс төрчдөөс хамтраад хэвлэл мэдээлэл үүсгэе. Манайд захирлаар ирээч гэхчлэн санал тавьдаг.
Ж.МЯДАГБАДАМ
эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна