УИХ-ын дарга Н.Учрал анхны албан айлчлалаа ОХУ-д хийсэн нь геополитикийн хувьд асар том ач холбогдолтой үйл явдал болов
Олон сар дамнасан Орос-Украйны дайн ОХУ-ын эдийн засаг төдийгүй олон улсыг түшиглэсэн бүх бизнесүүдийг сульдааж байна гэхэд хилсдэхгүй. Барууны ихэнх орнууд харилцаагаа хумиад буй энэ цаг үед Монгол Улс хөршийн бодлогоо тогтвортой хадгалж, бизнесийн төлөөллүүдийн хамт Орос орныг зорьсон нь УИХ-ын дарга Н.Учралын хувьд “дахиад нэг алхах” бодлогын эхлэл хэмээн харж болохоор байна.
Биднийг Москвад газардахад нэгдүгээр сараас хойш тасралтгүй орсон цас хотыг бүхэлд нь хучиж, зам талбайн хунгар цас өвлийн жинхэнэ төрхийг илтгэж байв. Хот шинэ жилийн уур амьсгалаасаа бүрэн салаагүй, гудамж талбайн гэрлэн чимэглэлүүд гялалзаж, төв талбайн ойролцоо баярын өнгө аяс хадгалагдсан хэвээр байлаа. Дайны тухай мэдээ дэлхий нийтийг донсолгож байгаа ч нийслэл Москва хотод амьдрал өөрийн хэмнэлээр үргэлжилж, хүмүүс ажил амьдралынхаа урсгалаар яаран холхилдоно. Гадаад ертөнцийн геополитикийн хурцадмал, хүнд байдал, хотын өдөр тутмын амгалан дүр зураг хоёр зэрэгцэн орших энэ үзэгдэлд парламентын түвшний айлчлал эхэлсэн юм.

ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ: ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООТОЙ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Айлчлалын эхний өдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 9-нд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комисс-ын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаев-тай уулзаж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсны батламжийн ноотыг гардууллаа.
Евразийн эдийн засгийн холбоо нь Орос, Казахстан, Беларусь, Армен, Киргиз зэрэг орнуудыг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн интеграцийн байгууллага бөгөөд гишүүн орнууд хоорондоо чөлөөт худалдаа, стандартын уялдаа, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилготой. Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд оролцож, экспортын бүтээгдэхүүнээ илүү хялбар нөхцөлд нийлүүлэх боломжтой болж байна.
Тооцоолсноор, хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын экспорт 24.1 хувиар нэмэгдэх таамаглалтай. УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ, хэлэлцээрийн хэрэгжилт нь аж ахуйн нэгжүүд болон иргэд бодитоор үр шимийг хүртэх нөхцөлийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой гэдгийг онцлов. Түүнчлэн гаалийн болон техникийн стандартын зөрүүг арилгах, тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг үе шаттай бууруулах, харилцан ашигтай орчныг бүрдүүлэх шаардлагатай гэв. Мөн УИХ-ын дарга Н.Учрал түр хэлэлцээр нь ХАА салбарт нэмэртэй, ашиглаж чадвал үр өгөөжтэй талаар дурьдсан. Евроазийн зах зээлд Монгол Улсын талаас гарах 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 98 хувь нь ХАА салбартай хамааралтай байгаа юм.
Хамтын ажиллагаа, шинэ боломж
Хэлэлцүүлгийн үеэр Монгол, Оросын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь бараа бүтээгдэхүүний чанар, стандартын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны худалдаа, экспортын урсгалд шууд нөлөө үзүүлэх алхам болов.
“Монгол-Оросын бизнес форум”
Монгол-Оросын бизнес форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл, Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл оролцлоо. Форум нь зөвхөн танилцах уулзалт бус, хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд шинэ харилцаа, хамтын ажиллагааны боломжийг бодитоор нээсэн арга хэмжээ болов. Үйл ажиллагааны үеэр худалдаа, хөрөнгө оруулалтын орчин, бүтээгдэхүүний экспортын боломжуудыг хэлэлцэж, хөрөнгө оруулалт татах, шинэ нийлүүлэлтийн сүлжээ байгуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түвшинг сайжруулах зэрэг тодорхой асуудлуудыг хөндлөө.
Энэ форум нь Монгол Улсын экспортод шууд ашигтай бөгөөд бараа бүтээгдэхүүний стандарт, чанарын нийцэл, логистикийн үр ашиг зэрэг олон талын асуудлыг шийдвэрлэх суурь болж байна. Худалдааны түр хэлэлцээр, итгэмжлэлийн санамж бичиг, парламент хоорондын дэмжлэг нь зөвхөн бизнес эрхлэгчдэд биш, эдийн засгийн ерөнхий өсөлт, экспортын урсгалд эерэг нөлөө үзүүлэх үндэс суурийг тавьж байна.
Форумын үр дүнд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн Оросын зах зээлд илүү тогтвортой нийлүүлэх, гаалийн болон стандартын саад бэрхшээлийг багасгах, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэж, олон салбарын аж ахуйн нэгжүүд эдийн засгийн бодит үр шим хүртэх таатай нөхцөл үүсчээ. Ийнхүү Москва дахь форум нь хоёр орны бизнесийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бэхжүүлэх стратегийн алхам болж байна.
ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан болж, улс төр, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчны салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Хуралд Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, хамтын ажиллагааны Комиссын Монголын хэсгийн дарга Б.Пүрэвдорж, Оросын талаас Төрийн Думын орлогч дарга, хамтын ажиллагааны Комиссын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев оролцов.
Хоёр талын хэлэлцээний гол зорилго нь хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, улмаар худалдаа, экспорт, хөрөнгө оруулалтын урсгалд эерэг нөлөө үзүүлэхэд оршиж байлаа. Энэ парламентийн түвшний хамтын ажиллагаа нь зөвхөн улс төрийн түвшинд бус, бизнес, эдийн засгийн бодит үр шимийг хүртээх стратегийн алхам юм. Ингэснээр Монгол Улс экспортын бүтцээ төрөлжүүлэх, ЕАЭЗХ болон Оросын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх, гаалийн болон стандартын саад бэрхшээлийг багасгах боломжтой болж байна. Москвагаас эхэлсэн энэ парламентын айлчлал нь бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлж буйг харуулж байна.
Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болсон. Хуралдаанаар газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байсан юм. Гуравдугаар хуралдаан 2027 онд Монгол улс, Улаанбаатар хотод болох төлөвлөөгөөтэй байгаа гэв.

Шатахууны агуулах
Манай улсын хувьд шинэ ардчилал тогтсоноос хойш буюу 30 гаруй жилийн хугацаанд ОХУ-тай шатахуун тасралтгүй нийлүүлэх гэрээг хийж байгаагүй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын талд шатахууны агуулах түрээслэх санал тавьсан, тус талаас судлъя, дэмжинэ гэсэн агуулга илэрхийлсэн. Мөн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх холбогдох хэлэлцээрийг хоёр талдаа соёрхон батлах шаардлага бий гэв.
Хоёр улсын парламент нягт хамтран ажиллана
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко-той уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн. Уулзалтын үеэр хөрш орнуудын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, мөн Монголын их өрийг дарахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенког төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнасныг УИХ-ын дарга Н.Учрал гардууллаа
Харин ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко "Парламентын залуу спикер" -ийн хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан хамтын ажиллагааны яриа хэлэлцээний бодитой хэрэгжилтийг чухалчлан, манлайлж байгаад талархал дэвшүүлээд амжсан.
Талууд эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, байгаль орчин, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр улсын парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.
81 жилийн өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад баталгаажуулсан Ялтын гэрээг баталсан түүхт энэ өдөр уулзаж буйд бэлэгшээж Рузвельт, Черчилль, Сталин нарын зургийг харуулсан 1945 оны “Правда” сонины эх хувийг дурсгав.
Москвагийн айлчлал нь зөвхөн протоколын уулзалтуудын жагсаалт байгаагүй. Геополитикийн хувьд хуваагдал гүнзгийрсэн, эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжилж буй энэ үед Монгол Улс хөрштэйгээ харилцах бодлогыг боловсон, зөөлөн арга барилаар баталгаажуулж байгааг харууллаа.
УИХ-ын дарга Н.Учралын айлчлал нь хөрштэйгээ тэнцвэртэй, бодит ашиг сонирхолд тулгуурласан хамтын ажиллагааг ахиулах оролдлого болж байгаа нь тодорхой байв.
Геополитикийн салхи ширүүссэн энэ үед Монгол Улс өөрийн орон зай, эдийн засгийн боломжоо хамгаалах зэрэг бодлогын алхмуудыг дараагийн шатанд гаргаж, бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулахыг зорьж эхэлсэн нь анхаарал татаж байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна