Бид алтан дээр суусан "гуйлгачин" хэвээр үлдэх үү

Л.Бямбажав
2026/02/10

Дайн,  тарифын бодлого, геополитик...Эдгээр үгс өнөөдөр бидний амьдралын өдөр тутмын нэг хэсэг болжээ. Хойшид олон улсын чиг хандлага хаашаа эргэх нь тодорхойгүй, хямралын салхинд  улс орнуудын аюулгүйн баталгаа нь алт болж байна. Эрэлт, хэрэгцээгээ дагаад  дэлхийн зах зээлд шаргал металлын ханш цойлж 2026 он гарсаар 5000 ам.долларыг давснаар  түүхэн дээд хэмжээгээ дахин шинэчиллээ. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахин өссөн алтны үнийг  Монгол Улс ярьсаар алтан боломжоо ашиглаж чадсангүй. Ёстой л  алтан дээр суусан гуйлгачин хэвээрээ байна. Салбарын сайд Г.Дамдинням ч аргаа барахдаа  ингэж ярьж суух вэ дээ.

УРТ НЭРТЭЙ ХУУЛИЙН ДӨНГӨ

Алтны салбарын хөгжлийн хурдыг тодорхойлогч нэг гол хүчин зүйл нь уул уурхайн хууль эрх зүйн тогтвортой орчин байдаг.  Хэдий  Монгол Улс алтны арвин нөөцөөрөө дэлхийд гайхагддаг ч газрын хөрсөн доорх валютаа хав дарсаар өдий хүрсэн шалтгаан нь урт нэртэй хууль.  Товчхондоо, энэ хууль эдийн засгийн цусны эргэлтийг боомилсон нь нууц биш.

2009 онд  хуулийг баталсан даруйд алтны салбар уруудах эхлэл нь болж байлаа. Жилдээ 24 тонн хүртэл өссөн  алт тушаалт дараа жил нь /2010 он/ шууд хоёр тонн болтлоо буурсан байдаг. Өнөөдөр ч урт нэртэй хуулийн урхаг арилаагүй нь Монголбанканд тушааж буй алтны хэмжээ жил бүр буурсан дүнгээс харж болно. Жишээ нь, 2022 оноос хойш сүүлийн дөрвөн жил дараалан алт тушаалт 20 тоннд хүрээгүй буурсан дүнтэй байна. 

 

                                   ЛИЦЕНЗИЙН “ТҮГЖЭЭ”-Г ТАЙЛАХ ЦАГ

Шалтгаан нь эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж ашиглаж чадаагүй алтны олон  үндсэн ордоо бид “түгжиж” орхисон явдал. 2010 оны 4 дүгээр сард шинээр лиценз олгохыг бүрэн хориглосон тухайн үеийн Засгийн газрын шийдвэр нь лиценз олголтыг “цоожилж” орхисон нь өнөөдрийг хүртэл Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлын гадна орхигдоход хүрэв.  Ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 105 алтны ордод нийт 572.2 тонн алтны нөөц бүртгэгдсэн байдаг бөгөөд үүнээс 82 алтны үндсэн орд (347.1 тонн нөөцтэй) нь хүчинтэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Гэсэн хэдий ч эдгээрийн дөнгөж 14 ордод тодорхой хэмжээний олборлолт хийгдэж, үлдсэн 68 алтны үндсэн орд (нийт 228.7 тонн алтны нөөцтэй) нь ямар нэг хуулийн шууд хориглолтгүй мөртөө одоог хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй. Тиймээс лицензийн түгжээг одоо л тайлахгүй бол хөгжлийн тухай яриа мөрөөдөл төдий үлдэх нь тодорхой биз. 

“АЛТ-III”: АВДРЫН ЁРООЛД ХАВ ДАРСАН АЛТАА ГАРГАХ УУ

Угтаа бол шаргал металлын эдийн засагт үзүүлэх өгөөж нүүрстэй харьцуулахааргүй. Валютын нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадаад валютын эсрэг төгрөгийн үнэ цэнийг хадгалж, инфляцын эсрэг хатуу хамгаалалт болж өгдөг. Харин үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж,  ханш савлаж, инфляц хөөрөгдөхөөс эхлэн  түүхий эдээс шалтгаалсан эдийн засаг муудах бүрт алт  гал унтрааж аминд орсоор ирсэн. Цар тахлын үед улс орнууд хилээ хааж, нүүрсний экспортын орлого тэг заахад монголчууд  онгоцоор алтаа зөөж, амь зогоож байсан нь саяхан.

Харин цаашид алтны үнэ өсөхөд бид өчигдөр, өнөөдрийнх шигээ алтны үнийн өсөлтийг гайхаж суухын   оронд бодит өгөөжийг нь хүртэхийн тулд өнөөдөр  төр, хувийн хэвшилгүй хичээх ёстой. Авдрын ёроолд хав дарсан алтаа гаргаж ашиглаж “сурах”-ын тулд төр нь хууль эрхзүйн орчноо  эргэн харж,  чөдөр болсон хуулийн зүйл заалтуудаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нээлттэй болгох чиглэлд өөрчилж, цаасан дээрх том төсөл нэртэй овоолсон шороонуудаа алт болгох цаг нь болсон. Үүний хамгийн том хөшүүрэг нь “Алт-III” аян байх болно. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр дунд хугацаандаа 45 алтны үндсэн ордын нийт 129.4 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тушаах алтны хэмжээ жилд 10 тонноор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ нь одоогийн ханшаар  1.5 тэрбум ам.доллар орчим болох юм.  Иймд өнөөдөр орлогын үүцээ задлах нь нэн тэргүүний ажил. Энэ агуулгаараа  Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас эдийн засгийн эргэлтэд оруулах чухал ордын жагсаалт гаргаж Засгийн газарт тогтоол батлуулахаар зэхэж  байгаа аж. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр