Говь хангай хосолсон хонгор нутгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг үзэж сонирхохоор Монгол бөхийн өргөөнд ирсэн олонд “Сэгс цагаан богд” найраглалаар сэтгэлийн цэнгэл мэдрүүлж, бахархал, омогшил төрүүлсэн А.Баясгаланг онцолж байна. Тэрээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалыг уран яруу, үг бүрээ мэдэрч уншсан нь сонссон хүний сэтгэлийн утсыг хөндөж чадлаа. Сурч хөдөлмөрлөх гэгээн хүслээр дүүрэн, ухаалаг, сэргэлэн адтай охин А.Баясгалан алдарт “Сэгс цагаан богд” найраглалын гол дүр болох тэмээчин бүсгүй Н.Сүхбат агсны ач билээ.
-“Сэгс цагаан богд” найраглалыг өөрийнхөөрөө мэдэрч уншсан нь олны таалалд нийцлээ. Танд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэе. Сонссон хүн бүр найраглалыг гайхалтай мэдэрч, уран яруу уншсан гэж дүгнэж байна?
-Төрөлх сумынхаа 70 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр “Сэгс цагаан богд” найраглалыг Монгол бөхийн өргөөнд очиж уншсан. Нутгийн олон, үндэсний бөхийн шимтэн үзэгчид төдийгүй Монгол түмнийхээ сонорыг мялааж сайхан найраглалаа уншихад онцгой шинэлэг мэдрэмж төрсөн. Зүгээр нэг шүлэг унших өөр. Харин “Сэгс цагаан богд” найраглалыг уншихад мөр, шат бүр нь тэр цаг үеийн эмээгийн бодол, сэтгэл, нутаг усны өнгө ямар байсан бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм. Уншихад төрдөг мэдрэмж нь миний өссөн орчин, амьдралтай минь дэндүү ойр. Тиймээс энэ найраглалыг өөрөөрөө дамжуулж Монгол түмэндээ хүргэх таатай сайхан санагдсан шүү.

- Сайхан утга, чамин зүйрлэлээр бичсэн Ардын уран зохиолчийн алдартай найраглалыг мэдэхгүй хүн ховор. Найраглалын аль хэсэг сэтгэлийг нь илүү татдаг вэ?
-Найраглалаа бүтэн уншихыг хичээсэн. Гэхдээ бөхийн барилдаан ч тэр аливаа арга хэмжээ цаг хугацаатай учраас бүтнээр нь уншихаар хэтэрхий сунжирна. Тиймээс зарим бадгийг нь алгассан. Би найраглалын төгсгөлийн хэсэгт дуртай, сэтгэл их хөдөлдөг.
“Маргад тэнгэрийн чулуун зүмбэр
Манант говийн үүлэн сүмбэр
Сэгс Цагаан Богд ууланд
Сэтгэл байвал жаргал байна
Аяны чинь дөрөөг
Сүү өргөн мялаая
Алсын чинь харгуйг
Сүй болгон хүлээе
Баяртай найз минь”
Энэ хэсгийн утга нь эмээ маань тэр залууд сэтгэлтэй ч говь нутагтаа сэтгэл хоргодоод байна. Тиймээс явж чадахгүй, чамд намайг гэсэн сэтгэл байвал говьд ирээрэй гэдэг санааг илэрхийлж байгаа юм.

-Сайхан дурсамж мартагдашгүй түүх болж үлддэг. Эмээтэйгээ өнгөрүүлсэн үнэ цэнтэй цаг мөч олон байгаа болов уу. Найраглалын тухай ямар хууч дэлгэж байсан бэ?
-Миний эмээ тэмээчин бүсгүй. Шинэжинст суманд төрж, бүхий амьдралаа нутагтаа өнгөрүүлсэн. Амны билэгтэй, муу үг хэлдэггүй сайхан энергитэй хүн байсан. Санаа зөв бол заяа зөв гэдэг сургаалыг хайрладаг байсан нь сэтгэлд тод үлджээ. “Сэгс цагаан богд уул шигээ өндөр, Сэгс цагаан богд уул шигээ баян яваарай” гэж ерөөдөг байсан даа. Хүүхэд насны минь мартагдашгүй сайхан дурсамжууд Н.Сүхбат эмээтэй минь салшгүй холбоотой. Аливааг таньж мэдээд тэмээний нуруу дээр гарахад эмээ л хажууд байсан.
Найраглалын талаар эмээ надтай хуучилж байсан. Эмээ одоогийн над шиг буюу 17, 18 настай охин байхад нь “Сэгс цагаан богд” найраглалын гол дүр болох аз завшаан тохиосон гэдэг. Тэртээ 1969 оны аравдугаар сарын 15-ны өдөр яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Долгорын Нямаа тэргүүтэй зохиолчид Шинэжинст сумын нутаг Зах гурван бамбууд явж байхдаа эмээгийнд саатсан юм билээ. Тухайн үед эмээ залуухан үзэсгэлэнтэй охин байсан нь тодорхой. Эмээ хээрээс хулангийн унага олоод сүүгээр тэжээж, эзгүй говьд ээжтэйгээ амьдарч байсан нь зохиолчдод өвөрмөц, сонирхолтой санагдсан гэдэг. Тэд наргианч зангаар “Сайхан хотын хөөрхөн хархүү, тэнэгэр говийн тэмээчин бүсгүй” хэмээн тоглож хэлсэн мөртөөс өнөөдөр ч үл хуучрах найраглал төрсөн гэж эмээ дурсаж байсан юм. Эмээ тэмээндээ яваад нар шингэх үед гэртээ харихад олон сайхан хүмүүс гэрт нь ирсэн байжээ. Ингэж л найраглал бичигдэх хувь тохиол бий болсон юм. Эмээтэйгээ өнгөрүүлсэн дурсамж, амттай сайхан ярианы нэг нь энэ түүх.
Би долоон настай байхдаа сайхан утга, чамин зүйрлэлээр бичсэн “Сэгс цагаан богд” найраглалыг мэддэг болсон. Эмээтэй холбоотой нэвтрүүлэг Монголын үндэсний телевизээр гарсан. Энэ үед найраглалын талаар ойлголт авч билээ. Эмээгээ ийм сайхан найраглалд дүрээ мөнхөлсөн хүн гэдгийг нь мэдэж, бахархсан. Бүрэн эхээр нь наймдугаар ангид байхдаа цээжилсэн. Найраглалд гардаг Зах гурван бамбуу гэж газрыг сайн мэднэ. Аав ээж маань Шинэжинст сумынх. Манай гэр бүл одоог хүртэл найраглалд өгүүлдэг Зах гурван бамбууд нутаглаж, сайхан байгалиа ариун дагшнаар нь авч үлдэхийг хичээдэг. Тэнд эмээгийн тарьсан торой мод, гэрийн буурь, мартахын аргагүй сайхан дурсамжууд, нандин бүхэн минь бий. Найраглал болон байгалийн сайхныг нь мэдэрсэн хүний хувьд нутаг усаараа бахархаж, хайрладаг. Миний нутаг Шинэжинст сум агуу түүхтэй, Баянхонгор аймгийн отгон сум. Одоо ч өвөл, зун хичээлийнхээ амралтаар очдог. Нутагтаа очихоор сэтгэл хөдөлж, самсаа шархирдаг. Тэр сайхан байгаль, найраглалын мөр, шат бүр нь амьдралтай минь холбоотой. Энэ бүхнийг эргээд дурсахад эмээ маань говь нутгийн төгс илэрхийлэл болсон лусын дагина лугаа байгальтайгаа уялдаа холбоотой байжээ. Нутгийнхныхаа хайр, хүндлэлийг хүлээсэн сайхан эмэгтэй байсныг нь дурсах таатай байна.
-Эмээ нь ямар зан чанар, дадал зуршилтай хүн байсан бол. Хөдөөний хүмүүс завгүй хөдөлмөрлөдөг шүү дээ?
-Эмээ их намбатай, сайхан хоолойтой хүн байсан. Монгол ардын дуунуудад сүү үнэртсэн ээж гэсэн утга бий. Яг л үүн шиг сайхан эх хүн байсан гэж тодорхойлмоор байна. Нөгөөтээгүүр уламжлагдаж ирсэн өв соёлоо тээж, тэмээчин хүний амьдралаар энэ насаа туулсан тийм л дайчин эмэгтэй. Ингэ саадаг, их ажилсаг, хөдөлмөрч гээд сайхан чанар их бий. Ингэ тэмээгээ номхруулдаг цог жавхлантай, сүү мэт сэтгэлтэй бүсгүй байсан даа. Сүүлийн үед хүмүүс эмээг залуу насандаа над шиг эмэгтэй байсан байх гэж дурсдаг. Үзэсгэлэнтэй, хөдөлмөрч эмэгтэй байсан учраас найраглалын гол дүр болсон болов уу.

-Сайхан эмээгийн үргэлжлэл болсон охин ямар мэргэжлээр суралцаж байна. Шүлэг найраг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?
-Уран зохиол болон хэлний чиглэлийн хичээлдээ их дуртай байсан. Бидний монгол хэл бусад улсын хэлнээс өвөрмөц яруу, утга төгөлдөр. Бүхий л сэтгэл хөдлөл, агуулгуудыг уран яруугаар илэрхийлэх боломжтой. Тиймдээ ч сонирхлыг маань татдаг. Дунд ангиас уран зохиолын хичээл орж эхлэхэд ангийнхныхаа өмнө гараад шүлэг уншсан. Ингэж л яруу найрагт дурласан. Сургуулийнхаа уран жиргээ, аймгийн хэмжээний уралдаан тэмцээнд оролцохдоо түрүүлж, шагналт байр эзэлж байлаа. Энэ бүхэн минь өнөөдөр “Сэгс цагаан богд” найраглалыг хүмүүст зөв сайхнаар хүргэх түлхэц болсон гэж харж байна. Сонирхуулахад, “Сэгс цагаан богд” найраглалын 50 жилийн ой 2019 онд тохиосон. Сурагчдын дунд найраглалын тэмцээн зохион байгуулагдсан. Би дунд ангийн сурагчдын төрөлд найраглалаа уншаад түрүүлж байлаа. Түүнээс долоон жилийн дараа дахин найраглалаа уншсандаа баяртай байна.
Гэр бүл, найз нөхөд ойр тойрныхон маань намайг урлагийн хүн болно гэж хэлдэг байсан. Кино дэлгэцийн мэргэжил, хэл зохиолоор суралцаарай гэж хэлэхийг ч сонсож явлаа. Хэл, уран зохиол миний хобби учраас ямар ч мэргэжил сонгосон орхихгүй. Би МУИС-ийн IT инженер мэргэжлийг сонгосон, одоо хоёрдугаар дамжааны оюутан. Мэргэжлээ сонгоход аав ээж маань миний шийдвэрийг хүндэтгэсэн. Би комьпютерын ухааныг эзэмших хүсэлтэй байсан учраас багш нартайгаа зөвлөлдөөд, ирээдүйд ажиллах салбараа бодож мэргэжлээ сонгосон.
-Монголчууд яруу сайхан эх хэлээрээ бичигдсэн шүлэг, найраглалаа уншиж судлах чухал байх. Эх хэлээрээ бахархдаг, хайрладаг Z үеийн төлөөллийн хувьд үүн дээр юу хэлэх вэ?
-Залуу үеийнхэн орчин цагийн уран зохиолыг сонирхож, судлаасай гэж хүсдэг. Өнгөрсөн үед бичигдсэн бүтээлээс яруу тансаг утга агуулга, монгол хэлний гайхамшгийг мэдэх боломж бий. Өөр хаанаас ч унших боломжгүй сэтгэгдэл, мэдрэмж, байгалийн гайхалтай дүрслэлийг Монгол хэлнээс мэдэрч болно. Хүн шүлгийг цээжилж болно. Гэхдээ утга агуулгыг нь ойлгож, тэр дүрдээ орж, мэдэрч, зүрх сэтгэлээсээ илэрхийлбэл шүлэг хүнд сайхан хүрдэг. Үг гэдэг хүнийг үхүүлж, амьдруулж ч чадна. Тиймээс яруу төгөлдөр уран зохиолоо чин сэтгэлээсээ унших хамгийн сайхан. Ингэж л хүнд хүрж, илэрхийлэх санаагаа ойлгуулдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна