“Таны банкны дансанд асуудал гарлаа. Яаралтай доорх линкээр нэвтэр!” аль эсвэл “50%-ийн хямдралтай iPhone, одоо захиал!” гэх мэт мессеж танд ирж байсан уу? Хэрэв тийм бол болгоомжлоорой. Энэ бол цахим залилан!
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим худалдаа, дижитал төлбөрийн систем хурдацтай хөгжихийн хэрээр цахим залилангийн тохиолдол эрс нэмэгдсэн байна. 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 85.6 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Тэр дундаа телеграм аппликэйшнээр дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Иймд нийтлэлийнхээ энэ удаагийн дугаараар банкны данс болон хувийн мэдээллээ хэрхэн эрсдэлээс хамгаалах тухай мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Цахим залилагчид таны итгэлийг олж, дансыг тань хоослох зорилгоор хувийн мэдээллийг тань олж авахын тулд төрөл бүрийн заль мэх, арга барил ашигладаг. Иймд цахим залилангийн дараах нийтлэг төрлүүдийг урьдчилан таньж, эрсдэлээс сэргийлээрэй.

Фишинг буюу “Таны данс хаагдах гэж байна” гэх хуурамч мессеж
Залилагчид таныг айлгаж, хуурамч и-мэйл, мессеж аль эсвэл цахим холбоосоор банкны мэдээлэл, нууц үгээ яаралтай өгөхийг ятгадаг. Тухайлбал, “Таны банкны дансанд хэвийн бус гүйлгээ илэрсэн байна. Дараах холбоосоор орж баталгаажуулна уу”, “Банкнаас холбогдож байна. Таны картын мэдээлэл алдагдсан байна. Яаралтай картын дугаар, CVС кодоо илгээнэ үү” зэрэг мессежинд хариу үзүүлж, хуурамч сайт руу нэвтэрч хувийн мэдээллээ оруулснаар таны мэдээлэл залилагчдын гарт ордог.
Хэрэв танд энэ төрлийн сэжигтэй мессеж ирсэн бол линк дээр дарахаас татгалзаж, дугаар болон агуулгыг сайтар шалгаж баталгаажуулаарай. Учир нь банкнаас мессеж, чатаар болон дуудлагаар таны картын дугаар, CVС код, нууц үгийг хэзээ ч асуудаггүй. Иймд энэ төрлийн мессеж ирсэн тохиолдолд нэн даруй банкны лавлах руу залгаж баталгаажуулалт хийнэ үү.
Залилагчид таны картын дугаар, CVV/CVC код, нууц үг зэрэг мэдээллийг авахын тулд албан ёсны дэлгүүр, онлайн худалдааны вэбсайт шиг харагддаг хуурамч сайтуудыг ашиглаж, “80%-ийн хямдралтай утас, зөвхөн өнөөдөр!”, “Баяр хүргэе, та iPhone утас хожлоо!” зэрэг анхаарал татсан хямдралын зарууд илгээдэг. Хэдий төлбөрөө төлсөн ч таны бараа хэзээ ч ирэхгүй бөгөөд захиалга хийсэн сайт устсан байдаг гэдгийг анхаараарай!
Энэ төрлийн сайтууд ихэвчлэн “shop.bc” зэрэг сэжигтэй домэйнтэй байдаг тул сайтын аюулгүй байдлыг шалгахдаа URL хаягт “https://” болон цоожны тэмдэг байгаа эсэхийг нягтлаарай. Мөн домэйн нэр нь албан ёсны байгууллагын нэртэй таарч буй эсэх, Google эсвэл сошиал медиагаас хэрэглэгчийн сэтгэгдэл, гомдол байгаа эсэхийг хайж шалгаарай. Ердөө тавхан минут зарцуулснаар цахим залилангаас сэргийлэх болно!

Сошиал медиа залилан: Найзын чинь хаяг хакердуулсан юм биш биз?
Facebook, Instagram, Telegram дээрх хуурамч эсвэл хакердуулсан хаягууд ихэвчлэн таны дотнын хүмүүс, танил, найз нөхдийн нэрийг ашиглан танд итгэл төрүүлдэг. Дараа нь “Яаралтай мөнгөний хэрэг гарлаа. Банкны нэвтрэх нэр, нууц үгээ өгөөч”, “Таны зураг энэ сайт дээр байна” гэх мэт яаралтай, сэтгэл санаанд тань нөлөөлөх мессежийг илгээдэг байна. Энэ төрлийн мессежний гол зорилго нь таныг сандаргаж, хуурамч холбоос дээр даруулах эсвэл хувийн мэдээллийг тань авах юм.
Тиймээс энэ төрлийн сэжигтэй чат ирвэл тухайн найзаасаа заавал утсаар лавлаарай. Хэрэв найзын тань хаяг хакердуулсан байж болзошгүй санагдвал түүнд сэрэмжлүүлж, нууц үгээ солихыг зөвлөөрэй. Мөн аль ч тохиолдолд хувийн дансаа бусдад бүү ашиглуулаарай. Энэ нь хууль зөрчих эрсдэлтэй!

Виртуал карт ашиглах: Онлайн худалдан авалт хийхдээ үндсэн картын оронд тодорхой лимиттэй виртуал карт ашиглах нь хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд хохирлын хэмжээг бууруулдаг.
Хоёр шатлалт баталгаажуулалт идэвхжүүлэх: Банкны аппликэйшн болон цахим төлбөрийн системд хоёр шатлалт баталгаажуулалтыг (SMS код, аппын баталгаажуулалт гэх мэт) тохируулснаар таны данс руу хэн нэгэн нэвтрэх боломжийг хязгаарлах болно.
Мэдээллийг нягтлах: Зад хямдарсан гэх санал, яаралтай утгатай мессеж ирсэн даруйд холбоосыг нээлгүйгээр мессежийг устгаарай. Мөн тухайн сайтын талаар цахим орчноос хайлт хийж, аюулгүй эсэхийг шалган найзууддаа сэрэмжлүүлээрэй.
Антивирус болон хамгаалалтын программ суулгах: Avast, Kaspersky зэрэг баталгаатай антивирусийг төхөөрөмж дээрээ суулгаж, сэжигтэй холбоос, хавсралтыг нээхгүй байх нь нэмэлт хамгаалалт болох болно.
Баримт хадгалах: Сэжигтэй гүйлгээний дэлгэцийн зургийг (screenshot) авч хадгал, энэ нь нотлох баримт болно.
Банктай холбогдох: Мессежээр ирсэн холбоос дээр дарж, хувийн мэдээллээ оруулсан бол та интернэт банкны нууц үгээ яаралтай солих эсхүл интернэт үйлчилгээгээ шуурхай идэвхгүй болгох арга хэмжээ авна уу.
Цагдаагийн байгууллагад мэдэгдэх: ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 102 болон 51-265666 тусгай дугаарт залгаж гомдол гаргах нь хохирлыг бууруулах боломжтой бөгөөд залилангийн хэргийг илрүүлэх, бусдыг эрсдэлээс хамгаалахад чухал үүрэгтэй.
Эдгээр зөвлөмжийг мөрдсөнөөр та өөрийгөө цахим залилангаас хамгаалж, хувийн болон санхүүгийн мэдээллээ аюулгүй байлгах боломжтой юм шүү!
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна