БНСУ-д төгссөн докторууд нийгэм рүү чиглэсэн зургаан төсөл хэрэгжүүлнэ

Ж.Булганаа
2025/10/17

Cолонгост эрдмийн зэрэг хамгаалсан докторуудын чуулга уулзалт ирэх сард болох гэж байгаатай холбогдуулан Солонгост сургууль төгсөгчдийн холбоо/MAGIKO/ ТББ-ын тэргүүн С.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Солонгос улсад суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан хичнээн хүн танай холбоонд бүртгэлтэй байдаг вэ? Энэ удаагийн докторуудын чуулга уулзалтаас юу хүлээж байна вэ

Солонгос Улсад докторын зэрэг хамгаалсан Монгол эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлага хуваалцах, харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх, сүлжээг өргөжүүлэх, мөн нийгэмд чиглэсэн шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор “K-PHD FORUM 2025” буюу Солонгост докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачдын чуулга уулзалтыг ирэх сарын 8-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энд бид Монгол Улс болон БНСУ-ын хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлага, боломжуудыг Тогтвортой хөгжил, Анагаах ухаан ба Эрүүл мэнд, Техник технологи болон IT, Байгалийн ухаан ба хими биологи, Нийгэм ба Хүмүүнлэг, Хөдөө аж ахуйн салбаруудад хэлэлцэх, бодит санал санаачлагыг солилцох юм. Мөн Монгол Улсад нэн шаардлагатай гэж үзэж буй зургаан төсөлд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж буйгаараа энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд бодитой, үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.

Салбар салбарын хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн төсөл байна гэж ойлгогдож байна...

Солонгост их, дээд сургууль төгссөн залуус Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, эх орондоо элэгтэй хамт олон, байгууллагуудтайгаа хамтран “K-PROJECT 6” төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргаад буй юм. “K-PROJECT 6” буюу "Нэн шаардлагатай зургаан төсөл" гэдэг нь Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацаанд бодит үр өгөөж өгөх чадамжтай, хэрэгжих боломжтой төслүүдийг илэрхийлж байгаа юм. Төслүүдийг дараах зургаан салбарт төвлөрүүлэн төлөвлөсөн. Үүнд:

  • Тогтвортой хөгжил ба Орон нутгийн хөгжил ба аялал жуулчлал
  • Анагаах ухаан ба эрүүл мэнд
  • Техник технологи болон мэдээллийн технологи (IT)
  • Байгалийн ухаан, химийн болон биологи
  • Нийгмийн ухаан ба хүмүүнлэгийн салбар
  • Хөдөө аж ахуй, хүнс, хангамжийн тогтолцоо

Эдгээр салбар бүрд чиглэсэн нэг төсөл хэрэгжүүлэх бөгөөд нийт зургаан төслийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг татах, Солонгосын дэвшилтэт туршлага, технологийг Монголд нутагшуулахад анхаарч ажиллах юм. Төслүүдийг манай Солонгост сургууль төгссөн докторууд удирдан ажиллах юм.

Сурсан мэдсэнээ эх орныхоо хөрсөнд нутагшуулах ажил эхэлж байгаа гэж харлаа. Нөгөө талаас хоёр улсын хамтын ажиллагааны хөгжлийн асуудал ч зэрэг яригдах байх.

Солонгост боловсрол эзэмшсэн төгсөгчид Монгол Улсын хөгжилд олон талт үүрэг гүйцэтгэх ёстой бөгөөд энэ нь зөвхөн мэргэжлийн ур чадвараараа хязгаарлагдахгүй, харин мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, институцийн чадавх бэхжүүлэх, технологи дамжуулах, инновац шингэсэн шийдлүүдийг нутагшуулах зэрэгт бодит хувь нэмэр оруулах түвшинд яригдах ёстой. Нэгдүгээрт, шинжлэх ухаан, технологийн чадамжийг бэхжүүлэхэд өндөр хөгжилтэй орны боловсролын тогтолцоог туулсан, олон улсын судалгааны арга зүйд суралцсан, олон улсын сүлжээнд нэвтэрсэн мэргэжилтнүүдийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Солонгосын боловсрол нь практик чиг баримжаатай, хэрэглээнд суурилсан судалгаа хөгжүүлэлтээрээ(R&D) дэлхийд тэргүүлэгч тул төгсөгчид энэ мэдлэгийг Монголын нөхцөлд нутагшуулах нөөц бололцоотой. Хоёрдугаарт, институцийн шинэчлэл, бодлого боловсруулах түвшинд оролцох нь чухал. Солонгосын өндөр бүтээмжтэй, хариуцлагатай байгууллагын соёл, менежментийн хандлага нь зөвхөн хувийн хэвшил бус, төрийн салбарт ч хэрэгжих боломжтой. Төгсөгчид энэ туршлагыг Монголын төрийн болон ТББ, боловсролын байгууллагад нутагшуулах замаар тогтолцооны өөрчлөлтөд хувь нэмэр оруулж чадна.Гуравдугаарт, залуусын манлайллыг дэмжих, инноваци, гарааны бизнесийг хөгжүүлэхэд гүүр болох нь чухал. Солонгосын инновац төвтэй загварыг ашиглан дотоодын стартап экосистемийг бий болгох, олон улсын түншлэл, хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих чиглэлд ажиллах боломжтой.

Эцэст нь, Солонгост боловсрол эзэмшсэн төгсөгчид нь соёлын дипломат харилцааны “зөөлөн хүчний” нэг хэсэг болж, хоёр орны стратегийн түншлэлийг иргэн-иргэний түвшинд бэхжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал гүүр болдог.

Иймд тэднийг зөвхөн “төгсөгч” гэж бус, “мэдлэгийн хөрөнгө оруулалт” гэж харж, тэдний ур чадвар, сүлжээ, туршлагыг Монголын хөгжлийн бодлогод цогц байдлаар нэгтгэх нь чухал гэж үзэж байна.

Цаашид Солонгос улсад суралцах бодолтой залууст юу зөвлөх вэ?

Юуны өмнө, та Солонгост сурахаар шийдсэн бол зөвхөн боловсрол эзэмших биш, харин өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэх нэгэн чухал аялалд гарч байгаагаа ойлгох хэрэгтэй.Юуны түрүүнд хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Академик мэдлэгийг эзэмших нь цаашид сайн сурах том эхлэл. Мөн “Яагаад би энд сурах гэж байгаа вэ?”, “Энэ мэдлэгийг хэрхэн, юунд ашиглах вэ?” гэсэн асуултад өөртөө үнэнчээр хариулж чаддаг байх нь таны замыг тодорхой болгодог гэдгийг хэлмээр байна. Хамгийн чухал нь өөрийгөө эх оронтойгоо үргэлж холбоотой байлгах нь чухал. Та хаана ч байсан, юу сурч байгаагаас үл хамааран, түүнийгээ эх орондоо хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдэг өнцгөөр харж байгаарай. Боловсролын үнэ цэнэ бол түүнийг хэрхэн хэрэглэж чаддагт л оршдог гэдгийг л хэлмээр байна.

Танай холбоо өнгөрсөн хугацаанд төгсөгчид рүү чиглэсэн ямар арга хэмжээ хийж хэрэгжүүлж ажиллаж ирэв. Хоёр улсын хоорондын боловсролын гүүр болох чиглэлд ямар ажил төлөвлөж байна. Хамгийн том суурь болох боломжит нөөц гэж харж байна.

Манай холбоо төгсөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө удирдах зарчимтай, хоёр орны боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой 2006 онд байгуулагдсан. Энэ хугацаанд  хоёр орны ард түмний түүх, хэл, соёл, зан заншлын холбогдолтой ном зохиол орчуулах, судалгааны ажилд хамтран оролцох, олон улсын эрдэм шинжилгээ, хурал семинар, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн яармаг гаргах мөн нийгэм рүүгээ чиглэсэн сайн дурын олон талт ажлыг төгсөгч болон Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа БНСУ-ын  иргэд,  Төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа  хамтран зохион байгуулж ирсэн. Нийтдээ Өмнөд болон Хойд Солонгосын гучаад мянган гишүүд, төгсөгчид манай холбоонд хамрагддаг.   

Энэ жил 30 мянган төгсөгчийнхөө мэдээллийн платформыг бий болгож төгсөгчдийн дата мэдээллийн баазыг үүсгэх ажлыг эрчимжүүлж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
3
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30