Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Б.Нямсүрэн
2025/06/25

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2025.06.25/ Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал даргалан явуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлж УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасны дагуу Төсвийн байнгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас олонхын саналаар нэр дэвшүүлсэн Ө.Гэрэлт-Одтой нэр дэвшигчийн сонсгол хийх гэж байгааг танилцуулсан. 

Сонсголд иргэн Б.Ганбаяр оролцогчоор, Ё.Чимидцогзол, С.Ариунаа, Л.Оюунцэцэг М.Эрдэнэбат нар ажиглагчаар оролцож буйг мэдээлээд, сонсголоор нэр дэвшигчийн тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаарх мэдээлэл авах зорилготойг тодотгосон юм.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд нээлттэй оролцохыг урьсан.

Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулсан. Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудсаар олон нийтэд хүргүүлсэн гэлээ.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ө.Гэрэлт-Одын талаар танилцуулсан.

Өвгөнхүүгийн Гэрэлт-Од нь 1970 онд төрсөн 55 настай. 1978-1988 онд Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын 1 дүгээр арван жилийн сургууль, 1988-1993 онд Монгол Улсын Үндэсний Их сургуулийг Банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр, докторын зэрэгтэй юм байна.

Тэрбээр 1993-1994 онд Ардын банкны Сүхбаатар салбарт эдийн засагч, 1994-1996 онд 33 дугаар тооцооны төвийн захирал, 1996-1999 онд Хадгаламжийн банкны тооцооны 29 дүгээр төв захирал, 1997-1998 онд Хадгаламжийн банкны тооцооны 2 дугаар нягтлан бодогч, 2000-2009 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, 2009-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал, Санхүүгийн тэнхимийн багш, 2013-2019 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, 2019-2024 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төвийн захирал Санхүүгийн тэнхимийн дэд профессор, 2024 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй юм байна.   

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6 дахь хэсэгт заасан эдийн засаг, банк, санхүү, үнэт цаас, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, төрийн улс төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээдэд ажиллаж байгаа этгээд, санхүүгийн үйлчилгээ явуулж байгаа хуулийн этгээдийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч биш байх шаардлагыг хангаж байна гэж үзэн Ө.Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж байна гэлээ. /Нэр дэвшигчийн танилцуулгатай эндээс танилцана уу/

Дараа нь нэр дэвшигч Ө.Гэрэлт-Од тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж буй талаараа мэдээлэл танилцуулав.

Тэрбээр Санхүүгийн зохицуулалтын орчныг сайжруулахын тулд гурван үндсэн чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Санхүүгийн зэх зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтын чадамжийг сайжруулахын тулд ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай хэмээгээд, санхүүгийн зах зээлд оролцогч талууд нэг хэлээр ярьдаг ойлголцдог байх нь зохицуулалтын чадамж, оролцогч талуудын санхүүгийн боловсролоос хамаарах бөгөөд энэ нь зохицуулалтын үндсэн чиглэл гэдгийг онцолсон. Мөн тогтвортой, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хүрээнд үндэсний санхүүгийн байгууллагуудыг гадаад зах зээлд гарч хөрөнгө татах, гадны хөрөнгө оруулалт, санхүүгийн байгууллагуудын ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана хэмээсэн. Түүнчлэн орон тооны бус гишүүний хувьд хараат бус, олон нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллаж, Удирдах зөвлөлийн шийдвэр гаргалтад оролцохдоо зөвхөн байгууллагын бус, эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн итгэл, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зарчмыг баримтлана гэлээ.

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд, сонсголд оролцогч иргэн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал сонсголд оролцогч иргэн Б.Ганбаяр нэр дэвшигчээс хувийн байгууллагад ажиллаж байсан туршлага бий эсэхийг лавласан. Мөн банк болон банк бус байгууллагын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хөрөнгийн зах зээл дээрх хөрвөх чадварыг юу гэж ойлгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чухал үзүүлэлт гэж үздэг эсэхийг нь тодруулсан. Түүнчлэн  мэргэшсэн үнэлгээчдийн нийгэмлэгийн гишүүний хувьд хувьцаат компаниудын хөрөнгийн дахин үнэлгээ хийгдэхгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуультай зөрчилдөж буй эсэхэд хариулт өгөхийг хүссэн.

Нэр дэвшигч Ө.Гэрэлт-Од, Төрийн өмчийн оролцоотой Ард болон Хадгаламжийн банкуудад ажиллаж байсан. 2017 оноос бизнесийн байгууллагуудад богино хугацаагаар зөвлөхөөр ажиллаж байсан туршлага бий хэмээн хариулсан.

Өнөөдөр манай улсын хөрөнгийн зах зээл дээр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, банкнуудын тоо тогтвортой өсөж байгаа ч хувьцаат компаниудын тоо буурах хандлагатай байгаа. Үүнд компаниудын санхүүгийн соёл, хөрөнгийн зах зээлд оролцогчдын санхүүгийн боловсролын дутагдалтай байдал нөлөөлж байна гээд, томоохон хувьцаат компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг үл огоорон компанийнхаа статусыг нээлттэй хувьцаат хэлбэрийн бус хаалттай ХХК хэлбэр рүү шилжүүлэн ажиллаж байгаа нь дээрх тоо цөөрөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, Санхүүгийн зах зээл дээр бүртгэлтэй компаниудын хөрөнгийн үнэлгээний асуудал маш түвэгтэй. Тухайлбал, төрийн өмчийн компаниуд байгуулагдаад олон жил болсон, үнэлгээ нь тухай бүрдээ хийгдэж байгаагүй учраас хөрөнгийн үнэлгээ нь хэт бага байдаг. Тиймээс дахин үнэлгээ хийж, санхүүгийн тайланд зөв тусгах ажлыг бодлогын зохицуулалтын хүрээнд хийхэд нөлөөлж ажиллаж чадна гэж бодож байна гэсэн хариулт өгсөн юм.

Дараа нь УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэнээр сонсгол өндөрлөж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу сонсголын тайланг гаргахаар хаалттай хуралдав. Тайланд сонсголын дүнд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгах бөгөөд мөн тайланг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал дүгнэлт гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн томилох шийдвэр гаргах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгав 18 минутын өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 25 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 17 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 17 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 18 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 19 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 20 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 21 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 21 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр