Д.Цэцэрлэг: Монголын урлагт жин дарах олон сайхан шавь надад бий

О.Шүрэнцэцэг
16 цагийн өмнө

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Морин хуур” наадмын хошой шагналт хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш Довчингийн Цэцэрлэгийг “Зууны мэдээ” сонины хойморт урилаа. Монголын нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нарын хөгжмийн урлагийн шилдгүүдийг бойжуулсан Багшийн сургуулийн бүтээгдэхүүн тэрбээр урын сандаа 300 гаруй дуутай.

Зохиосон дуу бүр нь хит болдог энэ уран бүтээлч бүхий л амьдралаа урлагийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд зориулж явна. Нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын тодорхойлсноор тэр язгуурын багш нэгэн. Мөн  Монголын анхны мэргэжлийн эмэгтэй баянхуурч хэмээх хэн нэгэнтэй хуваалцах аргагүй тодотгол ч түүнийх.

Тэрбээр ирэх сарын 6-нд “Эгшиглэнт Цэцэрлэг” уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж буй юм. Энэ нь Д.Цэцэрлэг гавьяатын олноо толилуулж буй арав дахь тоглолт. Анхных нь 1999 онд “Сэтгэлд мөнхөрсөн ижий” нэртэй болсон бол түүнээс хойшхи бүх тоглолтоо хань, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Гаваасүрэнтэйгээ хамтдаа хийж байжээ.

Урлагт хөл тавьсан он жилүүд, удам судар, амьдралынх нь утга учир, хөгжмийнх нь хөг болж явсан хайртай хань, багшаа хэмээн хүндэтгэж хайрладаг шавь нарынхаа тухай ярих тун дуртай нэгэн.

 МАНАЙ ТЭСИЙН АЙЛ БҮР БАЯНХУУРТАЙ БАЙЛАА

Манай аав ээж хоёрыг нутгийн хөгшчүүд андахгүй ээ. Ядарсан зүдэрсэнд тустай, орсон гарсанд ундтай цайтай, олсноо олонтойгоо хувааж суудаг, ялангуяа ижий минь хүнд юм өгөх л гэсэн хүн байсан юм.

-Увсын Тэс сумаас наймдугаар анги төгссөн, улаан хацартай жаахан охин баянхуур хөгжмөө чирээд Багшийн сургуульд ирж байлаа. Манай Тэс Оросын Туватай хил залгадаг. Тэндээс улбаатайгаар айл бүр баянхууртай. Баянхуур тоглодог хүн ч олон байлаа. Би л гэхэд таван настайдаа гармон гэж баянхуур хөгжмийн жижиг хувилбар дээр баяд ардын дуу тоглож сурсан. Наймтайд минь аав мянган төгрөгөөр улаан өнгөтэй баянхуур авч өглөө. Тэр үеийн мянган төгрөг чанга шүү дээ. Аав минь яаж ч болгосон юм, бүү мэд. Юутай ч намайг оролдож байгаад овоо хэдэн ая тоглоод сурчихсан чинь жигтэйхэн их баярлаж, хөдөөгүүр дагуулж явж хүмүүст сонсгодог байж билээ. Сургуульд дөнгөж орсон би хөгжмөө даахгүй шахам жижигхэн, араас нь нүд л цухуйж харагддаг байсан гэдэг юм. Тавдугаар ангид ордог жил манай суманд Багшийн сургууль төгссөн, одоо Монгол Улсын гавьяат болсон Ж.Найдан гэж баянхуур тоглодог мундаг багш ирлээ. Багшийнхаа хөгжимдөхийг хараад бүр биширч гүйцнэ. Яаж багш шигээ болох вэ гэж боддог байв. Эхлээд ноот заасангүй, шууд өөрөө хөгжимдөөд сонссоноо тогло гэнэ. Тэгж л сургасан. Сүүлдээ сумын клубт ганцхан баянхуураар бүжиг явуулдаг охин байлаа. Бүжиг  эхлэхэд багш хэдэн ая тоглоод намайг тайзан дээр үлдээгээд явчихна. Ах эгч нарыг таран тартал, гараа цэврүүттэл хөгжимдөнө шүү дээ. Тэр үед суманд касио, төгөлдөр хуур гэж байсан ч биш.  

Наймдугаар анги төгсөөд Баруунтурууны арван жил рүү явна, алсдаа эмч болно гэсэн мөрөөдөлтэй дэврүүн охин явтал аймгийн Боловсролын хэлтсийн Рагчаасүрэн дарга намайг авахаар манайд ирэв. Багшийн сургуулийн хөгжмийн ангид явуулна гэнэ. Би явахгүй гэж зөрөөд ч нэмэргүй, хүчээр ирсэн дээ.

 ААВ АХАД НЭГДЭЛ, НАДАД ЦЭЦЭРЛЭГ ГЭЖ НЭР ӨГСӨН
1963 он.

-Би дууч, хөгжимч авьяаслаг удмын үргэлжлэл юм. Аавын ээж, миний эмээ нутаг усандаа гайхагдсан авьяастай хөгшин байв.   Аав, эмээ, ээж бүгд икел татна. Аав уртын дуу сайхан дуулна. Ах эгч нар ч дуулна, бүжиглэнэ. Нэгдэл ах бөх болоогүй бол гавьяатын энтэй дуучин байх байсан юм. Манайх нутагтаа гэр бүлийн концерт тоглодог айл байлаа шүү дээ. Гэр бүлийн энэ уламжлалаа үргэлжлүүлье гэвч хүүхдүүд сургууль соёлд яваад бүрдэж өгөхгүй л байсан. Тэгээд  2018 онд ханийгаа амьд сэрүүнд “Ханьсахын жаргал” гэж тоглолт хийж байлаа.

Би айлын отгон, нүгэлтэй эрх өссөн. Аав намайг багаас л хөгжмөөр явуулна гээд ээжийг “Усанд яв” гээд хоёр арвын бидон бариулаад гаргахаар араас ирээд “Миний охин хэрэггүй, аав нь явъя” гэнэ. Тэгээд ээжийг “Чи  хүүхэд битгий усанд зараад бай, гар хуруу нь эвдэрчихнэ” гэдэг сэн.

Аав минь 1954 онд Увс аймгийн Тэс суманд анхны нэгдэл байгуулж, олон жил даргаар нь ажилласан хүн. Нэгдэл байгуулах анхны хурлаа хийж байтал айлын хүн морьтой давхиж ирээд “Эгч амаржчихлаа, хүү төрсөн” гэхэд аав “За тэгвэл хүүдээ Нэгдэл гэж нэр өгнө өө” гээд ахад минь нэр хайрлачихсан гэдэг. Тэгээд намайг төрөхөд хүүдээ байгууллагын нэр өгчихсөн юм чинь охиндоо бас адил нэр олох хэрэгтэй гээд цаасан дээр “сургууль, цэцэрлэг, ясли” гэж бичиж байгаад сонгочихсон юм билээ. Ясли нь зүгээр ч юм уу гэж бодогдсон ч дахиад хүүхэд төрвөл гэж горьдоод нөөцөнд үлдээсэн гэж байгаа. Ийм л учиртай зургаан хүүхдийнхээ бага хоёртоо байгууллагын нэр өгсөн айл даа.

Аав ер зүгээр суудаггүй, үргэлж л ямар нэг зүйл сэдэж хийж явдаг, хачин ажил хэрэгч хүн байсан юм. Нэгдлийн даргын албаа өгөөд ой хамгаалагч болсон ч тэр зан нь хэвээрээ. Ямар сайндаа тэмээн тэргэн дээр мухлаг хийгээд дотор нь баахан ном сонин, хөгжим өрөөд айлуудаар явж ухуулга хийдэг байв. Аавын хэтэрхий ажил хэрэгч зан манай бага охин Москвад Хөгжмийн академи төгссөн төгөлдөр хуурч Консерваторын багш Г.Оюун-Эрдэнэд минь яг байдаг юм.

 ХОРИН НАСТАЙДАА БАГШИЙН СУРГУУЛИЙН БАГШ БОЛСОН

 -Багшийн сургуульд ирээд дөрвөн жил баянхуураасаа салаагүй.  Том охин Эрдэнэтунгалаг шигээ бумбагар, улаан хацартай, баянхуураа чирээд л явж байдаг охин байж. Тэр үед болдог Бүх ард түмний урлагийн үзлэгээс алт, мөнгөн медаль авч сонинд гараад мандаж байв. Онц сурдаг, Сүхбаатарын нэрэмжит цалинтай баян оюутан мөнгөө үрж барахгүй аав ээждээ бэлэг сэлт их аваачиж өгнө. Сургуулиа онц төгсөөд гадаадад дээд сургуульд явна гэсэн итгэлтэй байтал Улаантөмөр захирал “Чамайг багшлуулж байж явуулна” гээд баянхуурын багшаар тушаал гаргачихсан. Ингэж 20 настайдаа багш болоод дөрвөн жил ажиллаад сургуульд явна гэж байтал Эрдэнэтунгалаг минь гараад. Охиныгоо есөн сартайд том эгчдээ үлдээгээд 1982 онд Эрхүү явсан. Эхний жил хэлний бэлтгэлд сурахдаа оюутнуудын дунд урлагийн арга хэмжээ зохион байгуулна, удирдана. Багш нар минь их сайн. Төгсөх дөхөхөд бэлтгэлийн декан дуудаад дуртай хотдоо, дуртай мэргэжлээрээ сурч болно гэж сонголтын их том эрх өгсөн. Тэр үед оюутнуудыг өөрсдөөс нь асуухгүйгээр хуваарилдаг байсан цаг л даа. Даанч ээж өвдчихсөн болохоор ирж очих, эм тариа дөхүүлэхэд газрын ойр гэж бодоод бас сайн багш болох хүсэлдээ  хөтлөгдөөд Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг сонгосон. 

Багш болох гэж зүтгэдэг нь дуучин Х.Галхүү багштай минь холбоотой. Манай ангийн багш, дуулна, төгөлдөр хуур тоглоно, хоороо дохино, сонсголын хичээл орно, баянхуур заана ёстой л универсаль хүн байсан. Багш шигээ л болохсон гэсэн мөрөөдөлтэй явлаа. 

Төгсөж ирээд Багшийн сургуульдаа гурван жил тэнхимийн эрхлэгч хийгээд  1990 онд СУИС байгуулагдахад шалгуулаад Х.Галхүү багштайгаа хамт ирсэн. Би насаараа гуравхан газарт ажилласан. СУИС-иас гадна Багшийн сургуульд долоон жил багшилж, Соёлын сургуульд дөрвөн жил хичээлийн эрхлэгч хийсэн гэхээр боловсролын салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулж, хэдэн зуун сайхан шавь төрүүлсэн. Энэ миний хамгийн том бахархал. Хаа ч явсан намайг багшаа гэж дуудах, хүндлэх хүнтэй заавал таардаг юм.

 АНХНЫ ДУУГАА Ц.ЧИНЗОРИГ БАГШИЙНХАА ШАХАЛТААР ХИЙСЭН

 -Намайг дуу хийж магадгүй гэдгийг олж харсан хүн нь манай хөгжмийн онолын багш, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг. Багшийн сургуулийн дөрөвдүгээр курст байхад Ц.Чинзориг багш ая хийгээдэх гээд нэг шүлэг өгөөд ангид цоожлоод явчихсан. Тэгээд оройжин баянхуураа бариад суулаа. Ядаж байхад үг нь хурим энэ тэр гээд надаас их хол юм. Тэр “Хуримын гал өөдөө” гэж шүлэг нь багшийн найз Ойдов зураачийнх байсан юм билээ. Яагаав төрийн сүлд зурсан. Юутай ч нухаад үзлээ. Багшаараа шахуулж хийсэн ганц дуу минь тэр. Даанч багш Свердловск яваад би ч баянхуур заах багшийн ажлаасаа илүү гаралгүй дөрвөн жил болсон. Тэр үед одоотой адил авьяастайгаас нь сонгож биш, аймаг бүрээс нэг нэг хүүхэд авна. Чадах чадахгүй, хуруу гар нь тохирох тохирохгүй хамаагүй. Гэхдээ ирсэн хүүхэд бүрийг сургах нь багшийн үүрэг учраас их ч нухна. Анхны шавь нар минь надаас дөрөв л ах, нэг үеийнхэн байхгүй юу. Тэд маань маш сайн сурсан. Бүгд зөвхөн баянхуураараа хөгжмийн хичээл заадаг байсан.

Багшийн сургуулийн гол брэнд нь баянхуур, найрал дууны сургалт байсан. Тэр үед ардын хөгжмийн нэг зэмсэг, төгөлдөр хуур, баянхуур гурвыг төгс эзэмшиж төгсөх ёстой байлаа. Хичээлийн цагийг ч хангалттай тавьж өгдөг байж. Баянхуур хүнд маш ихийг өгдөг. Сонсголыг хөгжүүлж цааш хөрвөх чадварыг сайн суулгадаг хөгжмийн зэмсэг. Даанч одоо хаа ч заахгүй байна.

Би баянхуураар олон шавьтай. Цэн.Эрдэнэбат гэж хөгжмийн зохиолч миний Соёлын сургуулийн шавь. Сэлэнгэд Амарсайхан гэж мундаг багш байгаа. Эрдэнэбуян гэж хөгжмийн зохиолч гээд нэрлэвэл Монголын хөгжмийн урлагт жин дарах олон сайхан шавь надад байна.


ДУУ, ХӨГЖИМ НАМАЙГ ХАНЬТАЙ МИНЬ УЧРУУЛСАН

Хорвоод ханьсаж амьдрахын жаргалыг ханиасаа мэдэрч, шүлэг найргийн онгодоор нь хөглүүлж амьдарсан би азтай эмэгтэй.

-СУИС-д ирсэн хойно надад ая хийлгэхээр хамгийн анх шүлэг өгсөн хүн бол Данзангийн Алтангэрэл. “Эрийн сайхан хийморь”, “Бурхан бумбын орон” гээд олон сайхан дуутай. Түүнтэй автобусны буудал дээр таарсан чинь дээлийнхээ энгэрийг ухаж байснаа нэг цаас гаргаж ирээд өглөө. “Нуухаас ч аргагүй амраг” нэртэй шүлэг байна. Залуу ч байж. Нууц амрагийн тухай дуу хийж чадахгүй гэчихсэн чинь уурлаад шүлгээ шүүрч аваад “Уран бүтээлч бол хүний амьдралд байдгийг хийдэг юм” гээд яваад өгсөн. Хэд хоногийн дараа  Алтангэрэлээс шүлгийг нь гуйж ая хийж билээ.

Хүний амьдралын жамаар алдаж онож яваад ханьтайгаа учирснаар миний дууны уран бүтээл онгирсон хүнд булаг мэт ундарсан даа. Бид хоёрын анхны дуу “Цагдаагийн гэргий”. Хань минь цагдаагийн хурандаа учраас шүлгүүд нь ч тэр зүг рүү олон. Араас нь “Хүлээсэн учрал”, “Ханьсахын жаргал” гээд хөвөрсөн.

Бид хоёрыг дуу хөгжим л танилцуулсан. Манай хүн цагдаагийн “Сүлд” чуулгын дарга байсан үе. Нэргүйбаяр гэж дуучин шавь минь нэг өдөр “Багшаа таны “Ам цагаан бялзуухай”-г “Сүлд” чуулга дээр дуулсан чинь уран бүтээлчийг нь уриад байна” гэсээр ирсэн. Тэгээд очтол Гунаажав гуай, Хаянхярваа гуай гээд хоёр мундаг хүн байна. Тэдний дэргэд ганц нэгхэн дуутайдаа ичээд сууж байлаа. Дууг минь хамт сонсоод бүгдээрээ магтаад л, дараа нь чуулгын дарга нь биднийг өрөөндөө урьж ярьж хөөрөөд л танилцсан. Тэгэхэд их таалагдсан гэдэг. Түүнээс хойш “Цэцэрлэг багш аа, ийм нэг шүлэг байгааг хараад өгөөч, дуу болох нь уу” гээд л ярина, уулзана. Ингэж явсаар гэр бүл болсон доо.

Манай хүн миний дэргэд том уран бүтээлч. Анхны дуу нь 1979 онд гарсан. Эргүүлийн цагдаа байхаасаа шүлэг бичдэг,  “Баян Монгол” чуулгынхантай их найз, Бэхбат эд нартай нийлээд “Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу” гээд гоё шүлэгтэй нэлээд хэдэн хит дуутай болчихсон байсан.

ТҮҮНИЙ ШҮЛЭГ АЯЛГУУГАА ДУУДДАГ ШИДТЭЙ

  -Өдгөө миний гэх 300 гаруй дуу намайг хөглөж, дэмждэг сайхан ханьтайгаа учирснаар төрсөн. Хит болсон дуунуудын минь 80 хувь ханийн минь шүлэг. Түүний минь шүлэг нь цаанаасаа аялгуугаа дууддаг шидтэй.

2003 онд Иргэний бүртгэлд хэлтсийн дарга байхдаа “Ханьсахын жаргал”-ыг Мартын бэлэг болгож өгсөн. Нэг өглөө ажилдаа явахдаа “Цэцэ би бэлгээ орхисон шүү” гээд гарахаар нь би ээмэг бөгж юу ч юм хайгаад тэгсэн төгөлдөр хуурын дээр “Ханьсахын жаргал” гэсэн шүлэг байна. Цочлоо бараг. Тэгээд уншаад үзсэн их гоё. Ханийн тангараг шиг санагдаад нулимс минь урсчихсан. Төгөлдөр хуурынхаа ард суухад л “Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй ээ хань минь дээ” гэсэн дахилтны ая ороод  ирсэн. Тэгээд ердөө 20 минутын дотор дахилтаа хийгээд дараа нь үндсэн аяыг нь 12 цаг гэхэд бэлэн болгочихоод утсаар хэллээ. Тэр дороо давхиад ирсэн. Жолоочтойгоо орж ирээд сонсоод, бид хоёр уйлаад. Сэтгэлийн минь бүтээл ингэж төрдөг байлаа.

Надад зориулсан шүлгээ өгөхдөө заавал хэлдэг юм. “Цагдаагийн гэргий”-г л гэхэд “Өглөө гараад явахдаа орой яахыг мэдэхгүй албанд зүтгэж яваа цагдаагийн гэргий байх амаргүй. Үргэлж хөлийн чимээ чагнаж суудаг тийм л хүн байдаг. Би ч цагдаа учраас чи ийм л замыг сонгосон шүү” гэж хэлж билээ.

“Хүлээсэн учрал” ч бас утга нь иймэрхүү. Үг нь хэчнээн гоё гээч.

“Зөндөө удсан цөхрөлөө аргадаж

Зөвхөн би чинь чамайгаа хүсэн хүлээсэн юм

Намрын шувууд шиг нуурандаа буцахгүй

Насаараа чамтайгаа ханьсаж явъя даа” гээд. Манай хүний хайрын шүлгүүд бүгд ханьдаа гэсэн чин сэтгэлийн үгс байдаг юм.

Хүн их сонин юм. Өнгөрсөн хойно нь бодоод байхад өөрийгөө л бичээд байжээ гэж санагддаг. “Ийм л байлгүй дээ” гэдэг дууг 2020 онд хийсэн. Олон жил ханилсан ханийн хайр халамж гэж ийм л байдаг гэдгийг гаргасан. Тэрийг хамт ажиллаж байсан, олон жил ханилсан гэр бүлийн хоёр захиалсан юм. Гэхдээ тэр шүлгэнд хань минь өөрийгөө л бичсэн санагддаг. Тэр бид хоёрын хамгийн сүүлийн дуу. Түүний өмнө бичсэн “Сөрж болдоггүй тавилан”-д ч амьдралаа л өгүүлсэн. 2015 онд ийм нэртэй кино хийхэд би хөгжмийг нь бичээд дууг нь миний шавь, ханийн минь цэрэг Г.Ариунбаатар, охин Г.Эрдэнэтунагалаг хоёр дуулсан, АНУ-д жүжигчний мэргэжлээр сурсан дунд охин Г.Оюунтунгалаг минь тоглосон.

ТОГЛОЛТ ХИЙХЭЭР ЗОРИГЛОСОН ШАЛТГААН НЬ МИНИЙ ХАНЬ

-Хань минь өнгөрөөд дөрвөн жил болох нь. Өнгөрснийх нь дараа би сэтгэл санааны маш хүнд байдалд орсон. Хаа л бол хаа хамт байж, хөтлүүлж, хөглүүлж амьдарсан хүн юу ч хийж, өөрийгөө ч олж чадахаа больдог юм билээ. Ажилдаа сатаарч өдөр хоногийг өнгөрөөж явсан надад өнгөрсөн жилээс ханийнхаа дутууг гүйцээж уран бүтээлийг нь үргэлжлүүлэх ёстой юм байна гэсэн бодол хүч өгч шүлгийнх нь номыг гаргах, бичиж дуусаагүй дурсамжийн номыг нь гүйцээхээр санаа шулуудаад ажиллаж байна.

Хэдий бид хожуу ханилж хориодхон жилийг хамтдаа туулсан ч энэ хугацаанд маш их зүйлийг бүтээсэн. Мөн сайхан ханийнхаа нөмөрт өдөр цаг минут бүрийг аз жаргалтайгаар сэтгэл хангалуун амьдарсан хувь заяандаа талархдаг. Хань сайтай хүн хорвоог зөв туулдаг, их амжилт гаргаж болдгийг ойлгосон он жилүүдийг надад бэлэглэсэн дээ, тэр минь. Намайг яг л нэг бүтээл хийхээр байгааг шууд мэдэрдэг. Хэчнээн их ажилтай байсан ч “За чи минь өнөөдөр нэг л онгодтой байх чинь. Өрөөндөө ор, хөгжмийнхөө ард суу. Хань нь хоолоо хийчихье” гээд гал тогоо руугаа явна. Хоол хачин гоё хийнэ. Хүүхдүүд аавыгаа хоол хийхэд их дуртай.

Зээ охин Есүй минь бид хоёртой хоёр настайгаасаа хамт байсан юм. Энэ жил 18 хүрсэн тэр минь Америкт сурахаар явсан. Охин нэг удаа “Эмээ та намайг хүнтэй суухгүй удлаа гэж болохгүй шүү. Би өвөө шигээ хүнийг л олно. Гэхдээ олоход хэцүү байх. Тэр болтол гэрлэхгүй” гээд намайг уйлуулчихаж билээ.

30 хүрэлгүй өнчирч хоцорсон эрх охиноо амьдралд алдаж онож явааг тэнгэрээс харсан ижий аав хоёр надад ханийг минь илгээсэн байх гэдэгт би итгэдэг.  Хэдий дэргэд минь үгүй ч мөнхөд хамт байгаагаа мэдрэх боломжийг хамтдаа хийсэн бүтээлүүд минь надад олгодог. Мөн миний хань ямар бүтээлтэй ямархан уран бүтээлч байсныг дахин нэг харуулахыг зорьж байгаа. Хийсэн эзэн нь үгүй ч түүнийг минь орлон уянгалах бүтээл нь намайг хөглөж байдаг гэсээр бидний яриа өндөрлөлөө.

Д.Цэцэрлэг гавьяат энэ удаагийнхаа тоглолтод ханьдаа зориулан босгож буй дуун суварга болсон шилдэг бүтээлүүдээ эгшиглүүлж, хамтдаа бүтээсэн хит дуунуудаа уянгалуулахаас гадна авьяасыг нь өвлөж төрсөн охид, зээ нарынхаа хоолойн чадал, хөгжимдөх чадварыг ч гайхуулахаар бэлтгэж буй юм. Хөгжмийн зохиолч, яруу найрагчийн гэр бүлд дуучин, жүжигчин, төгөлдөр хуурч, хийлч аль аль нь бий. Тэдний хамгийн бага зургаан настай бяцхан хийлч эмээгийнхээ тоглолтыг чимж хөгжимдөнө бас ээжийнхээ зохиосон дууг дуулна. Холын Америкаас хайртай зээ Есүй нь онлайнаар оролцоно. Мөн энэ тоглолтын оргил хэсэгт 1995 оноос хойш албан бусаар анд нөхдийнхөө хүрээнд хааяахан дуугаргах төдий байсан баянхуур хөгжмөө нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, баянхуурч шавь Д.Батсүх болон “Анир” поп оркестортой хамтран тоглоно, бас өөрөө дуулна гээд сюрприз олонтой юм билээ.

Багшийгаа тоглолтоо хийх сургаар СУИС, Багшийн сургууль, Соёлын сургуулийн шавь нар нь яаж туслах вэ, юу хэрэгтэй вэ хэмээн зогсоо чөлөөгүй залгаж, ирж уулзаж, зөвлөгөө хүртэл өгч байгаа гэсэн. Дуучин Б.Болд шавь нь тайзны гэрэл, дэлгэц гээд хэрэгтэй зүйлсийг нь хариуцаж, Э.Чулуунчимэг, Т.Батсайхан, А.Түмэн-Өлзий, Л.Чулуунбаатар гээд олон шавь нь А.Долгор, С.Ганзориг нарын ардын том цолтнуудтай хамтран багшийнхаа тоглолтын хөг аялгууг тааруулан буй бол зарим нь тоглолтдоо оролцуулсангүй хэмээн багшдаа гомдоллож байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



1
angry
1
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхны халдвар авсан дахин нэг хүүхэд нас баржээ 54 минутын өмнө
Тэтгэврийн зээлийг хуучин жишигт оруулж хэвийн олгох талаар Монголбанкинд ханджээ 1 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өсжээ 2 цагийн өмнө
Цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааврын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглох хуулийн төсөл эцэсэн батлагдлаа 3 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусгана 3 цагийн өмнө
​ Б.Нямсүрэн: Нөхөн сонгуульд 1176 төрийн албан хаагч ажиллаж байгаа 3 цагийн өмнө
Улаанбаатарт 14 градус дулаан байна 4 цагийн өмнө
Урсгал сөрсөн жолоочийг 3 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасжээ 4 цагийн өмнө
Хууль гэдэг баяраар барьдаг бялуу биш 4 цагийн өмнө
Чуулган: Ерөнхий сайдын оронд Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийнэ 4 цагийн өмнө
Д.Цэцэрлэг: Монголын урлагт жин дарах олон сайхан шавь надад бий 16 цагийн өмнө
“Сургууль минь БАЯРТАЙ” тоглолтын VIP тасалбар дуусжээ 18 цагийн өмнө
Хоёр иргэн тогтоол усанд живж, амиа алджээ 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн 21 цагийн өмнө
Ажлын цагийн хуваарийг 07:00-16:00 цаг болголоо 22 цагийн өмнө
Монголд айлчлах Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов гэж хэн бэ? 22 цагийн өмнө
​УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Огцрох амархан” жагсаалд оролцогчидтой уулзахаар болжээ 22 цагийн өмнө
ББСБ-аас олгох хэрэглээний зээлд өр, орлогын харьцаа тооцох аргачлалыг батлав 23 цагийн өмнө
Одонтой ээжүүд: Одонгоо авах мэдрэмж үгээр илэрхийлэмгүй сайхан байна 23 цагийн өмнө
Б.Жаргалан: Ерөнхий сайд нийгмийн дэмжлэггүй гэдгийг харуулж байна 23 цагийн өмнө