Гэр, байшингаа дулаалж хэмнэлт бий болговол 15 сая төгрөгийн буцаан олгол​т авах санал хүргүүлсэн

Ж.Булганаа
2025/05/14

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УлсынИх Хурлын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.  

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа хэр үр дүнтэй байгаа бол…?

-Манай ажлын хэсэг нийслэл Улаанбаатар хот төдийгүй, аймгийн төв орон нутагт агаарын бохирдол, утааг бууруулахын тулд ногоон санхүүжилтийн тогтолцоог хэрхэн оновчтой бүрдүүлэх, төрийн бодлогыг зөв зүйтэй чиглүүлэх талаар санал, дүгнэлт бүхий Улсын Их Хурлын тогтоол боловсруулах зорилготойгоор байгуулагдсан.

Ажлын хэсэг 2024 оны Улсын Их Хурлын намрын чуулганаас хойш нийт долоон удаагийн албан уулзалт, 10 гаруй удаагийн албан бус уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллалаа. Ингэхдээ тэгш оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, ногоон зээл олгож буй банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжилтнүүд, барилгын салбарын төлөөллүүд болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, бодлого боловсруулагч яамд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл зэрэг өргөн хүрээний оролцоог  хангаж, оновчтой шийдэл эрэлхийлж ажилласан. Эдгээр ажлын үр дүн маань дараагийн ажлын хэсгийн хурлаар эцэслэнэ.

-Дээрх уулзалт, хэлэлцүүлгүүдээс талууд ямархуу санал, зөвлөмжүүдийг гаргаж байна вэ?

-Төрөөс өмнө нь авч хэрэгжүүлсэн ажлууд ихэвчлэн хэрэглээг дэмжсэн бодлогыг баримталж ирсэн. Гэтэл агаарын бохирдлыг дорвитой бууруулах хамгийн оновчтой бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл нь хэмнэлтийг дэмжих бодлого юм. Иймд ажлын хэсгээс боловсруулж буй Улсын Их Хурлын тогтоолын төсөлд байшин, сууц, гэрээ дулаалсан өрхүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, ногоон зээлийн нөхцөлийг 60 сар хүртэл сунгах, одоо олгож байгаа ногоон зээлийн хүүгийн татаасны хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон шийдлүүдийг тусгахаар төлөвлөж байна. Үндсэндээ эрэлт, нийлүүлэлт, чанар гурвыг дэмжих гурван тулгуур баганатай цогц бодлогын өөрчлөлтийг тусгахыг зорьж байгаа юм. Тиймдээ ч, хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавьж, “ДУЛААНБААТАР” аяныг санаачлан эхлүүлээд байна.

- Уг аяныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Манай ажлын хэсгээс “Өвлөөс урьтаж дулаалцгаая” уриан дор “Дулаанбаатар” аяныг эхлүүлж байна. Энэхүү аяны хүрээнд айл, өрхүүдэд дулаалгын ач холбогдол, үр дүнг таниулахын зэрэгцээ, ногоон зээлийн санхүүжилттэй холбож бодит шийдлийг санал болгон, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллах юм.

Аянаа “Дулаанбаатар” гэж нэрлэсэн нь байшин, гэрээ дулаалсан өрх бүр хүйтнийг ажралгүй өвөлжих, дулааны баатар болж буй утгыг агуулна. Ногоон зээл олгох журам болон татварын дэмжлэг, зохицуулалтууд нийслэл хот төдийгүй орон нутгийн иргэдэд ч үйлчилнэ. Бид бүгд агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал бөгөөд үр дүнтэй шийдэл бол зөвхөн ДУЛААЛГА гэдгийг ойлгох хэрэгтэй байна.

-Өрх, гэрийг дулаалбал агаарын чанарт нөлөөлж, утааг бууруулахад ямархуу нөлөө үзүүлэх талаар холбогдох судалгааг хийсэн үү?

-Агаарын бохидлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны судалгаа хийж ажилладаг хэд хэдэн мэргэжлийн хүмүүстэй хамтран шаардлагатай судалгаа, тооцооллыг хийсэн. Бидний хийсэн энэхүү судалгаагаар дулаалгын ажлын орон даяар амжилттай зохион байгуулж чадвал 2028 он гэхэд агаарын бохирдол даруй 50-иас дээш хувиар буурах тооцоо гарсан.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцаар жишээ татаж болно. Нэг өрх сард  сайжруулсан түлш, түлээнд нийт 180-200 мянган төгрөг зарцуулдаг. Гэрээ 3.0 сая төгрөгийн үнэ бүхий багц дулаалгаар дулаалахад сарын 200 мянган төгрөгийг цахилгаан халаагуурын төлбөрт зарцуулдаг. Энэ нь цахилгааны үнийн өсөлтөөс хамаарч 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, 300 мянга гаруй төгрөг болж байна. Учир нь эрчим хүчний шөнийн үнийн хөнгөлөлтөд цахилгаан халаагуур багтдаггүй юм байна. Гэсэн хэдий ч цахилгаан хэрэглээнд шилжсэн айл өрхүүдэд хүүхдийн өвчлөл эрс буурсан, өөрсдийнх нь амьдралын чанар, тав тух нэмэгдсэн зэрэг маш олон давуу талууд байгааг иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэр хэлж байсан.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багцаар гэрээ дулаалсан хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар  тэдгээрийн 90 хувь нь гэр доторх агаарын чанар илт сайжирсан  гэсэн бол 89 хувь нь эрүүл мэндийн байдалд эерэг нөлөө үзүүлсэн, 66 хувь нь галлагаатай холбоотой хог хаягдлын хэмжээ буурсан гэсэн байна. Түүнчлэн өрх бүр жилд дунджаар дөрвөн тонн нүүрс, түлээний хэрэглээнээс татгалзсанаар агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан гэсэн судлаачдын дүгнэлт гарсан.

Мөн Жерэс ОУБ-ын хэрэгжүүлж буй “Дулаан шийдэл” төслийн хүрээнд гэр хорооллын дулаалгад зориулж 168 дулаалгын багийг бэлтгэсэн бөгөөд  эдгээр бригадуудаар дулаалгаа хийлгэсэн айлуудын 96 хувь  нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь сайн туршлага болсныг харуулж байгаа юм. Иймд эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд төрөл бүрийн халаалтын шийдлүүдийг өргөнөөр хамруулж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Татварын урамшуулал дэмжлэгийг хэрхэн тусгасан бол…?

-Татварын багц хуулийн төсөлд гэр, байшингаа дулаалж эрчим хүчний хэмнэлт бий болгосон иргэд Хүн амын орлогын албан татвараас 15 сая төгрөгийг буцаан олголт авах боломжтой болох зохицуулалтыг тусгахаар саналаа хүргүүлсэн.


0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 5 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 7 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 8 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 9 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 11 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 12 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 13 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 13 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 14 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр