Б.Баасандорж: Энэ УИХ нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг чухалчилна

О.Шүрэнцэцэг
2024/09/10

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд өнөөдөр (2024.09.10) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, дэд дарга Э.Лхагва, Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа нар оролцов.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-30-ны хооронд хуралдаж, нийт 12 өдөр үргэлжлэн, 7 удаа нэгдсэн хуралдаан болж, 30 хууль, тогтоол баталсан болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ дурдаж, тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санааг хууль тогтоомжид суулгах асуудлыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцолсон юм. Хоёрдугаарт, хуулийн зохицуулалт иж бүрэн, тодорхой, ойлгомжтой байж, хуулийн хэрэгжилт хэнийг ч ялгалгүй нэг мөр хангагддаг байхад Улсын Их Хурал анхаарч ажиллана хэмээсэн. Гуравдугаарт,  хууль нь цаг үеийн шаардлагад нийцсэн, хөгжил дэвшлийг дэмжсэн, цаг хугацааны хувьд хоцрогдолгүй байх ёстойг Улсын Их Хурлын дарга тэмдэглэснийг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дурдаад 1991 онд батлагдсан Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай, 1995 онд батлагдсан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиудыг жишээ татан тайлбарлав.

Түүнчлэн холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул Улсын Их Хурлын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв. Тодруулбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3,  хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.


Үргэлжлүүлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж зарим ажлын хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахалж ажиллаж байгаа юм байна. Улсын Их Хурлын дарга, холбогдох Байнгын хороодын дарга нар, УИХ-ын зарим гишүүд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэл, цаашид хийх өөрчлөлт, тулгамдсан асуудал зэрэг сэдвээр санал солилцсон. Үүний үр дүнд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг судлах, санал, дүгнэлт гаргаж, холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулан ажиллаж байна.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулжээ. Хуулийн зохицуулалт, бичилт, техник энгийн ойлгомжтой биш, хууль бүтээх бүхий л үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангалттай хэмжээнд хангадаггүй. Өдгөө хэрэгжиж буй Хууль тогтоомжийн тухай хууль болон холбогдох бусад хуулиудад хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангахаар тусгасан ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа учраас дээрх хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Энэхүү ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ахалж ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.


Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр эхлэх бөгөөд үүнээс өмнө хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгааг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дарга мэдээллээ. Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан бөгөөд иргэд саналаа өгөх боломж нээлттэй байгааг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Ийнхүү хэвлэлийн бага хурлын төгсгөлд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Тамгын газрын удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 18 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 18 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 20 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 20 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 20 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 20 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 21 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27