Цэргийн албанд татагдаад /2023-10-20/ сар ч болоогүй байсан шинэ цэрэг энэ сарын 12-13 нд шилжих шөнө учир битүүлгээр нас барсан. Хүүгээ эр цэрэгт мордуулаад 20 ч хоноогүй нас барсан тухай сонссон эцэг эх гомдол харуусалтай үлдэх нь тодорхой. Цэрэгт татагдахын тулд бие, сэтгэцийн хувьд эв эрүүл, сав саруул байж гэмээн шаардлага хангах ёстой. Тиймдээ ч хоёр ч удаагийн нарийн үзлэг, шинжилгээнд оруулж "Эрүүл саруул" гэсэн залуусыг цэрэгт татдаг. Ийн атал цэрэгт очоод сар ч болоогүй эрүүл хүүгээ “Унтаад сэрсэнгүй” гэж хэлэхэд итгэх хүн ховор биз ээ.
"Цэргийн амьдралын зодуур, дарамт, яргалал" гэж ярих олны үгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн цаг үе байсан нь үнэн. Харин өдгөө нийгмийн хөгжлөө дагаад хүний сэтгэхүй ч өөрчлөгдсөн хувьсан 21-р зуунд амьдарч байна. Тийм атал цэрэг арми дахь хуучин цагийн хандлага халагдах учиртай.
Гэсэн хэдий ч цэргийн алба дахь ёс бус харилцаа буюу ялгаварлан гадуурхалт, оны ялгаа, заналхийлал, сүрдүүлэг, хүч хэрэглэх зодох, мөнгө эд зүйл шаардах, доромжлох хараах, нэр хоч өгөх, бусдаар зодуулах зэрэг дүрмийн бус харьцааны хэлбэр сүүлийн 15 жилд тодорхой хувиар буурсан боловч өнөөдөр ч дүрмийн бус харилцаа амь бөх оршсоор байгаа нь мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас ил харагдана.
Түүнчлэн зөвхөн он гарсаар зургаан цэрэг амь насаа алдсан гэсэн тоо баримт байна. Эх орноо хамгаалахаар эр цэргийн албанд мордсон дахин нэг аав, ээжийн хүү амь насаа бүү алдаасай гэсэн үүднээс бусдад сэрэмжлүүлэг болгож бодит мэдээллээ ирүүлсэн уншигч, үзэгчдийнхээ мэдээллийг бид нэгтгэн хүргэж байна.
БОДИТ КЕЙСҮҮД:
- 1997 онд Зэвсэгт хүчний 032-р цэргийн ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч бусдад зодуулсны улмаас хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн. Цэрэгт байхдаа авсан зодуурын улмаас одоо нурууны гэмтэлтэй, Унаж татдаг болсон гэж ар гэрээс нь мэдээлэл өглөө.
- 2005 оны хаврын цэрэг татлагаар Эрдэнэт хотоос Зүүнбаянгийн цэргийн ангид дөнгөж 10-р анги төгсөөд байсан айлын ганц хүү Б эх орноо манахаар мордсон. Мөн оныхоо 11-р сард хэвлийн тус газраа буудуулан нас барсан.Түүний үхлийн шалтгааныг “Буугаа цэвэрлэж байгаад гал алдсан” гэх тайлбараар хаасан. Энэ үйл явдлын дараа сэтгэлзүйн хямралд орсон аав нь нас барж ээж нь сэтгэцийн өөрчлөлттэй болсон.
- 2010 он Дундговь аймгаас Өмнөговь аймаг байрлах Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн албанд мордсон 19 настай Д нь хал цэрэг, салаан даргадаа удаа дараа зодуулан хөлөө хугалуулсан. Хугарсан хөлийнх нь шарх эдгэхгүй удсан тул хугацаанаас өмнө чөлөөлөгдсөн.
- 2023 оны намрын цэрэг татлагаар Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний ....дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан 19 настай байлдагчийн ар гэртээ өгсөн мэдээлэл. Нэгэн дүүргээс ирсэн дөрвөн цэргийг ялган хоолгүй хонуулсан. Мөн шөнөө шинэ цэргүүдийг гадаа жагсаан үүрийн 04 цаг хүртэл дэглэж хонуулсан. Ар гэрээс эргэлтээр очих үед хажууд нь салаан захирагч нь харгалзаад тодорхой зүйл хэлж чадахгүй айдастай байсан.
- 2000 оны намар Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт байрлах... дугаар цэргийн ангид хугацаат цэргийн албанд татагдсан 18 настай байлдагч Н цээжин тус газраа буудуулж нас барсан. Талийгаачийг "Цэнэгтэй буу үүрч яваад гал алдсан" гэх дүгнэлтээр хэргийг хаасан. "Оршуулах ёслолын үед дүүгээ харахад нэг хөмсөг нь байхгүй, хамар нь чихэгдсэн байсан" хэмээн ярилаа.
- 2007 он Багануур дүүрэгт байрлах, Хилийн цэргийн 0252-р ангид алба хааж байсан байлдагчийг хал цэрэг Т-ийн орон дээр хэвтлээ гэх шалтгаанаар 50-аад хал цэрэг хоёр өдрийн турш зодож ээж нь ч танихааргүй болгоод зэвсгийн агуулахад 45 хоног нуусан. Гар хөл, нүүр ам нь зүсэгдэн шарх нь идээлэн халуурч байсан. Бага дарга нарт мэдэгдэхгүйн тулд тоо авах үед жижүүрт гарч буй цэргээр орлуулан эдгэртэл нь нуужээ.
- 2012 он Улаанбаатар хотоос Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж байхдаа дарга нараасаа байнга шанаа авч, зодуулж байснаас болж нүд нь хялар болсон. Жижиг биетэй, жин багатай байсан тул цэрэгт тэнцдэггүй байсан. Тухайн жил яагаад ч юм аваад явчихсан. Одоо ч нүд нь хялар хэвээр, хань ижил үр хүүхэдтэй болоогүй. Нүдний мэс засалд орох гээд чадаагүй.
- Иргэн Зоригт: 1998 он ангийн найз минь цэрэгт яваад улаан цайм хүнд зодуулсан шарх сорвитой нас барсан. Гэтэл үхлийн шалтгааныг "Хачигт хазуулсан" гээд өнгөрсөнд одоо ч харамсдаг
- Иргэн Ц: Цэрэгт яваад эрүүл хамартай хүн ирдэг юм уу, хамраа цохиулж хамрын таславч мурийсны улмаас насаараа бүрэн дүүрэн амьсгалж чадахгүй, толгой дүүрсэн хүн явна. Цэрэгт шанаа өгөх гэх зэрэг хамраа цохиулаагүй ирсэн залуус байхгүй байх. Миний том ах мөн л гоо сайхнаараа хохирч, хамраа чихүүлж ирээд хоёр ч удаа хүнд мэс засалд орж байсан, одоо ч муруй хамартай.
“НАМАЙГ АМЬДАД НЬ ИРЭЭД АВААЧ ЭЭЖЭЭ”
- 2011 он Улаанбаатарт байрлах ЗХ-ний ... дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа "Бага дарга нарын архины мөнгө олж өг" гэсэн дарамтад удаа дараа орж байнгын зодуурыг нь тэсэж чадаагүй ар гэрийнхнээсээ аврал хүсжээ. Ар гэрийнхэн нь хөөцөлдсөн ч хугацаанаас өмнө чөлөөлүүлж чадаагүй. Хүү гэртээ амьд мэнд ирсэн ч ардын арми түүний хувьд сайхан сэтгэгдэл үлдээгээгүй.
" ШАЛТГААНГҮЙ ДЭГЛҮҮЛДЭГ БАЙСАН"
2010 он Улаанбаатар хот ЗХ-ний ...дугаар анги амралтын цагаар...
- Өвлийн идэр есийн хүйтэн шөнө "Босоод" гэх дуунаар сандран боссон байлдагчид “Чипа цагаан”-тайгаа хөл нүцгэн гадаа гарч цасан дээр жагссан Цэргүүдийн хөлийн халуун элчинд цас хайлж цементэн дээр хайрагдсан. "Урагшаа нэг алхаад" гэх командаар дахин цасан дээр зогссон. Энэ үйлдэл нэг бус удаагийнх байсан.
- "Түгшүүр" гэх дуунаар сандран боссон шинэ цэргүүд хөлийн жийргээ санд мэнд ороон гуталгүй гүйхээрээ гарч жагссан. Туул голын хүйтэн мөсөн дээр алхуулсан. Жийргээ ороож сураагүй нэгнийх нь хөлийн ороолт суларч мөсөн дээр нүцгэн хөлөөрөө алхсан.
- Шинэхэн цэрэг гар дээр суниах тушаал гүйцэтгэж байв. Түүний хоёр гар дээр бакал гутлын өсгийгөөр гишгэж, алдаа гаргахыг хүлээнэ. Ядарч цуцсан байлдагч нэг л хором гуйвах төдийд түүний цээжинд бакалын өсгийгөөр дэлсэж орхижээ. Дахин өшиглүүлэхгүйн тулд хамаг хүчээ шавхан суниах шинэ цэргийн нүдэнд гал манас хийнэ. Ахин хоёр удаа бакалын өсгийгөөр цээжиндээ өшиглүүлсний дараа амнаас нь цус гарсан.
"ШАЛТГААНГҮЙ
ЗОДУУЛДАГ БАЙСАН"
2011 он Улаанбаатар хот ЗХ-ний ...дугаар анги амралтын цагаар...
- Шөнө дунд ид нойрондоо ээжийгээ зүүдлэн унтах үеэр гэнэт хөнжлөөр толгой руу дарсан. Гарын алчуурт нь хатуу саван ороон зогсоо зайгүй балбан зодож эхэлсэн. Юу болоод байгааг ойлгох сөхөө ч байгаагүй. Хэсэг нүдүүлсний дараа нэг юм ухаан орсон. Маргааш өглөө нь биеэ харахад хөхрөлт, няцралт байгаагүй нь сонин. Хал цэргүүд яаж зодохоо сайн мэднэ.
10
ЦЭРГИЙН ШҮД ЗЭРЭГ ӨВДӨЖ БАЙЖ ЭМЧИД ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2010 он Улаанбаатар ...дугаар цэргийн анги: Хорхойтож өвдсөн араа шүд шөнө унтуулахгүй өвдсөн. Гэвч тус цэргийн ангид шүдний эмч байгаагүй. Цэргийн төв эмнэлэгт шүдээ үзүүлэхийн тул бусад 9 найзынхаа шүд нь өвдөхийг хүлээнэ. Хэрэв шүд нь өвдсөн цэргийн тоо 10 болох юм бол нэг удаа эмнэлэгт үзүүлэх эрх үүснэ. Удаан хүлээсний эцэст эмнэлэгт очсон ч нэгэнт оройтсон байсан тул араа шүдээ авхуулахаас аргагүйд хүрсэн...
Сэтгэгдэл (100)