Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

О.Шүрэнцэцэг
2023/11/02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй Вьетнамын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Эртний түүхэн улбаатай, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны харилцааны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэв.

БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлэв.

Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв.

Талууд хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буйг дурдаад айлчлалын үеэр байгуулж буй “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнам Улсаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Талууд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг дурдаж, айлчлалын үеэр Монгол, Вьетнамын бизнес форумыг Ханой хотноо зохион байгуулж буйг сайшаав.

Мөн цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг талууд онцлоод Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж буйг дурдаад энэ чиглэлд вьетнамын талтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Хоёр улсын төрийн тэргүүн нар НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотлов.

Хэлэлцээний дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа 58 минутын өмнө
ХААИС-д 135 морины хүчин чадалтай “Кубота” тракторыг Япон улсын “Нийгата Кубота” ХХК-иас хандивлалаа 8 цагийн өмнө
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ 9 цагийн өмнө
“Хөгжлийн банкны” хэргийг мөрдөн шалгах явцад 861.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн 10 цагийн өмнө
Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, 30 сарын хугацаанд барина 11 цагийн өмнө
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа 12 цагийн өмнө
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 13 цагийн өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 14 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 14 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 14 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 15 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 16 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна Өчигдөр
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ Өчигдөр
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг Өчигдөр
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр