ТББХ: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.07.03/ хуралдаж, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 99 дүгээр захирамжаар байгуулагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэг 10, ажлын хэсэг 3 удаа хуралджээ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 3  санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр 4, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн 3 санал,  нийт зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэлээ.

Түүнчлэн хууль хоорондын нийцлийг хангах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу эцсийн хэлэлцүүлгийн шатанд шинээр боловсрууллаа хэмээн танилцуулсан.

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Төслийн 19 дүгээр зүйлд “Нам Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгох ажлыг зохион байгуулах хороотой байж болно. Хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, түүнийг байгуулах, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах болон үйл ажиллагааны журмыг энэ хуулийн 8 дугаар зүйл, намын дүрэмд нийцүүлнэ”, “Улсын Их Хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.3-т заасныг баримталж, тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж, холбогдох журмаар тогтоосон бусад шаардлагад үндэслэнэ” гэсэн хэсэг нэмэх санал дэмжигдсэн.

Мөн мөнгөн бус хандив авч байгаа тохиолдолд хандивлагчтай хандивын гэрээг бичгээр байгуулж гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулах, хуулийн этгээд намд хандив өгсөн бол хандивын хэмжээ, зориулалтыг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгах гэсэн агуулгатай хэсэг  төслийн 34 дүгээр зүйлд нэмэх санал олонхын дэмжлэг авсан.

Түүнчлэн төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт тавих хяналт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагатай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хэлэлцэх шаардлага гарсан бөгөөд төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж хэлэлцүүлж байна хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан юм.

Хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн “25 хувиас” гэснийг “40 хувиас” гэж, 8.4 дэх хэсгийн “хоёр жил тутам” гэснийг “жил тутам” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18