Орхон аймагт “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум болж байна

Н.Сумъяасүрэн
2023/06/15

Орхон аймагт “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум болж байна

Орхон аймагт өнөөдөр “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форум эхэлсэн. Хоёр  жилд нэг удаа зохион байгуулдаг энэ удаагийн  эдийн засгийн форумын ач холбогдол  гадаад харилцаа,  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулагчдыг татах, “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” бодлогын баримт бичгээ олон нийтэд танилцуулах юм.

Мөн  Монгол Улсын “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хийх хөрөнгө оруулалт, аймгийн нөөц боломж, иргэд ажиллаж амьдрахад таатай байх талаарх мэдээ, мэдээллийг танилцуулах зорилготой юм.

Засаг дарга С.Батжаргал чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Орхон аймаг, Эрдэнэт хот нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6.7 хувь, хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 49.1 хувийг хангаж, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг цөөн аймгуудын нэг.


Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байна. 2022 оны ажил,  нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ  Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан амжилтын мэдээг энэхүү индрээс дуулгахдаа баяртай байна. Энэ бол Орхон аймаг, Эрдэнэт хотын 107 мянга гаруй нийт иргэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй татвар төлөгч 8000 гаруй аж ахуйн нэгж байгууллага,  4000 гаруй төрийн албан хаагчид, эрдэнэтчүүдийн маань хөдөлмөр, зүтгэл сэтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэе” гэв.

 Мөн тэрээр   “Бид орон нутгийнхаа онцлог давуу талд тулгуурлан “Хүний хөгжил- Эрдэнэтийн хөгжил” гэсэн томоохон бодлого, уриалгын дор нэгдэн, бүхий л үйл ажиллагаагаа хүн төвтэй  хөгжлийн асуудалд чиглүүлэн ажиллаж байна” гэлээ.

Орхон аймаг орон нутгуудаас  анхлан  “Смарт Эрдэнэтплатформыг ашиглалтад нэвтрүүлж байна

Энэ жилийн эдийн засгийн форумын онцлог нь 2021 онд цахимаар зохион байгуулсан эдийн засгийн форумаас гарсан үр дүнг бодит ажил хэрэг болгож буйгаараа онцлогтой аж.  Тодруулбал, 2021 оны эдийн засгийн форумаас  цахимжуулалтыг эрчимжүүлж, цахим аймаг болох зорилтыг дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд  аймгийн ИТХ-ын 2021 оны 20 дугаар тогтоолоор “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг  батлуулан хэрэгжүүлсний үр дүнд  Эрдэнэт хотын төр, хувийн хэвшлийн  бүхий л үйлчилгээг нэг дор багтаасан   “Смарт Эрдэнэт”  платформыг орон нутгаас анхлан хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Маргааш болох  “Смарт Эрдэнэт экспо”-ийн үеэр нээлтээ хийх тус   аппликейшнийн онцлог нь “E-Mongolia” төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн дэд систем байдлаар орон нутгийн бүхий л үйлчилгээг нэг дор багтаасан цахим платформ ажээ. “Хамтдаа Эрдэнэтэд  хөгжье-2023” эдийн засгийн форумд  гадна дотнын олон зочид төлөөлөгчид бизнес эрхлэгчид оролцож, илтгэл мэдээлэл солилцож байна.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуассе Комлан Эва, Польш улсын элчин сайд Кшиштоф Бойко,  Польш улсын  Өргөмжит консул хатагтай Ж.Хулан, БНСУ-ын “ВК холдинг” компаний Ерөнхийлөгч Пак Пён Чэ тэргүүтэй зочид төлөөлөгчид,  бизнес эрхлэгчид энэ өдрүүдэд Орхон аймагт чуулахаар иржээ.

БНСУ-ын  шилдэг технологийн  компаниуд  Орхон аймагт “BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулна

БНСУ-ын “BK holdings” группийн ерөнхийлөгч Пак Пён Чэ тэргүүтэй 18 бизнес эрхлэгч “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форумд оролцож  байна. Ноён Пак Пён Чэ "БНСУ-ын Ноу-Хау, Барилга бүтээн байгуулалт болон аж үйлдвэрийг Эрдэнэт хотод нутагшуулах" сэдвээр  тавьсан илтгэлдээ  “Бид Солонгосын “OK Green Energy”, “Hyunjin Metal”, “Gogo Tech”, “Bumjin Energy” зэрэг шилдэг технологи бүхий компаниудтай хамтран ажиллаж, Эрдэнэт хотод “BK аж үйлдвэрийн цогцолборын кластер” байгуулна. Ингэснээр  Орхон аймаг аж үйлдвэрийн тэргүүний хот болох болно” гэдгийг онцолсон.

Орхон аймаг, БНСУ-ын   “BK Holdings”, “MAP” , “ШИН ТАЙ ЯН констракшн" зэрэг  томоохон групптэй барилгын төслүүд цаашлаад орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, ногоон барилгын материал, үйлдвэр байгууламжуудыг нутагшуулах, дахин төлөвлөлтийн төслүүдийг хэрэгжүүлэх  чиглэлээр хамтран  ажиллах санамж бичгийг өнгөрсөн сарын 31-нд үзэглэжээ.

Хариуцлагатай уул уурхай, хот хоёр хамтдаа хөгжиж ирсэн хамгийн тод бодитой жишээ бол Орхон аймаг, Эрдэнэт хот

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Хот хөдөөгийн сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, Улаанбаатар хотын төвлөрөлтэй өрсөлдөх боломжтой аймаг нь Орхон аймаг, Эрдэнэт хот гарцаагүй мөн. Нийслэл хоттой ойр, дэд бүтэц болон бусад бүтээн байгуулалтын хөгжлөөрөө тэргүүлэгч” аймаг гэдгийг онцолсон бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнгөрсөн, одоо ба ирээдүй" илтгэлдээ “Хариуцлагатай уул уурхай, хот хоёр хамтдаа хөгжиж ирсэн хамгийн тод бодитой жишээ бол Орхон аймаг, Эрдэнэт хот” гэдгийг онцолж байв.


Мөн энэ өдөр Орхон аймагт хэрэгжих боломжтой барилга, барилгын материал үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, биотехнологийн үйлдвэрлэл, технологи хөгжүүлэлт, эрчим хүчний 36 төслийг танилцуулж байна.

Эдийн засгийн форум 17-ныг хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд маргааш дижитал бизнесийн талаар мэдлэг олгох IT чуулган, хэлэлцүүлэг болно.  Энэ үеэр  Орхон аймагт  IT мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үнэ төлбөргүй сургалт болохын зэрэгцээ, ERDENET MLC E-sport-ийн тэмцээн, технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах арга хэмжээ гэсэн  4 хэсгээс бүрдсэн  “Смарт Эрдэнэт Экспо” болно.  Бизнес эрхлэгчдэд  бизнесээ эхлүүлж, хөгжүүлэхдээ сүүлийн үеийн цахим технологийг хэрхэн нэвтрүүлж, ашиглах боломжтой вэ гэдэг сонголтыг энэхүү арга хэмжээнээс хийх боломжийг олгох аж. Харин гурав дахь өдөр буюу бямба  facebook AR filter бүтээх, дижитал Арт сургалт, лего кодинг, электроник кодингийн сургалтууд  нэг өдрийн турш үнэ төлбөргүй болох юм байна.

 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 39 минутын өмнө
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ 18 цагийн өмнө
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ 18 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй 19 цагийн өмнө
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа 21 цагийн өмнө
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал 21 цагийн өмнө
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно 22 цагийн өмнө
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 23 цагийн өмнө
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ 23 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна 23 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай Өчигдөр
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно Өчигдөр
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно Өчигдөр
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо Өчигдөр
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд Өчигдөр
Нийслэлд +9 градус дулаан байна Өчигдөр