Батлан хамгаалахын сайд Ховд аймагт ажиллалаа

Ц.Цэрэнбадам
2023/06/12

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Ховд аймагт ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг тус аймагт хүрэлцэн ирэхэд Ховд Цэргийн хүрээний хүндэт харуул угтан авсны дараа Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн штабын байр, алдрын танхим, цэргийн гал тогоо, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсов. Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарт ажиллаж тодорхой асуудлуудыг шийдлээ.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хувьд Хатанбаатар С.Магсаржавын хөшөөт цогцолборыг барьж байгуулсны зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 10,000 мод тарих төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус анги салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшил, манлайлал, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдсан юм. Түүнчлэн хөдөлмөр, зүтгэл, албандаа хандах хандлагаараа бусдадаа үлгэр жишээч зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж, нутгийн удирдлагуудад Чингис хааны эш хөрөг, дурсгалын зүйлийг гардууллаа. Мөн тэдгээр анги, салбарын сургалт бэлтгэл, соёл хүмүүжлийн ажил, үйл ажиллагаанд зориулан 64 үйлдэлтэй ухаалаг дэлгэц, албан хэрэгцээнд ашиглагдах ачааны автомашиныг гардуулан өглөө.

Батлан хамгаалахын сайд үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ховд аймгийн Булган суманд зохион байгуулагдаж буй Баруун хил дээр зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 75 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ховд аймгийн ИТХ-ийн дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч бригадын генерал Х.Лхагвасүрэн болон бусад албаныхан оролцлоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт ард иргэд ээ. Эх орныхоо дархан хилийг хамгаалах үйл хэрэгт өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн азай буурал ахмадууд аа. Та бүхэнд энэ түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 1921 оны Ардын хувьсгалаас хойш манай орны үндэсний аюулгүй байдалд учирсан гаднын томоохон аюул, заналхийллийн нэг бол баруун хязгаарт болсон зэвсэгт дээрэм, газар нутгийг таслан авах гэсэн санаархал байсан юм. Үүний эсрэг манай цэрэг, дайчид, ард иргэдтэйгээ хамтран тууштай тэмцэл хийж ялалт байгуулсан гайхамшигт түүхтэй билээ. Баруун хилийн зэвсэгт тулгаралтад гарамгай гавьяа байгуулсан олон зуун эх орончдынхоо гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, тэдний гавьяа зүтгэлийг алдаршуулахаар энэхүү түүхэн үйл явдлын 75 жилийн ойг бид ёслол төгөлдөр тэмдэглэж байна" хэмээгээд ахмад дайчид, тэдний гэр бүл, Булган сумын иргэдэд аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Мөн энэ өдөр Баруун хилийн зэвсэгт тулгаралтад амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээв. Ховд аймгийн Булган сумын Увш хааны талбайд босгосон 12.7 метр өндөр гэрэлт хөшөөг цагаан гантигаар бүтээж, оройд нь Төрийн соёмбыг дүрсэлж, өмнө нь мөнхийн галыг бадраажээ.
Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан Ховд аймгийн Булган, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумыг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа.


Ташрамд дурдахад, Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь 1940-1948 оны хооронд одоогийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн газар нутаг, хилийн 1250 орчим км өргөн нутаг дэвсгэрийг хамарч олон жил үргэлжилсэн байдаг. Энэхүү зэвсэгт тулгаралтын ач холбогдол нь Монголын Ардын Арми бие даан тулаанд оролцож, түүхэн ялалт байгуулсан явдал юм. Тэдгээр он жилүүдэд олон тооны дээрэмчин, гоминданы цэргүүдтэй Монголын хилчин дайчид, иргэд хамтран тулалдсан гэдгээрээ түүхэнд үлджээ. Улмаар 1948 онд болсон Бүдүүн харгайтын тулаанд байгуулсан ялалт энэхүү зэвсэгт тулгаралтыг эцэслэсэн түүхтэй. Мөн дээрх зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдаас өдгөө 15 нь амьд сэрүүн, энх тунх амьдарч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 1 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 2 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 3 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 6 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 7 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 8 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 8 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 9 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр