УИХ: Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь болгохыг дэмжлээ

Л.Бямбажав
2023/06/09

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтад багтах улс төрчдөд анхаарал хандуулах шаардлага бий гэдгийг иргэд, олон нийт анхааруулж байсныг гишүүд уламжилж байв. Жагсаалттай холбоотойгоор төсөлд “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёсны зарчмыг баримталж, нийгмийн бүлгийн төлөөлөл, оролцоог хангана.”, “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.” гэсэн заалтуудыг оруулж байгаа талаар Д.Тогтохсүрэн гишүүн мэдээлэл өгөв. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн төслөөр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг нарийвчилж, тодорхой болгоно гэлээ. Түүнчлэн тухайн нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь эрхлэн явуулах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, нэг нам, эвсэл 48 нэр дэвшигчийг жагсаалтаар сонгох тохиолдолд хэрхэн санал өгөхийг Ц.Сандаг-Очир гишүүн тодруулсан. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг нь тойрогт нэр дэвшигчдэд зориулсан хэсэг байх аж.

 Сонгогч тойрогт нэр дэвшигчдээс сонголтоо хийж, дугуйлах бол хоёр дахь хуудас дахь улс төрийн намаас сонголтоо хийнэ гэдэг тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн тайлбарлалаа.

Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн аль нэг хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалтыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Өнөрболор, Д.Ганбат нар тодруулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалттай, харин төслөөр 30 хувь болгохоор байгааг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд “Төсөл дэх хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалт Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 36 намд тэгш боломж олгох ёстой. Аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг нь аль нэг хүйсийн төлөөлөл нийт 126 нэр дэвшигчийнх нь 38 нь байна гэсэн үг. Одоо мөрдөгдөж буй хуулиар 15 нэр дэвшигч аль нэг хүйсийн төлөөлөл байх ёстой байсныг хамгийн багадаа 38, улмаар 126 байх боломж бүрдэж байгаа хэрэг” гээд энэ хэмжээний өөрчлөлтөөс гарах үр дүнгийн талаарх тооцооллыг мөн тайлбарласан. Олон улсын түвшинд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл нь дунджаар 40 хувиас багагүй байгаа бол парламентын бүрэлдэхүүний 26 (дунджаар) хувь нь нэг хүйсийн төлөөлөл байгаа гэдэг тоо мэдээллийг танилцуулсан. Дээрх өөрчлөлтийн үр дүнд хүйсийн төлөөллийн тэгш байдлыг хангахад дэвшил болж байгаа гэдэг хариултыг Д.Тогтохсүрэн гишүүн өгсөн. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг хангах, намуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг нэлээд нарийвчилж хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.

Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг цахим орчинд явуулахтай холбоотой зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас; цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас; бусад цахим хуудас ашиглах зохицуулалттай. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлдэг байна. Сурталчилгаа явуулах цахим хуудсыг Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 3 хоногийн дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлдэг талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хариулт өгсөн. Улсын Их Хурлын сонгуульд оролцож буй нам, эвсэл нийт зардлынхаа 15 хувиас хэтрэхгүй хэмжээний зардлыг цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа зарцуулах зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тайлбарлаж, хариулт өгөв.

Улсын Их Хурлын сонгуулийн зардлыг бууруулах чиглэлд төсөлд туссан зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулт өгсөн. Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрүүд өөрчлөгдөхгүй ч тоо, хэмжээний хувьд буурч байгаа гэлээ. Сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээг хоёр дахин багасагаж, нэгдсэн самбартай болгож, ухуулагчдын тоог 40 орчим хувиар, ухуулагчийн урамшууллын зардлыг хоёр дахин бууруулах зохицуулалтуудыг тусгасны үр дүнд Улсын Их Хурлын сонгуулийн нийт зардал 42-45 хувиар буурах боломжтой гэдгийг хэллээ. Тухайлбал, тойрог тус бүрд нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх юм байна. Сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, хороонд гурав хүртэл нэгдсэн самбартай байх бөгөөд нэгдсэн самбарт байрлуулах нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байх аж. Сум, дүүргийн Засаг дарга холбогдох журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулахын зэрэгцээ үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. Улсын Их Хурлын сонгуулийн үеэрх хамгийн өндөр зардал болох ухуулагчийн урамшууллыг бууруулсан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн хариултынхаа үеэр хэлсэн. Одоо “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй” гэсэн зохицуулалттай байгааг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгаад байгаа аж. Үүний зэрэгцээ нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалтыг тусгасан, үүнийг намууд мөрдөж, санхүүжилтээ ил тод, нээлттэйгээр босгож, зардлаа “шилэн” байдлаар тайлагнах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүн тайлбарлав.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулах” гол эрх зүйн зохицуулалт хэлэлцэж буй төслийн хүрээнд явна гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлсэн бол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоог нэг хэлбэрээр, тогтвортойгоо явуулах саналыг Ч.Хүрэлбаатар гишүүн илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хүйсийн квотыг дэмжиж буй гишүүдэд талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн, батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Ийнхүү гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 62 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 5 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 5 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 5 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 10 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 10 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27