Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрбээр "УИХ-ын гишүүд, сайд, дарга нар болон тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно. Гишүүн, сайд, дарга болохоосоо өмнө бизнесээсээ татгалзаж чадах уу гэдгээ бодох хэрэгтэй. Төр тусдаа, бизнес тусдаа байх ёстой" гэсэн юм.
Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид”хэмээн эхэлж, “Мэдэгтүн! Сахигтун!”гэж төгсдөг. Энэ нь Үндсэн хуулийн үг, үсэг, цэг, таслал бүхэн гүн гүнзгий утга илэрхийлж, бүх нийтээрээ нийгмийн соёл, эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэхийн төлөө эрмэлзэх агуулгатай.
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”,“Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” хэмээн заасан байдаг.
Эл агуулгаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд бол эрх мэдэлтэн, албан тушаалтан гэхээс илүү олон нийтийн үйл хэрэг, нийгмийн сайн сайхны төлөө өөрийнсайн дурын үндсэн дээр иргэдийг төлөөлж буй ард түмний элч,төр-иргэнийг холбосон итгэлцлийн гүүр билээ. Улс орнуудын урагшлан хөгжсөн, уруудан доройтсон түүхэн сургамжуудын үндэс ч төр-иргэний итгэлцлийн цөм болсон авлигаас ангид засаглалтай шууд холбоотой нь ойлгомжтой.
Ард түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хувийн эрх ашгаа хангах эрх мэдэл хэмээн андуурсан авлигачид, тэдний эрх ашгаар томилогдсон бусармаг этгээдүүдийн харалган үйлдлээс болж, ардчилсан эрхзүйт төрийн амин сүнс болсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүндийг унагаж буй үйлдлүүдийг нэн яаралтай таслан зогсоож, төр-иргэний итгэлцлийг эргэн сэргээж чадахгүй бол авлигаардчилсан парламентын засаглалын аминд хүрэх аюултай.
Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд,Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга болон түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн худалдан авалтад оролцох, аливаа хөнгөлөлттэй зээл тусламж, тэтгэлэг, батлан даалтад хамрагдахыг тус албан тушаалыг эрхэлж буй хугацаанд нь хориглохоор тусгалаа.
Энэхүү хуулийн төсөлд дээр дурдагдсан албан тушаалтнуудаас гадна Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор болон Төрийн албаны зөвлөл, Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа тайлагнадаг байгууллагын дарга, орлогч нар, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд мөн адил хамаарах болно.
Энэхүү хууль батлагдсанаар улс төр, бизнесийн хэт хамаарал зааглагдаж,төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байх ёс зүйн заагийн эхлэл цэг болох юм.
Энэхүү хууль батлагдсанаар ирээдүйд олон улс төрчид, төрийн албан хаагчдыг болзошгүй авлигын эрсдлээс урьдчилан сэргийлж, хамгаалж чадна гэдэгт итгэж байна.
Цаашид төрийн албыг төрлийн алба болгох, төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж, бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай байх суурь реформыг олон нийтийн идэвхтэй хэлэлцүүлэгт үндэслэн хийх болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна