“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа

Л.Бямбажав
2023/04/21

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриан дор “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа.

Нийслэл хотын хувьд хөрөнгө оруулалтын форумыг 2015 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дотоодын компани, аж ахуйн нэгжүүдэд бодлого, төлөвлөлтөө танилцуулан, санал солилцож байв.

Харин энэ жил гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд болон хамтын ажиллагаатай байгууллага, Элчин сайдын яамд, ах, эгч дүүгийн харилцаат хотын төлөөлөл тэргүүтэй 500 орчим зочин, төлөөлөгч оролцсон.

Арга хэмжээний үеэр хөрөнгө оруулалт шаардлагатай, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын 50 төслийг танилцуулсан. Түүнчлэн шинэ санаа, үйл ажиллагааныхаа талаар аж ахуйн нэгж, байгууллагууд танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тухайлбал, “Талын Метал Нутаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Асхар нунтаг төмөрлөгийн үйлдвэрийн өргөтгөлийн төслийг танилцуулсан бол “Хот, нийтийн аж ахуйн өнөөгийн байдал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломж” сэдвээр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа илтгэл тавьсан.

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, нийслэлийн урт хугацааны тогтвортой хөгжилд хөрөнгө оруулах ухаалаг боломжуудын талаар онцлов. Хотын утааг багасгах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй орон сууцны төсөл, хөтөлбөрүүд, энэ салбарын санхүүжилтийн тогтолцоо, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар МИК ОССК, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас танилцууллаа.  

Улаанбаатар хотод тулгамдаж буй байгаль орчин, дэд бүтцийн асуудлыг шийдэх, хот төлөвлөлт, барилга, замын бүтээн байгуулалтад хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх чиглэлээр 14 санамж бичиг, гурван гэрээ байгуулав. Тухайлбал, “HUB Инновацийн төв” дээр танилцуулсан гарааны компаниуд дараачийн шатны хөрөнгө оруулалтаа татах гэрээ, хэлцлүүдийг хийж чадсан байна. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн зарим ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхэд хамтран ажиллахаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн арга хэмжээг хааж “Өнөөдрийн форумын үр дүн маргаашаас ажил хэрэг болно. Цаашид Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн санхүү, бизнесийн төв хот болгон хөгжүүлэхэд бид хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажиллах болно гэдгээ дуулгахад таатай байна” хэмээлээ.

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын үеэр мөн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны саналуудаа дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон хамтран ажиллах байгууллагуудад хүргүүлсэн юм.

Асуудлыг үндсээр нь шийдэх том хөрөнгө оруулалтыг татах, улаанбаатарчуудад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага нэгдэж хамтран ажиллах хөрс ийнхүү бүрдлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 17 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 18 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 19 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 19 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 20 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 20 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27