Л.Оюун-Эрдэнэ: ​Монголчууд бид нэгдмэл байж чадвал юуг ч бүтээн байгуулж чаддагийг Оюутолгой төсөл харууллаа

Л.Бямбажав
2023/03/13

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлж буй ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио-Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм болон бусад албаны төлөөлөл оролцож байнаГүнийн уурхайг блокчлон олборлох бөгөөд энэхүү олборлох арга нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга юм. 

Оюутолгой нь Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд 34 хувийг Монголын Засгийн газрыг төлөөлөн Эрдэнэс Оюу Толгой компани, 66 хувийг Рио Тинто групп эзэмшдэг. Рио Тинто нь 2022 оны нэгдүгээр сард Монгол Улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг хугацаанаас нь өмнө эхлүүлэх амлалтаа биелүүлж цаашид Монгол Улсыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч болгох эхлэлийг тавьж байна. 

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Эрхэм монголчууд аа,
Хөрөнгө оруулагчид, хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн  уурхайчид, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ Гүний уурхайн эхний олборлолт эхэлж буй түүхэн өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.
 
Одоогоос нэг жилийн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюу Толгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсан билээ.
 

Хөрөнгө оруулагч тал Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа бүрэн хүрч чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна.

 Эрхэм хатагтай, ноёд оо
 
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна.
 
Энэхүү Гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэргэдгийг онцлон тэмдэглэж байна.
 
Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ.
 
2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюутолгой төсөл юм.


 
Оюутолгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй ээ. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Улсын Их Хурлын 92 болон 103-р тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Түр хороо, Ажлын хэсгийн гишүүдэдээ,
 
Оюу Толгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид, Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон хэлэхийг хүсэж байна.
 
Оюу Толгойн Гүний уурхай нь “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг билээ.
 
Оюу Толгойн Гүний уурхай нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна.
 
Оюу Толгой төслийн хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлэсэн “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Танд болон Таны багт, эрхэм хөрөнгө оруулагчдадаа нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
 
Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод,  харилцан ашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй  түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна. 
 

Оюутолгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш нэмүү өртөг шингээж, Аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна.
Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна.  
 
Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, том төслүүд эрчимжиж байна.
 
Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жил Оюу Толгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна.
 
Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улсаа дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн, аж ахуйн нэгж бүхэн хичээн ажиллацгаая.  
 
Эрхэм хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Монгол Улсад дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
 
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай!


 


4
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 11 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 11 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 11 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 16 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 16 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27