“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Ш.АДЪЯАМАА
2022/08/19

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2022.08.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байна. Тэдгээрийн нэг нь эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлого бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагууд үүнийг ихээхэн дэмжиж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг гэж үздэг хэмээн хууль санаачлагч танилцуулав.

Тэрбээр, энэ хүрээнд улсуудын Засгийн газраас эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоо болон эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын зорилготой уялдан эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж (англ. women-owned business), эмэгтэй эзэнтэй жижиг бизнес (англ. women-owned small business) зэрэг эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо олон улсын бизнесийн практик, эрх зүйн орчны хүрээнд бий болж байна.

Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрчээ.

Угтаа Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /1966/-ын оролцогч улсын хувиар тус пактын 3 дугаар зүйлд “эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах ...”, мөн пактын 7 дугаар зүйлийн i дэх хэсэгт “...эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох” гэж тус тус заасныг биелүүлэх үүрэгтэй юм.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн “Монгол Улсад Ковид-19 цар тахлын охид эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”-нд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Түүнчлэн, эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг тодорхойлсон хуулийн албан ёсны тодорхойлолт байдаггүй. Хуулиар энэхүү тодорхойлолтыг баталгаажуулснаар хүйсээр ангилсан тоон мэдээллийн санг бий болгож улмаар энэхүү тоон мэдээлэлд үндэслэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно. Эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан техникийн туслалцаа, бизнесийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах болон бизнесийн тохирсон загвар гаргах талаар дэмжлэг үзүүлэхүйц зөвлөх үйлчилгээ үгүйлэгдэж байна” гэжээ.

УИХ-аас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” (ЖЭТБХтХ)-ийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр “эдийн  засгийн  үр  ашиг  багатай,  эздийн  өмч  давамгайлдаг,  нэмэгдэл  өртөг багатай салбаруудад эмэгтэйчүүд голчлон ажиллаж байгаа бол эздийн өмч өндөртэй, мөн цалин өндөртэй салбаруудад эрэгтэйчүүд голчлон ажиллаж байна” гэжээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж, ахуй нэгжийн 58 хувь нь эрэгтэй захиралтай байгаа бол орлого нэмэгдэх тусам эрэгтэй захирлын эзлэх хувь 72 хувь болж өссөн байх бөгөөд 200-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжийн 71 хувь нь эрэгтэй захиралтай байна. Үүнээс бичил, жижиг түвшний аж ахуйн нэгж дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй ойролцоо боловч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, ажилтны тоо нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгааг харж болно.

Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог тодорхойлохын тулд эмэгтэйчүүдэд чиглэсэн эрх зүйн тусгайлсан зохицуулалт байгаа эсэхийг харгалзан үзэхээс гадна бизнесийн өмчлөлийн бүтэц дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувь, бизнесийн салбарт удирдах болон хяналтын түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо зэргийг хүйсээр ангилсан статистик тоогоор тодорхойлох шаардлагатай болдог.

Хэдийгээр манай улс хүйсээр ангилсан албан ёсны статистик мэдээлэл гаргах, бүртгэх асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хуульчилсан боловч бизнес эрхлэгч эмэгтэй гэдэгт юуг хамааруулах тодорхойгүй байгаатай холбоотойгоор тус хуулийн уг асуудалтай холбоотой зохицуулалт хангалттай түвшинд хэрэгжих боломжгүй байна.

Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилтийн, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх юм.

Бизнесийн салбар дахь жендэрийн ялгааг илүү нарийвчлан үнэлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн, оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тодорохойлох зарим хууль эрх зүй, бодлогын таатай орчинг бий болгох шаардлага үүссэн. Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэгдсэн ойлголттой болох, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох, оновчтой, цогц орчинг бүрдүүлэх эрх зүйн томоохон шинэтгэлийн суурь болох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, С.Одонтуяа, М.Оюунчимэг нар “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийн талаарх үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэлийнхэнд танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Монголбанк 1097.1 кг үнэт металл худалдан авсан байна 16 минутын өмнө
Таван дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана 29 минутын өмнө
Зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ 48 минутын өмнө
​Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү 1 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлд хэн хэн багтав? 16 цагийн өмнө
Н.Учрал: Нэг сарын дотор 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Тиймээс хугацаа алдмааргүй байна 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна 17 цагийн өмнө
JCI Эко салбар байгууллагын “Залуу Ой” төсөл 8 дахь жилдээ 17 цагийн өмнө
Улаан нуурын экосистемийг сэргээх “Цагаан бургастай-Онги усан цогцолбор” төсөл хөдөлж эхэллээ 20 цагийн өмнө
Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 20 цагийн өмнө
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана 20 цагийн өмнө
Мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгнөөс эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрчээ 20 цагийн өмнө
Г.Лувсанжамц: Нийслэлийг 14 хот болгож задлах асуудалд төвлөрөх бус, дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой 21 цагийн өмнө
Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ нөгөөдөр хэлэлцэнэ 21 цагийн өмнө
П.Сайнзориг: Хотыг хувааж тоглох гээд байгаа зүйл байхгүй 22 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ө.Шижир, Тавантолгойн орд газартай холбоотой баримт мэдээллийг цувралаар хүргэнэ 22 цагийн өмнө
Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Өөрчлөлтийн төлөө нэгдэж байна 23 цагийн өмнө
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна 23 цагийн өмнө