АКАДЕМИЧ Г.ЧУЛУУНБААТАРЫГ БСШУС-ЫН САЙДААР ТОМИЛЛОО


УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Г.Чулуунбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилуулах саналаа танилцууллаа.

Г.Чулуунбаатар нь 1957 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн бөгөөд 1975 онд тус сургуулийн I сургуулийг төгсчээ. 1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр төгсөн, 1993 онд Москвагийн Олон Улсын удирдлагын академийг аспирантурт суралцаж философийн докторын зэргийг хамгаалсан байна. Г.Чулуунбаатар нь МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх судалгааны төвд эрдэмтэн, нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газарт УИХ-ын даргын ахлах зөвлөх, албаны дарга, СУИС-ийн Соёл урлагийн менежментийн тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирлаар тус тус ажиллан өдгөө ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд улсад 36 жил, үүнээс боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 29 жил ажилласан байна. Иймд Г.Чулуунбаатарын боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллан хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй зорилтуудыг биелүүлэх, танхимын зарчмаар ажиллах чадвартай гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй, харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Г.Чулуунбаатарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн тус яаманд боловсрол, соёлоос гадна спортын салбар харъяалагдаж буйг анхаарч, биеийн тамир, спортын асуудалд ач холбогдол өгч ажиллах, тэр дундаа УИХ удахгүй Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийг хэлэлцэх тул үүн дээр залуучууд, иргэдээ дэмжин ажиллаарай хэмээн хүсэв. Мөн боловсролын салбарт сургуулийн хүртээмж, боловсролын чанарын асуудал анхаарал хандуулан ажиллах шаардлага байгааг онцгой анхаарч, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой нягт хамтран ажиллана хэмээн найдаж байна гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Г.Чулуунбаатарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр уг асуудлыг дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулсан юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь түүнийг дэмжин томилов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18