М.ЭНХБОЛДЫН "МОНГОЛ ТӨР - МОНГОЛ ГЭР" МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

О.Шүрэнцэцэг
2019/12/25

МАН-аас нэр дэвшин, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй М.Энхболд мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Түүний "МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ГЭР" гэж нэрлэсэн мөрийн хөтөлбөрийн онцлох амлалтууд юу вэ?

Монгол гэрийг бүрдүүлэгч хэрэглэгдэхүүн бүр өөрийн онцлог, үүрэгтэй. Тэдгээрийг төлөөлүүлэн МАН ирэх дөрвөн жилд дараах ажлуудыг хийнэ хэмээн амлажээ.

ТООНО: НАМЫН САНХҮҮЖИЛТИЙГ ИЛ БОЛГОЖ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ДЭЭДЭЛНЭ

Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын тэнцвэртэй, харилцан ойлголцсон улс төрийн зөвшилцлийг хуулийн хүрээнд хангана.

Иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллана.

Төрийн бодлого, үйл ажиллагаанд улс төр бизнесийн явцуу бүлэглэл нөлөөлөхийн эсрэг тууштай зогсож, ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавина.

Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийг ил тод, хяналттай болгоно.

Төрийн өндөр албан тушаалтнуудад тооцох хариуцлагын тогтолцоог шинэчилнэ.

Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа хуулийн зохицуулалтуудыг залруулна.

ХАНА: АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ОНООХ ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАНА

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард түмнээсээ асууж шийдвэрлүүлнэ.

Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгана.

Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна.

Иргэдэд ялгавартай хандаж, хүний эрх зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон бүх шатны шүүгч, прокурор болон бусад холбогдох албан тушаалтанд оногдуулах хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

ШҮҮХ ШҮҮНЭ. УЛС ТӨР, УЛС ТӨРЧ ОРОЛЦОХГҮЙ

Хууль сахиулах, шүүхийн ажиллагаа улс төрөөс ангид байх зарчмыг тунхаг яриа биш ажил хэрэг болгоно.

Бүс нутаг, олон улсын цагдаа хүчний байгууллагуудтай илүү нягт, идэвх уялдаатай хамтран ажиллаж улсад их хэмжээний хохирол учруулаад гадаадад оргон зайлсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, эргүүлэн эх оронд нь авчрах ажиллагааг дэмжиж ажиллана.

УНЬ: УЛААНБААТАРЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ, ДАГУУЛ ХОТ БИЙ БОЛГОХЫГ ДЭМЖИНЭ

"Монгол хүний эрүүл мэндийг урьдчилан хамгаалах" үндэсний хөтөлбөр шинэчлэн санаачилж, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Ерөнхий боловсролыг тогтвортой төрийн бодлогоор дэмжих, нэн ялангуяа байгалийн шинжлэлийн хичээлийг шинэ шатанд гаргана.

Олон улсын хэмжээнд үнэлэгдэх чанартай боловсролыг эх орондоо зардал багатай эзэмших боловсролын менежментийн тогтолцооны эрх зүйн орчинг сайжруулна.

Олон улсын нэр хүндтэй тэргүүлэх их дээд сургуульд элсэн суралцах боломжийг өргөжүүлнэ.

"Залуучууд-ажил эрхлэлт", "Залуучууд-орон байр", "Залуучууд-бүтээлч хөгжил", "Оюутан-дотуур байр" цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Иргэний боловсролыг дэмжин хүүхэд залуучуудад бизнесийн суурь боловсрол олгох санаачилга гарган хөрөнгө оруулагч иргэд бий болгоход анхаарна.

Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, урамшуулах бодлогыг дэмжиж хууль, эрх зүйн орчинг сайжруулна.

Өндөр настан, нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын бодлогыг дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална.

Боловсрол, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарна.

Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжинэ.

Эхчүүдийн төрөхийн өмнөх, төрсний дараах болон хүүхдээ өсгөхөд шаардагдах нийгэм хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолдож байгаа хорт хавдрын эрсдэлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэгт хоёр жил тутамд бүрэн хамруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эх үрсийн бодлогыг бүх талаар дэмжиж ажиллана.


ШИНЖЛЭХ УХААНД ДЭМЖЛЭГ, ТЕХНОЛОГИД САНХҮҮЖИЛТ

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бүс нутгийн дундаж жишигт ойртуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

Технологи, мэдлэг бий болгох, импортлох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил хамтарсан аливаа санал санаачилгыг дэмжиж, шилдэг инноваторуудыг төр, бизнесийн салбарт ажиллуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Дэлхийн шилдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, компаниудад ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ урьж, ур чадварыг нь ашигладаг санаачилгыг өрнүүлнэ.

УЛААНБААТАР УЛС ГЭРИЙН НЭРИЙН ХУУДАС

Нийслэл хотын хөгжлийг төлөвлөх, бодит ажил болгох, гүйцэтгэлд нь хяналт үнэлгээ хийхэд орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, иргэдийн хамтын оролцоог дэмжинэ.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ бүс, дагуул хот бий болгох, Хөшигийн хөндийг дагасан шинэ бүтээн байгуулалтыг дэмжинэ.

Улаанбаатарын тээврийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, хүн, ачаа тээврийн шинэ чиглэл бий болгох зорилгоор хотыг тойрон гарах төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.

БАГАНА: УУЛ УУРХАЙН БОЛОН ДАГАЛДАХ ДЭД БҮТЦИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ЭХЛҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА

Багана бол монгол гэрийн тулгуур юм. Тогтвортой, өсөлттэй эдийн засаг бол улс гэрийн маань багана.

Бүтээлч, өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй, нийгэм эдийн засгийн аливаа эрсдэлийг даван туулах чадамжтай нийгмийн дундаж давхаргыг өргөжүүлэх бодлого баримтална.

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг ойрын хугацаанд эрс сайжруулах ТОГТВОРТОЙ БОДЛОГО Засгийн газар, УИХ-тай хамтран хэрэгжүүлнэ.

"Сэхээн амьдруулах"-аас "энгийн тасагт" шилжсэн эдийн засгаа "эмнэлгээс гаргах" шийдвэр бүрийг тууштай дэмжин ажиллана.

Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллана.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙГ АЖИЛ БОЛГОНО

Нүүрс боловсруулах, нийлэг хий, шатахуун орлох бүтээгдэхүүн гаргах, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах төслүүдийг дэмжинэ.

Аж үйлдвэрийн паркийг цаасан дээр биш газар дээр нь байгуулахыг УИХ, Засгийн газарт чиглэл болгож хамтран ажиллана.

Судалгаа шинжилгээнд суурилсан, өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах, олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадвартай дотоод нөөц бололцоондоо тулгуурласан эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна.

Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллана.

Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжинд анхаарна.

Мэдээллийн технологи, ХАА-н чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж, УИХ, Засгийн газарт чиглэл болгоно.

Эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээс бүрэн хангах, цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүч ашиглах төрийн болон хувийн хэвшлийн санаачилга, ажил хэргийг дэмжиж ажиллана.

Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

Одоо болон ирээдүй хойч үеийн хөгжлийг дэмжих "Ирээдүйн өв сангийн тухай" хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана.

"Эдийн засгийн коридор" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана.

Атрын аяны хүрсэн төвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна.

Мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлнэ.

БИЗНЕСИЙГ ГАРААН ДЭЭР НЬ ДЭМЖИНЭ

Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа - хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.

Компаниудыг олон нийтийн хувьцаат компани болгохыг дэмжиж, эрх зүйн орчинг сайжруулна.

Санхүүгийн тогтолцоог эрүүл өрсөлдөх чадвартай болгож, гадаад, дотоодын хөрөнгө санхүү Монгол Улсаар дамжих үйлчилгээг бодлогоор дэмжинэ.


ТӨРИЙН ӨМЧ ӨР ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод нээлттэй байдлыг ханган, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримтална.

Аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тохируулж бүсчлэн хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

МОНГОЛЫН КОНТЕНТ-МОНГОЛЫН ЭКСПОРТ

Монгол соёлын бүрдэл, агуулгыг шингээсэн бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлэн, олон улсын зах зээлд гаргахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ.

ҮҮД: ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 70-ААС ДООШГҮЙ ХУВИЙГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА

Босго давж, тотго нэвтрэн, өргөө гэрийнхээ үүдээр бид орж гардаг билээ.

Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.

Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ.

Энэхүү бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана.

Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

ДЭЛХИЙ ГАРАГ-МАНАЙ ГЭР

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн унаган төрх, биологийн янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, учрах эрсдлийг бууруулах чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний байгууллагуудтай идэвхийлэн хамтран ажиллана.

Байгальд ээлтэй, эдэлгээний зардал зарцуулалт багатай хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжиж ажиллах санаачилга гаргана.

Агаар, ус, хөрсний бохирдлын хор хөнөөлийг арилгахад иргэд, орон нутаг, олон нийтийн байгууллагын санал санаачилгыг дэмжиж, УИХ, Засгийн газартай хамтарч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.

Усны нөөцийн нэгдсэн менежментийг төлөвшүүлэх, усны эх, ундаргыг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх, дахин ашиглах, хүн амын эрүүл ахуйн шаардлага хангасан болон үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй хангах бодлогыг дэмжинэ.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.

ХҮНСНИЙХЭЭ 70 ХУВИЙГ ЭХ ОРОНДОО

Хүн амын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх, хүнсний чанарын аюулгүй байдлыг олон улсын чанарын стандартад нийцүүлэх бодлого баримтална.

Эмийн үйлдвэрлэл, эм, эмнэлгийн хэрэгслийн импортын зохицуулалтыг сайжруулах, чанар, аюулгүй байдлыг хангах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.

Батлан хамгаалах бодлогыг тууштай дэмжин, орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалыг хуульчлан бүх нийтийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ.

Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг дэс дараатай хийх, цэргийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана.

Улсын хил хамгаалахад шаардлагатай хяналт, мэдээлэл, харилцаа холбоо, техник технологийн чадамжийг дээшлүүлнэ.

Газар хөдлөлт, гал, усны болон бусад болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн гамшгаас хамгаалах хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги боловсруулж, иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйл ажиллагааг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргана.

Хар тамхи хэрэглэх, дамжуулах, худалдах, хүний наймааны гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөтгөнө.

Монгол Улсын түүх, соёлын өв, эдийн засаг, нийгэм соёлын ололт амжилт, гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааг дэлхий нийтэд сурталчлан таниулах ажлыг мөрдлөг болгоно.

МИНИЙ БИЕ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДВОЛ

Монгол төрийн бодлогын залгамж чанарыг өвлөн хадгалж,

Нийгмийн бүлгүүдийн оролцоо, саналыг хүндэтгэн хангаж,

УИХ, Засгийн газартай гар нийлэн, хүч хавсарч ЭНЭХҮҮ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БИЕЛҮҮЛЭХ БОЛНО.

Энэ бол үг төдий биш үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, заавал биелүүлэх төлөвлөгөө юм.

ҮГ ЧУХАЛ, ГЭХДЭЭ ҮР ДҮН ИЛҮҮ ЧУХАЛ

Ханаа дугуйлж, униа угсран тооноо тулж, туурга тусгаар, элэг бүтэн, элбэг баян УЛС ГЭРЭЭ улам хүчирхэгжүүлэн хөгжүүлцгээе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 1 цагийн өмнө
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой 2 цагийн өмнө
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ 2 цагийн өмнө
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн 3 цагийн өмнө
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа 3 цагийн өмнө
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ 4 цагийн өмнө
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа 4 цагийн өмнө
Иргэдийн 50.2 хувь нь 30-60 насандаа нас барж байна 4 цагийн өмнө
“Номын баяр” 37 дахь жилдээ зохион байгуулагдана 5 цагийн өмнө
Өнгөрсөн онд 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ 5 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгай "Эрдэнэс Тавантолгой" дээр явж байна 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 29689 багшийн 854 507 сурагч үнэлгээнд хамрагдана 6 цагийн өмнө
​УИХ-ын чуулган 52.4 хувийн ирцтэй байна 6 цагийн өмнө
​Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1891 бүртгэгдлээ 7 цагийн өмнө
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерууд ажиллаж эхэллээ 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 8 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн дараах байршилд халуун ус хязгаарлана 8 цагийн өмнө
ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль хүртлээ 9 цагийн өмнө
“Улаанбаатар марафон” уралдааны бүртгэл энэ сарын 20-нд дуусна 9 цагийн өмнө