Ж.Батзаяа: Хүүхдүүд маань өөрийгөө хамгаална, аварна, бусдад тусална гэж хариулдаг болсон

М.Төгөлдөр
2022/03/09

Дархан-Уул аймгийн 27 дугаар цэцэрлэгийн багш нар “Аюулгүй амьдрах ухаан”  сургалтыг зохион байгуулах тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг тусгайлан бэлтгэсэн нь аймгийнхаа хэмжээнд үлгэр жишээ болж байгаа аж. Тиймээс энэхүү сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, санаа, сэдэл олгох зорилгоор сургалтын онцлог, арга барилын талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Батзаяагаас тодрууллаа.

  -Хичээлийн хөтөлбөрийг амьдралд ойртуулан арга барилаа өөрчилж хөтөлбөрөө боловсруулсан нь манай уншигчдад туршлага болох байх..?

    Бага насны хүүхдийн “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр 2018 онд батлагдсан. Тухайн үед Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байлаа. Мэргэжлийн арга туршлага сайтай багш нартай хамтран энэхүү хөтөлбөрийг судалж, хэрэгжүүлж үр дүнг нь мэдэрсэн. Бага насны хүүхэд их сониуч. Тиймээс сонирхолтой хэлбэрээр ямар ч сургалтыг явуулахад хүүхэд бүр өөр, өөрийн хэмжээнд хүлээн авч хөгжиж чаддаг. Сургалтыг бодит байдалд тулгуурлан дадлагаар мэдлэг олгох нь илүү чухал юм байна гэдгийг олж мэдсэн. Тиймээс зургаан сарын турш төлөвлөж, сургалтын материалаа боловсруулан хичээлийн шинэ жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Ингэхдээ манай хамт олон бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр  хичээлээ боловсруулсан. Долоо хоногийн мягмар гараг бүрийн 16:00-16:30 цагийн хооронд сургалт төлөвлөгөөний дагуу тогтмол явагдаж байгаа. Цэцэрлэгийнхээ дэргэд “Бүжин” студийг байгуулан газар хөдлөлт, галын аюулын тухай хэлэлцүүлэг өрнүүлж, хүүхдэд зориулсан цахим контентуудыг бэлтгэсэн. Эдгээр контентуудаа “27 бүжин” цахим сандаа байршуулан сайжруулалтыг тогтмол  хийж байна. Түүнчлэн “Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ”, “Гал гарсан үед авах арга хэмжээ”, “Шаардлагатай утасны дугаар”, “Үүргэвчинд байх эд зүйлсийн жагсаалт” зэрэг цахим контент, зурагт хуудас плакат боловсруулан гаргаж, сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

  -Нас, насны онцлогт тохируулан хичээлээ боловсруулсан нь сонирхолтой байна. Мэдээллээ дэлгэрүүлбэл..?

   Сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулаад багш нар маш сайн төлөвлөсөн. Хүүхдэд олгогдож байгаа мэдлэг хөнгөнөөс хүнд рүү, энгийнээс нарийн руу байхаар төлөвлөгдөх ёстой. Бага, дунд бүлэгт энгийн хөнгөн агуулгыг цөөн минутаар өгдөг бол ахлах, бэлтгэл бүлэгт хүнд нарийн болж анхаарах чадварт тулгуурлан олон минутаар хичээлээ заадаг.  Мөн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн бие дээр дадлага сургуулилтыг хийдэг. Дадлагыг чанартай хүүхэд бүрт хүргэхийн тулд нэмэлт сургалтын цаг болон заах багшийг сонгон ажиллуулж байна. Тохирсон арга зүй, таатай орчин, сонирхолтой байдал хүүхдийн сурах хүслийг илүү бодит болгодог.  

  Сар бүрийн 27-ны өдрийг зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах өдөр болгосон. Энэ өдөр газар хөдлөлт, гал гарсан үед үзүүлэх хариу арга хэмжээний талаарх дасгалыг биетээр хийлгэж, дадал суулгаж байна. СУУ, НУУГД, ХҮЛЭЭ зарчим, даацын хана дагаж хаалгаар гарах дадлага, хоргодох байр зэрэг ойлголтыг хүүхдэд эзэмшүүлж байгаа. Энэ хүрээнд цэцэрлэгийнхээ угаалгын өрөөг гал унтраах дадлага хийх өрөө болгон тохижуулсан. Мөн хувцас хэрэглэл, багаж хэрэглэгдэхүүнийг байршуулан бага насны хүүхэд өөрөө туршилт хийх орчин нөхцлийг бүрдүүлсэн. Харин газар хөдлөлтийн аюулын талаарх мэдээллийг хүүхдэд ойлгомжтой зурган байдлаар илэрхийлсэн тараах материал, хүүхэд хэрэглэх малгай, шүгэл, гэрэл зэргийг бэлтгэж, дадлага сургуульдаа ашиглаж байна.

-Сонирхолтой арга барилаар хичээл сургалтыг зохион байгуулж байгаад талархалтай байна. Анх хүүхдүүд хэр хүлээж авсан бэ?

 Анх  хүүхдийн хэрэгцээ, багш нарын арга зүйг анхааран ажиглаж ямар хэмжээнд ойлголт төсөөлөлтэй байгаад дүн шинжилгээ хийсэн. Хүүхдүүд өөрт нь аюул тохиолдсон үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй, өгч байгаа хариултууд нь оновчгүй байсан. Жишээлбэл, гал гарвал яах вэ хүүхдүүдээ гэж багш асуухад шатаж дуусна /үхнэ/ гэх мэт хариултыг өгч байсан. Одоо бол хүүхдүүд маань өөрийгөө хамгаална, аварна, бусдад тусална гэж хариулдаг болсон. Мөн дадлага сургууль хийхдээ маш  их дуртай. Багш нараасаа ахиад хэзээ орох вэ гэж байнга асуудаг сонирхолтой хичээлүүдийнх нэг нь болсон шүү.

 -Хүүхдүүдээр нь дамжуулан гэр бүлийнхэнд нь томоохон дадлага, мэдлэгийг олгож байгаа юм байна?

  Бид хийсэн дадлага ажил, сургалтуудаа бүлэг бүрийн чат групп болон пэйж хуудсанд байршуулж эцэг, эхэд хүргэн ажилладаг. Эндээс бас эцэг, эх хэрхэн хүлээн авч ямар ойлголт төсөөлөлтэй байгааг олж хардаг. Эцэг, эхчүүд маш сайшаалтай хүлээн авч байгаа.  Хүүхдээр нь  дамжуулаад эцэг, эхэд ойлголт өгөх, тэдэнтэй хамтран ажиллаж, хүүхдийн аюулгүй байдлыг ханган, эрсдэлийг бууруулах нь зөв юм байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийнхээ дагуу дараагийн сургалтуудаа зохион байгуулахаар төлөвлөгөөг нь боловсруулж байна.


Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 5 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 5 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 6 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 12 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 12 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25