Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Л.Бямбажав
2021/09/21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож байгаадаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

НҮБ, түүний системийн байгууллагууд Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд ялангуяа цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Төрийн тэргүүний хувиар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, ган зэрэгт онцгой анхаарал хандуулж байгаагаа тэмдэглэлээ. Энэ хүрээнд ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлын үеэр Манлайлагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгааг дурдав.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах үндэсний хувь нэмрээ 27.2 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хөгжингүй орнууд 100 тэрбум ам.доллар зарцуулах амлалтаа ойрын хугацаанд биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлэх бодлого баримталж, НҮБ-ын чадавхын бэлэн байдлын системд цэргийн дөрвөн нэгж бүртгүүлснийг хэлэв. Мөн цэргийн багуудаа ойрын хугацаанд илгээх сонирхлоо илэрхийлэв.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийг түшиглэн “Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэн” байгуулах саналыг Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх санаачилгынхаа хүрээнд дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа тодотгов.

Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмж, 15 хувьд хүргэх чиглэл баримталж байгааг хэлэв. Энэ дагуу энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Хүмүүнлэгийн чиглэлээр Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нааштай хүлээж авлаа.

Мөн НҮБ-ын системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогт талархлаа илэрхийлэн, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжсөөр байгааг цохон тэмдэглэж, НҮБ Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэлэв.

Тэрбээр “Улс орнууд илүү  сайн ойлголцож, бие биенээ харилцан дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл, бэрхшээлд өвдөг сөхрөх сургамжийг өнгөрсөн хоёр жил авлаа. Тиймээс тодорхой ажлаа ярьж, саналаа солилцон, байгаа боломжоо дээд зэргээр ашиглаж байж цар тахал болон байгалийн гамшгийг даван туулах ёстой” гэж тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-д оролцоогоо нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд дөрвөн жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд биечлэн оролцож байгаа юм.

Энэ үеэрээ НҮБ-тай хамтарч ажиллах чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оруулах хувь нэмэр, бүс нутгийн хэмжээнд туршлагаасаа хуваалцах, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлогод суурилж гаргасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэв.

Монгол Улс НҮБ-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гишүүнээр элссэн түүхтэй. Бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орны тусламж, дэмжлэгийг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгав 15 минутын өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 21 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 17 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 17 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 18 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 19 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 20 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 21 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 21 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр