Д.Баярсайхан:CENTURY бонд зах зээлд амжилттай арилжаалагдсан нь хөрөнгө оруулагчдийн итгэлийг сэргээлээ

Б.Хонгорзул
2021/07/08

  Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан “Century” бондын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

-Засгийн газраас саяхан олон улсын зах зээлд шинээр бонд гаргалаа. Үүнийг Та хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Энэ долоо хоногт Засгийн газраас олон улсын зах зээлд шинээр бонд гаргасан нь манай улсын эдийн засаг болон санхүүгийн зах зээл дээр яахын аргагүй томоохон үйл явдал байлаа. Засгийн газрын зүгээс маш сайн ажиллаж цар тахалтай энэ хүнд хэцүү цаг үед түүхэндээ хамгийн бага хүүгийн түвшинтэй, 6 болон 10 жилийн хугацаатай “Century” төслийн бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гаргаж чадсан нь Засгийн газар, тэр дундаа Сангийн яам болон энэ төсөлд хамтран ажилласан бусад оролцогч талуудын хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн гэж харж байна.  

-Засгийн газрын шинээр гаргасан бондууд нь манай улсын эдийн засагт ямар үр дүн авчрах бол?

-Энэ удаагийн гаргасан Засгийн газрын бондууд нь энэ жил болон ирэх жил эргэн төлөгдөх байсан “Чингис”, “Гэрэгэ” бондуудын 1 тэрбум ам.долларын өрийг дахин санхүүжүүлж мөн хүүгийн түвшинг бууруулсан нь ойрын жилүүдэд ирэх байсан өрийн дарамтыг бууруулж улмаар улсын төсөв, нийт эдийн засагт ирэх байсан ачааллыг багасгах өндөр ач холбогдолтой гэж харж байна. Учир нь, улсын төсвөөс гарах байсан хүүгийн зардал буурах буюу нийт зардлыг бууруулах, их хэмжээний гадаад валютын өр төлбөрийг хойшлуулж чадсанаар ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчид манай улстай ижил түвшний улс орнуудын бондтой харьцуулахад бага хүүтэйгээр авсан нь зах зээлд эерэг дохио өгч, зээлжих зэрэглэл тогтвортой байх, магадгүй сайжрах мөн макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна гэсэн хүлээлттэй байна. Сангийн яамнаас гаргасан мэдээгээр “Century” бондыг гаргаж хүүгийн түвшинг бууруулснаар ирэх 2 жилийн гадаад бондын хүүгийн зардлыг 46.2 сая ам.доллароор хэмнэх тооцоолол гарсан байсан.

-Олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд ингэж ихээр манай улсын бондыг сонирхох болсон нь юутай холбоотой гэж Та үзэж байна вэ?

-Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлсөн. Ялангуяа УИХ-аас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хүрээнд өрийн удирдлагыг сайн хэрэгжүүлж, төсвийн сахилга батыг чанд сайн сахиж байгаа нь томоохон нөлөө үзүүлсэн гэж харж байна. Хамгийн гол нь Сангийн яамнаас сүүлийн жилүүдэд Investor relation буюу хөрөнгө оруулагчидтайгаа харилцах харилцаагаа маш ихээр идэвхжүүлж, тогтмол мэдээлэл хүргүүлж, хамтран ажилласан нь сая шинээр гаргасан бондод худалдан авахаар ирүүлсэн саналаас харж болохоор байна. Нийт 1 тэрбум ам.долларын бондод 6.4 тэрбум ам.долларын санал буюу захиалга 6.4 дахин давсан байна. Нэмж хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид манай улсын талаар мэдээлэл сайтай, өөдрөг хүлээлттэй байгаа нь дотоодын зах зээлийг сонирхох хандлага нэмэгдсэн гэж хэлж болохоор байна. Иймд, Засгийн газраас дотоодын зах зээл дээр богино, дунд, урт хугацаатай бондуудыг гаргаж, төгрөгийн өгөөжийн муруйг бий болгох шаардлагатай байгаа юм. Ингэснээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулахад шаардлагатай төгрөгийн бенчмаркийг үүсгэх юм.

-Сүүлийн үед дотоодын хөрөнгийн зах зээл сэргэж байна гэж олон нийтийн дунд ярих болсон. Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд хэр сайжирч байгаа вэ, гадны хөрөнгө оруулагчид оролцоход хамгийн түрүүнд юу чухал байх бол?

-Сүүлийн үед хөрөнгийн зах зээл маань идэвхжиж олон шинэ бүтээгдэхүүн гарлаа. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн оноос хойш хөрөнгийн зах зээлийг тэлэх, хөгжүүлэхэд чухал шаардлагатай  бүхий л хууль тогтоомж, зохицуулалтыг олон улсын жишиг, өөрийн орны онцлогт нийцүүлэн шинэчилж, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагааг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Хэдийгээр дэлхий нийтээр цар тахалтай, эдийн засгийн хувьд тодорхойгүй олон зүйлс байгаа ч манай улсын хөрөнгийн зах зээл өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад  маш их идэвхжиж байна. Цөөхөн хэдэн жишээ татахад, зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөг болж, ДНБ-ий 10 хувьд хүрсэн нь түүхэн дээд хэмжээ боллоо. Мөн үнэт цаасны арилжааны хувьд 2020 онд нийт 65.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн бол он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 634.7 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.9 дахин өссөн үзүүлэлт бол өнгөрсөн оны нийт арилжааны дүнтэй харьцуулахад үндсэндээ 10 дахин өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн анх удаа хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаж, хөрөнгийн биржээр нээлттэй, олон нийтэд хөрөнгө оруулалтын хэрэгслээ  арилжаалж эхэлсэн бол Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахаар болсон. Мөн гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд манай улсын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх эрх зүйн орчныг сайжруулсантай холбоотойгоор дахин нэг компани давхар бүртгүүлж, зах зээл дээр гарч байгаа зэргээс харахад хөрөнгийн зах зээл цаашид улам эрчимтэй өсөж, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадвар нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарах өндөр хүлээлттэй байна.

Дашрамд хэлэхэд, яг ийм цаг үеийг ашиглаж гадны хөрөнгө оруулагчдыг татахад өмнө хэлсэнчлэн Засгийн газрын дотоодын үнэт цаасны арилжаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгав 16 минутын өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 22 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 17 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 17 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 18 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 19 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 20 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 21 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 21 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр