Тажикистан аажмаар Хятадын эрхшээлд бүрэн орж байгаа шалтгаан

Н.Мижидмаа
2021/06/02

АНУ тэргүүтэй өрнөдийн улсуудын зүгээс Хятадын дотоод ба гадаад бодлогыг хүчтэй шүүмжлэхийг дагаад Хятадын талаарх Оросын байр суурь олны анхаарлыг маш ихээр татаж байна. Үүнтэй холбоотойгоор Оросын судлаачид Хятадын зүгээс хөрш зэргэлдээ улс орнуудын талаар явуулж байгаа зээлээр урхидах бодлогыг маш ихээр сонирхож, таагүй дүгнэлт хийх болсон. Оросын “Лента.ру” сайт дээр энэ талаар бичсэн судалгаа үүний нэг жишээ. Оросын судлаач Хятадын зүгээс Төв Ази тэр дундаа Тажикистин улсын талаар явуулж байгаа зээлийн болон улс төрийн бодлогын талаар туйлын сонирхолтой ажиглалт хийснийг уншигч танд хөрвүүлэн хүргэж байна.

 

Богино уяа

Дундад Азийн бүгд найрамдах улс бүрийг Хятадын зүгээс бүс нутагт гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсэнийг тод харуулах индикатор гэж хэлж болно. Хятад нь эдгээр улсууд тус бүр дээр нөлөөллийн янз бүрийн арга мэх хэрэглэж байна. Нэг улсад нь зээл өгч өөртөө татаж байгаа бол өөр нэгд нь элит давхаргыг нь өөртөө татах замаар эрхэндээ оруулж байгаа бол Тажикистаны хувьд Хятадын зөөлөн хүч гэж юу байдгийг хамгийн ихээр мэдэрч байгаа гэж болно.

 

Дундад Азийн хамгийн жижиг бөгөөд хамгийн ядуу улс болох Тажикистан нь стратегийн хувьд маш чухал байрлалтай. Газрын гүнд нь асар их алт, газрын ховор элементийн орд гээд бүгд байна. Афганистантай залгадаг хил нь Памирын уулсын амин чухал даваануудыг хянах боломж олгодог учир бүс нутаг дах аюулгүй байдалд нэн чухал үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй. Ийм ч учраас Тажикистаны хувд Хятад нь худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хамгийн том эх үүсвэр бас хамгийн том экспортлогч болж хувирсан. Жижиг буурай улс хүчтэй хөршөө налах нь зүйн хэрэг. Гэвч Хятадтай хэт дотносож байгаа нь Тажикистаны ойрын болон алсын ирээдүйг тунд бүрхэг болгож байгаа аж. Хятадтай дотносох тусам олон улсын бусад харилцаа, чиглэл хязгаарлагдан хумигдаж байна.

 

Жишээлбэл, хэл нэгтэй Ирантай илүү нягт хамтран ажиллаж болох байсан ч 2013 онд Ираны дэмжлэгийг авдаг Исламийн сэргэн мандалтын нам төрийн эргэлт хийхийг завдсан нь нотлогдсон тул хоёр улсын харилцаа үндсэндээ бараг тасарсан. Авторитар дэглэмтэй, хөрөнгө оруулалтын уур амьсгал тааруу гэдэг болохоор Өрнөдийн улс орнууд ч нэг их сонирхоод байдаггүй. Хуучны хүчирхэг түнш Оростой илүү нягт ажиллаж болох байсан ч удирдлагууд нь Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэхээс татгалзсан тул Оросын нөлөө, зээл тусламжаас идэвхтэй авах боломжгүй болсон. Зарим судлаачид Тажикистаныг Хятадын хүчтэй шахалтад орсон учраас Евразийн эдийн засгийн холбоонд элсээгүй гэж үздэг. Дээр нь Дундад Азийн бусад улсуудтайгаа ч дотносож чадаагүй. Мөн Арабын баян улсуудтай сайн харилцаа тогтоож чадаагүй. Товчхон хэлэхэд Хятадаас өөр хэн ч Тажикистаныг тоохгүй, тэд ч Хятадаас өөр улсыг сонирхохгүй болоод байна.

 

Зээл

Иймд Тажикистаны хамгийн том зээлдэг нь Хятад байгаад гайхах зүйлгүй. Одоогийн байдлаар Тажик нь Хятад 3,2 тэрбум долларын өртэй. Хамгийн том зээлдэг нь Хятадын экспорт-импортын банк. Энэ банк нь Тажикистаны активын 49 хувийг дангаар эзэмшдэг гээд төсөөлөөрэй. Тажикистан ямар нөхцөл болзолтойгоор Хятадаас зээл авч байгаа нь нууц байна. Ямар ч байсан Хятадын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа төсөл бүрд Хятадын компаниуд оролцох ёстой гэдэг нь л мэдэгдэж байгаа.

 

Хамгийн таагүй нь Тажикистан жил ирэх тусам зээлээ эргүүлэх төлөхөд бэрх болоод байгаа юм. Улмаар 2021 оны эхээр Тажикистан олон улсын санхүүгийн байгууллагуудад хандан зээлийн эргэн төлөлтийг түр хойшлуулах хүсэлт гаргасан. Хятад энэ хүсэлтийг хүлээн авсан ч ингэж хойшлуулсны төлбөр нь өндөр. Жишээлбэл, Тажикистаны алтны орд газруудын 80 хувь нь хэдийн Хятадын бүрэн мэдэлд орсон. Зээлийн хүүний төлбөртөө авсан. Үүнтэй зэрэгцээд Хятад нь Тажкистанд зээл өгсөн хэвээр байгаа учраас хамаарал нь улам л өсөөд байгаа гэж болно.

 

Сүүлийн 14 жилийн дотор Тажикистанаас Хятадад төлөх ёстой өр, зээлийн хэмжээ зургаа дахин өссөн. Тэр болгоны хариуд Тажикистан үнэт металлын орд газруудаа Хятадад өргөн барьж байна. Жишээлбэл, мөнгөний агуулгаараа дэлхийд дөрөвдүгээрт ордог “Якжилва” мөнгөний орд газрыг хамтран олборлох тухай гэрээг 2019 онд байгуулсан. Хятадын зүгээс хамтран хэрэгжүүлэгч нь “С. А. MINERALS” гэдэг компани. Энэ Хятадын компанийг Тажикистан нь ашиг орлогын татвараас, нэмүү өртгийн татвараас, тоног төхөөрөмж импортлон оруулж ирэхдээ гаалийн татвар төлөхөөс бүрэн чөлөөлсөн. Албан ёсны мэдээгээр энэ уурхайд 106 хүн ажиллаж байгаагаас 70 нь хятад, 36 нь Тажик.

 

Энэ бол бараг юу ч биш гэж болохоор. Яагаад гэвэл одоо Тажикистанд Хятадын 400 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэд энэ улсын хамгийн том татвар төлөгч, хамгийн том экспортлогч болж хувирсан. Тажикистан нь эрчим хүчний хурц хомсдолтой тулгараад олон жил болж байгаа. Иймд тэд Хятад талд шинэ дулаан цахилгаан станц захиалж бариулсан. Хариуд нь Хятадын компанид “Дээд Кумарг”, “Зүүн Дуоба” гэсэн хоёр том алтны уурхайг бүрэн шилжүүлэн өгсөн. 

 

Ер нь Тажикистанд ажиллах эрх авч байгаа гадаадын  иргэдийн 90 хувь нь Хятадын иргэд. Хятадын хөрөнгө оруулалт нь дан ганц зээлээр хязгаарлагддаггүй нь ойлгомжгүй. Хятад нь Тажикистанд хамгийн их хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Ийм учраас Казахстан, Киргиз гэх мэт улсуудад ажиглагдаж байгаа шиг Хятадын эсрэг жагсаал, хөдөлгөөн энд огт гардаггүй. Тажик хүмүүс Хятадын компаниудыг бодит цалин хөлс өгдөг сайн ажил олгогч гэж харж байгаа. Ийм ч болохоор хил даван орж ирдэг Шинжаан-Уйгарын тэрс үзэлтнүүдийг идэвхтэй баривчлан буцаадаг. Өөрийн нутаг дээрээ Хятадын тусгай албадыг уйгаруудын эсрэг тусгай ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг.

 

Их улс төр

Албан ёсоор бол Тажикистанд Хятадын цэргийн бааз байхгүй. Гэхдээ 2016 онд аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах гэрээ байгуулж, хилчдэд зориулсан сургалтын төв байгуулах гэрээ байгуулсан. Дээр нь 2018 онд Хятадын мөнгөөр Алан хядлагатай тэмцэх төв гэгчийг байгуулсан. Тиймээс шаардлага гарвал Хятад нь Тажикистанд цэргийн баазаа ядах юмгүй хурдан байгуулах боломжтой.

 

Тажикийн цэргийн албан хаагчид Хятадын цэргийн сургуулиудад олноор суралцах болсон. Сүүлийн жилүүдэд Тажикийн 400 гаруй офицерууд Хятадын цэргийн их дээд сургуулиудад сурч, төгссөн. Хоёр улс хамтарсан хээрийн сургууль идэвхтэй явуулдаг. 2019 онд гэхэд Афганистаны хилийн ойролцоо гурав дах удаагийн хээрийн сургуулийг амжилттай явуулсан байх жишээтэй. Мөн тэр жилээс Тажикистанд Хятад цэргээ байршуулсан тухай мэдээ гарч эхэлсэн ч албан ёсоор бол үгүйсгэж байгаа. 

 

Түүнчлэн Бээжин нь Шинжааны уйгуруудын шашин шүтлэг, уламжлал ёсны эсрэг идэвхтэй кампанит ажил явуулж байгаа нь нууц биш. Энэ кампанит ажилд Тажикистан чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Хятад нь Тажикистанд мөнгө зээл, цэргийн хүчээр туслахтай зэрэгцээд боловсрол, хүмүүнлэгийн салбарт маш эрчимтэй түрэн орж ирж байгаа. Хятадад Тажикистаны 5000 оюутан суралцаж, Хятад хэл заадаг сургуулиудын тоо Тажикистанд өдрөөр нэмэгдэж, Кунз судлалын хоёр ч хүрээлэнг байгуулаад авсан.

 

Энэ мэтээр Хятад нь Дундад Азид нөлөөгөө аажмаар нэмэгдүүлэхийг дагаад Оросын нөлөө бага багаар буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа ч Москва ямар хариу барих нь ойлгомжгүй хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг унтраахаар ажиллаж байна 14 минутын өмнө
​ЦЕГ: Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг “Олон нийтийн газарт танхайрсан“ гэх үндэслэлээр шалгаж байна 1 цагийн өмнө
ЦЕГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ 1 цагийн өмнө
МАРГААШ: Цахилгааны засварын хүрээнд дөрвөн дүүрэг болон төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ 2 цагийн өмнө
Өргөх бичигт нэгдсэн 10,499 монгол иргэн ухаалаг зохицуулалт хийхийг шаардаж байна 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит 24 танилцах асуудал хэлэлцэнэ 3 цагийн өмнө
​ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино ​МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэлээ 3 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно 3 цагийн өмнө
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 19 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 20 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 21 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 21 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 22 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 22 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ Өчигдөр
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ Өчигдөр
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй Өчигдөр
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана Өчигдөр