Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэвшмэл ойлголт тээг болж байна

Н.Мижидмаа
1 цагийн өмнө

Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай бүлэглэл үйлддэг хүн худалдаалах гэмт хэрэгт дэлхий даяар 40.3 сая хохирогч бүртгэгджээ. Гэтэл энэ нь зөвхөн мэргэжлийн байгууллагуудад мэдэгдсэн, аврагдсан хүмүүсийн тоо. Үүний цаана сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа хичнээн сая хүн байгааг тогтоох боломжгүй. Сайхан амьдралд тэмүүлсэн мөрөөдлийг нь ашиглаж, хуурч мэхлэн эрхшээлдээ оруулдаг гэмт этгээдүүдийн арга барил улам нарийссаар байна. Гэтэл тэрхүү шинж тэмдгийг танин мэддэг, хүн худалдаалах гэмт хэргийн талаар ойлголттой, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадвартай нь төдийлөн олон биш байгаа нь харамсалтай. 

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хамтран хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аянг орон даяар өрнүүлж байгаа билээ. 

 Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн орчин бүрдсэн

 Хориод жилийн өмнө “ганцаараа яваа хүүхдийг хүчээр машинд чихээд хулгайлаад явчихдаг гэнэ” гэх ам дамжсан яриа гарсан үеэс монголчууд хүн худалдаалах гэмт хэргийн зарим хэлбэрийн тухай сонсож эхэлсэн байх. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэр ойлголтоос нэг их дээрдээгүй байна. Анх 1999 онд Югослав улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон монгол эмэгтэйг тогтоосноор манайх илгээгч улс гэж бүртгэгдэж байв. Үүнээс хойш дамжуулагч, хүлээн авагч улс болж, хуулийн байгууллагаас 350 орчим хохирогчийг олж тогтоон, гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн байна. Өнгөрсөн онд л гэхэд 22 холбогдогчтой есөн гэмт хэргийг шүүхээр шийдэж, 3-20 жилийн ял оноосон. Прокуророос яллах дүгнэлттэй шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо өмнөх үеэс 40 хувиар өссөн. Энэ бол хүн худалдаалах гэмт хэргийн илрүүлэлт төдий хувиар өсөж, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа сайжирсны илрэл юм.

2012 онд Хүн худалдаалахтай тэмцэх тухай бие даасан хуультай болж, Эрүүгийн хуулийн шинэчлэлд энэ гэмт хэрэгт оноох ялыг чангаруулж өгсөн. Хууль гарсантай уялдаж холбогдох байгууллагууд хүлээх үүргээ журмаар зохицуулан жигдэрч ирэв. 

2017 онд УИХ-аас Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Ингэснээр Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой эрх зүйн орчин хангалттай сайн бүрдсэн гэж үздэг. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхний оролцоотой ажлуудыг шат дараатай хийж иржээ. Энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд дан ганц хуулийн байгууллага биш нийгмийн хамгаалал, гадаад харилцаа гээд олон салбарын үйл ажиллагаа нягт уялдаатай явж ирсэн, цаашдаа ч улам нягтаршина.

 

Хууртаж болзошгүй шинж тэмдгүүдийг мэдэх нь чухал

 

Төрийн болон төрийн бус байгууллагууд ингэж атгасан гар мэт ажиллаж, иргэдээ хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хамгаалж, хохирсон нэгнийг аварч, нийгэмшүүлэх ажлыг хийсээр байна. Энэ удаагийн аяны хүрээнд сурч, ажиллахаар хотууд руу, эсвэл гаднын улсад шилжин суурьшихыг хүсдэг, илүү сайхан амьдрал, сайн боловсролыг мөрөөдөж, төлөвлөж буй 18-27 насны охид, эмэгтэйчүүдэд, тэдний эцэг эх, ойр дотныхонд чиглэсэн мэдээллийг хүргэж байгаа билээ.

“Гадаадад хэлний бэлтгэлд суулгана”, “өндөр цалинтай ажилд зуучилна”, “замын зардлыг нь даана”, “очоод ажил хийгээд өрөө төлөх боломжтой”, “ар гэрээ өөд нь татна” гэх мэт хэт хялбар санагдсан санал болгоноо сайтар судалж үзэх хэрэгтэй. Мөн сүүлийн үед түгээмэл болсон цахим орчинд хуурч мэхлэх замаар итгэл олж, гэрээс нь холдуулаад эрхшээлдээ оруулдаг хүн худалдаалах гэмт хэргийн хэлбэрийн талаар цуврал мэдээлэл өгсөөр байна. Охидтой Facebook-ээр танилцаад, халамж тавьж, сэтгэл гаргаж байгаа мэт сайхан хандсаар найз залуу нь гэж хүлээн зөвшөөрөгдсөний дараа хамт амьдрах шийдвэр гаргатал нь ятган үнэмшүүлээд, яваад ирэхэд нь гэмт этгээдүүдийн гарт оруулдаг boyfriend хэлбэрт охид ихэвчлэн өртдөг. Түүнчлэн мөрөөдлөө биелүүлэхээр явсан найз охин нь “гоё ажил олчихлоо, хурдан хүрээд ир, би зардлыг чинь гаргая” гэж ятгасаар хохирогч болгодог. Мөн сайн ханддаг эгч, ах нар хөтөлж аваачаад хүнд байдалд орхин оддог гэх мэт олон жишээ хөвөрнө. 

Энэ мэт олон шинж тэмдгийг мэддэг, таньдаг болгоход нэг удаагийн мэдээллийн аян төгс үр дүнд хүргэхгүй нь тодорхой. Эцэг эхчүүд энэ сэдвээр хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцаж, охиноо хэнтэй нийлж, хаагуур явж байгааг мэддэг, үг, үйлдэл, хандлага нь өөрчлөгдөхийг анзаардаг байх нь чухал. Найз охид нэгэндээ эрсдэлтэй байж болзошгүй саналд хөнгөн хандахгүйг сануулдаг, хохирогч болохоос сэргийлэх зөвлөгөө өгдөг мэдлэгтэй болох шаардлагатай. Хөндлөнгийн нэгэн ч сэжигтэй санагдсан тохиолдол бүрийг цагдаагийн утсанд мэдэгддэг, бусдын эрхшээлд байж болзошгүй шинж тэмдэгтэй цөхөрч няцсан эмэгтэйд тусламжийн гараа сунгадаг тийм нийгмийг бүтээхийн төлөө мэдлэг, мэдээллийг түгээх нь чухал билээ. Хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдлэгтэй, шинж тэмдгийг таньдаг байж урьдчилан сэргийлж чадна. 

 

Боловсролоор дамжуулж гэмт этгээдэд хууртахгүй хэрсүү иргэн төлөвшүүлнэ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага болон бусад оролцогчид Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. ХНХЯ-аас аймгуудын болон нийслэл, дүүргийн байгууллагуудын нийгмийн ажилтнуудыг сургалтад хамруулж, бэлтгэсэн сургагч багшаараа дамжуулан олон нийтэд мэдлэг түгээсэн бол ХЭҮК-оос хил хамгаалал, прокурор, шүүх, цагдаагийн байгууллагынханд хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөн шалгаж, шийдвэрлэхдээ хохирогчийн эрх ашгийг хамгаалж, сэтгэл зүйд нь тохируулан ажиллах сургалт зохион байгуулж, Хүйсийн тэгш эрхийн төв хохирогч хамгааллын ажилд төрийн болон олон улсын байгууллагуудын туслалцаа авч, эргээд нийгэмшүүлэх, “шархыг нь эдгээх” үйлчилгээг амжилттай үзүүлсээр байна. 

Цаашдаа боловсролоор дамжуулж хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, эрсдэлээс өөрийгөө хамгаалдаг мэдлэгтэй иргэн төлөвшүүлэхэд анхаарч, ЕБС болон их дээд сургууль, цаашлаад цэцэрлэгийн хичээлийн хөтөлбөрт оруулах зорилготой ажиллаж байна. Нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хөтөлбөрөөр шат дараатай сэрэмжлүүлэх, сэргийлэх мэдээлэл өгсөөр байвал гэмт этгээдүүдийн уран аргад хууртахгүй хэрсүү иргэн болж төлөвших нь ойлгомжтой. 

Хүний мөрөөдлийг хулгайлж, хүн бус үйлдэлд ашигладаг хүнд гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй өнөөдрийн нийгмийг аюулгүй, эрсдэлгүй болгоход хүн бүрийн оролцоо чухал байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт 1 цагийн өмнө
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ 1 цагийн өмнө
Энэ онд усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нас баржээ 1 цагийн өмнө
Зам засварын ажилтай холбоотой зарим байршилд зам хаана 1 цагийн өмнө
Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй 2 цагийн өмнө
Энэ жил 27 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ 3 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан улсын дотоод хэргийн яамтай хамтран ажиллана 4 цагийн өмнө
А.Ариунзаяа: С.Ганбаатар гишүүний хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан нь хувь хүндээ биш, гишүүний албан тушаалтай нь холбоотой 4 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 23 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ Өчигдөр
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна Өчигдөр
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ Өчигдөр
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана Өчигдөр
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа Өчигдөр