ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮД СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, зөвлөмж гаргах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлөөс өнөөдөр (2017.05.05) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав мэдээллийн эхэнд "Үндэсний статистикийн хорооноос анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дүнг тавдугаар сарын 02-нд хүлээн авч, зөвлөмжөө гарган, тавдугаар сарын 03-нд Төрийн байгуулалтын байнгын хороонд, өнөөдөр Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. Зөвлөмжид дурдсан гол агуулгыг олон нийтэд хүргэх зорилгоор мэдээлэл хийж байна" гэдгийг тодотгов.

Дараа нь Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар Зөвлөмжийн гол агуулгыг танилцуулсан юм.

Тэрбээр, "Улсын Их Хурлын тогтоолоор баталсан зургаан сэдэв тус бүрийг зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд хэрхэн үзэж, ямар байр суурь илэрхийлснийг хураангуйлан дүгнэж, зөвлөмж гаргалаа.

Асуудалд үнэлгээ хийхдээ 0-10 гэсэн оноогоор тооцон, 1-4 хүртэлхийг эрс эсэргүүцсэн, 4-6 хүртэл дундаж, 6-10 хүртэлхийг бүрэн дэмжсэн байрь суурь илэрхийлсэн гэж үзсэн.

Санал асуулгын дүнгээс үзэхэд "Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах" талаархи сэдвийн эхний асуудал буюу Засгийн газрын бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилох, чөлөөлөх асуудлыг иргэд санал асуулгын нэг, хоёрдугаар шатны аль алинд нь тууштай дэмжсэн. Удаах асуудал болох Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлалт хийвэл ямар вэ гэсэн асуудлаар иргэд дундаж байр суурь илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, аль аль талаас нь харах нь зүйтэй гэж үзсэн байна. Дараагийн, Засгийн газрын бүрэлдэхүүн, яамдын нэрийг Үндсэн хуульд бичиж баталгаажуулах ёстой юу гэдэг асуудалд бүрэн дэмжсэн байр суурь илэрхийлсэн.

"Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох" сэдвийн хүрээнд тавигдсан Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаанд УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүн нэг удаа сонгох зохицуулалтыг хийвэл ямар вэ гэсэн асуудлаар 4-6 оноонд хэлбэлзсэн буюу дундаж байр суурь илэрхийлсэн дүн гарчээ. Үүнийг зөвлөмжид тусгахдаа юуны өмнө зөвлөлдөх санал асуулгын хэсгийн болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр оролцогчид шинжээчдэд асуулт тавьж, хариулт авсан байдал, мөн өмнө хийгдсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, бусад судалгааны дүнг үндэслэн нарийвчлан судалж байж шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ сэдвийн Ерөнхийлөгчийн хууль санаачлахыг хязгаарлах асуудлыг иргэд дэмжсэн, харин хориг тавихыг хязгаарлах асуудал дундаж байр суурьтай гарсан учир нягталж үзэх шаардлагатай.

"Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх" сэдвийг санал асуулгад оролцогчид бүхэлд нь тууштай дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байна.

"Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх" сэдвээр тавигдсан хоёр үндсэн асуудлын нэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой болгож, Үндсэн хуульд аймаг нь сум, хот нь дүүрэг нь, дүүрэг нь хороо, хороо нь хэсэгт хуваагдахаар зохицуулбал ямар вэ гэсэн асуудлыг тууштай дэмжсэн бол удирдлагыг сонгох асуудлаар 4-6 гэсэн дундаж утга гарсан учир энэ асуудлыг нарийвчлан судалж, тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл судалгааны мэдээллээр нарийвчлах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн.

"Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах" сэдвээр хоёр үндсэн асуудал тавигдсан. Үндсэн хуулийн хяналт шалгалтын механизм бий болгох, парламентын бүтцэд Мөрдөн шалгах түр хороо байгуулбал ямар вэ гэсэн асуудал хоёулаа өндөр хувиар дэмжигджээ.

Харин "Монгол Улсад Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёр хоёр шатлалтай парламент байгуулах" сэдвээр нэлээд савлагаатай дүн гарлаа. Эхний шатанд ямар нэг мэдээлэл өгөлгүйгээр 1570 хүнээс авсан санал асуулгаар энэ асуудлыг 67 хувиар дэмжсэн байсан бол Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн дараа энэ байр суурь нэлээд гулгаж, 0-4 гэсэн үнэлгээгээр дэмжихгүй гэсэн байр суурь давамгайлсан.

Дээрх ерөнхий дүн санал асуулгын тайланд тусгагдаж гарч ирснийг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд, үүнд үндэслэж гаргасан зөвлөмждөө ард түмний санал асуулгаар бодитой дэмжигдсэн асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулахдаа анхааралтай авч үзэх, харин эрс эсэргүүцсэн болон дундаж байр суурь илэрхийлсэн асуудлыг тодорхой судалгаа, мэдээлэл дээр үндэслэн, нарийвчлан үзсэнээр хэрхэн яаж тусгахаа шийдвэрлэх шаардлагатайг тусгасан" гэлээ

Зөвлөлдөх зөвлөлийн дарга, гишүүд төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 1 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 5 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 6 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 6 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр