Ц.Лхагважав: Б.Энх-Амгалан иргэдийн халаасыг тэмтэрсэн бодлого хэрэгжүүлэх гэж байна

О.Шүрэнцэцэг
2020/03/24

“Эко автомашин импортлогчдын холбоо”-ны тэргүүн Ц.Лхагважавтай ярилцлаа.

-“Эко автомашин импортлогчдын холбоо” саяхан УОК-т машин хандивласан гэж сонссон. Ер нь танай холбоо ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Цэрэндоржийн Лхагважав гэдэг.  Импортын автомашины бизнес эрхэлдэг бөгөөд 2017 онд энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хэсэг нөхдийн хамт “Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-ыг байгуулан тэргүүнээр нь  ажиллаж байна. Манай холбоо  нийт 400 гаруй гишүүнтэй, автомашины импортын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүдийг сургалт болон холбогдох мэдээ, мэдээллээр хангах нийгэмд үйлчлэх зорилготой ТББ юм. Холбооны гишүүдийн 80 хувь нь Япон улсаас автомашин импортлон худалдаалах бизнес эрхэлж байна. Манай автомашины бизнес эрхлэгчид тус бүр өөрөөсөө гадна 2-3 хүнийг ажлын байраар хангаж, мөн хэмжээний өрхийн амьжиргааг санхүүгийн хувьд дэмжин улс ороныхоо эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулан ажилладаг юм.

-Жишээ нь?

-Холбоо маань байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэмд идэвхитэй ажиллаж байгаа. 2017 онд одоогийн эрх баригчид хосолсон хөдөлгүүртэй буюу хайбрид, газ, цахилгаан хөдөлгүүртэй автомашины импортын онцгой албан татварыг  гэнэт нэмэх шийдвэр гаргасан. Тухайн үеийн импортын автомашины бизнес эрхлэгчид, тээвэр зуучийн болон автомашины зуучлалын компаниуд нийт зургаа орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээн цаашид олон иргэн ажлын байргүй болж гудамжинд гарах нөхцөл байдал үүссэн юм. Тиймээс  манай холбоо УИХ-ын 76 гишүүн төрийн гурван өндөрлөгт албан бичгээр тухайн асуудлыг танилцуулснаар тухайн үеийн хүндрэлээс хохирол багатай гарч байсан. Мөн 2018 онд Да Хүрээ худалдааны төвд хэвийн ажиллаж байсан АТҮТ-ийн тоо бүртгэлийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр татаж авахад тухайн үеийн ЗТХЯ-ны сайд болон холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хүсэлт тавьж байж зохих ёсоор шийдвэрлүүлсэн байдаг юм. Холбооны зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан жил бүр 1-2 сайн санааны хандив, тусламжийн аяныг зохион байгуулахаас гадна байгаль орчноо хамгаалах чиглэлээр хог цэвэрлэгээ, мод тарих зэрэг нийтийг хамарсан хотын захиргаа болон холбогдох төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа ажил арга хэмжээг дэмжин ажилладаг. Дэлхий дахинд дэгдсэн гоц халдварт өвчинтэй холбоотой бизнесийн үйл ажиллагаа маань зогсонги байгаа. Гэхдээ Монгол иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө нийт гишүүд, дэмжигчдийнхээ дунд хандивын аян өрнүүлж, NISSAN маркийн VANETTE загварын автомашиныг УОК-д хандивласан. 2012 онд үйлдвэрлэгдсэн тус автомашин нь хагас ачааны зориулалттай бөгөөд түргэн тусламж, тусгай тоног төхөөрөмж зөөвөрлөх зэрэг аль ч төрлөөр ашиглах боломжтой. Энэ дашрамд  хандивын арга хэмжээг санаачлан дэмжиж ажилласан холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон нийт автомашин импортлогч бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье.

-Нийслэлийн авто замын түгжрэл жил ирэх тусам нэмэгдэж байна. Автомашины импортыг хязгаарласнаар нийслэлийн замын түгжрэлийг бууруулах боломжтой. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Хотын түгжрэлд автомашины импорт нөлөөлж байгаа нь үнэн. Харин зарим хүмүүсийн хэлдэг шиг автомашины импортыг хязгаарлаж, түжрэлийг бууруулна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь өнөөгийн нийгэмд автомашин өрх бүрийн зайлшгүй хэрэглээ болсон. Гэтэл импортыг ямар нэгэн байдлаар хориглохоосоо илүү хотынхоо дэд бүтцийг өргөжүүлж, иргэдийнхээ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангах нь зөв бодлого гэж үздэг. Тэгээд ч Монгол Улс үйлдвэрлэгч орон биш учраас автомашинаа импортолсоор л байх болно. Харин жолооны хүрдийн тухайд Япон, Австралиас импортоор орж ирж байна. Япон автомашин  Монгол орны цаг уур, орчин нөхцөлд нийцсэн төдийгүй үнэ өртгийн хувьд хямд, техникийн үзүүлэлт сайн, эвдрэл гэмтэл бага гардаг зэрэг шалгуураар хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаад байгаа учраас  зах зээлийн жамаараа л илүү их нийлүүлэгдээд байна.

-Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаал ирэх сарын 1-нээс хэрэгжих юм билээ. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөөч?

-Манай холбоонд энэ  сарын 03-ны өдөр Япон улсаас автомашин зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд нэг автомашины үзлэг хяналтын төлбөрт 15 мянган мянган иен буюу Монгол төгрөгөөр 390 мянга орчим болон түүнээс дээш төгрөгөөр зардал нэмэгдэх болсон тухай дурдсан байсан. Ингээд судлаад үзэхэд ЗТХ-ийн сайдын  2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 376 тоот тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар “Автотээврийн хэрэгсэл экспортлогч улсын экспортлохоос өмнөх үеийн техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт” хийх болсонтой холбоотойгоор Япон улсаас экспортлогдох автомашинуудад давхар үзлэг, оношлогоо хийгдэх болсон юм билээ. Би яагаад давхар үзлэг, оношлогоо гэж байна вэ гэхээр Япон улсын хуучин автомашины дуудлага худалдаа буюу аугцион гэдэг нь хуулийнхаа хүрээнд машин бүр 1-3 төрлийн хяналт, үзлэгт ордог юм. Тухайн машины бүх мэдээлэл тэмдэглэгдсэн байдаг бөгөөд  дуудлага худалдаанд оролцогч нь тухайн машины албан ёсны үзлэгийн мэдээллийг үндэслэн худалдан авах эсэхээ шийддэг. Гэтэл манай дарга нар гэнэт  ийм мэргэн ухаан сэдэж, машин тус бүрээс багагүй ашиг олох шийдвэр гаргажээ. Бизнес эрхлэгчид энэхүү нэмэгдлийг хэзээ ч үүрэхгүй. Харин эцсийн худалдан авагч буюу Монгол Улсын иргэд л дээрх нэмэгдлийг төлнө. Тэгэхээр энэ нь эцсийн дүндээ иргэдийн халаасыг тэмтэрч, луйвардах л нэг арга нь.

-Сайдын шийдвэр чинь эвдрэлтэй автомашины импортыг хязгаарлах зорилгоор гарсан гэж мэдэгдсэн шүү дээ?

-Энэ бизнесийн талаар ойлголтгүй хүмүүст сайдын шийдвэр зөв юм шиг харагдана. Гэвч үнэндээ ямар ч бодлогогүй зүгээр л иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн, ашиг сонирхол шингэсэн шийдвэр юм. Учир нь Япон улсын дуудлага худалдаагаар зарагддаг автомашин бүр тухайн дуудлага худалдааны үзлэг, оношлогоо хийгдэж, үнэлгээний хуудсаар баталгааждаг. Гэтэл зориуд давхардсан үзлэг, оношлогоо хийлгэх нэрийдлээр автомашин тус бүрээс 15  мянган иен буюу Монгол төгрөгөөр 400 орчим мянган төгрөг авах нь оновчтой санаа биш. Японоос сард дунджаар 3000-4000 орчим автомашин Монгол руу экспортлогддог гэсэн статистик бий. Зөвхөн автомашины импортод сар бүр нэг тэрбум 500  сая төгрөгтэй тэнцэхүйц валют гадагшаа урсч байна. Жилээр нь тооцож үзвэл 37 тэрбум 400 сая төгрөгтэй тэнцэхүйц валют гадагшлахаар байна. Энэ бага мөнгө биш. Хамгийн гол нь ЗТХ-ийн сайдын шийдвэрээр давхар үзлэг хийнэ гэсэн атлаа өнөөх л эвдэрхий автомашинаа оруулж болохоор байгаа нь хамгийн хачирхалтай бөгөөд инээдтэй хэрэг болчихоод байна. Би энд нэг зүйлийг зориуд онцолж хэлье.  Манай холбоо болон автомашин импортлогч, бизнес эрхлэгчдийн зүгээс эвдрэлтэй автомашины импортыг хориглох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа шүү. Бид байр сууриа ЗТХЯ болон АТҮТ-д удаа дараа мэдэгдсэн.

-Импортын автомашины нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд энэ ажлыг хийж байгаа юм биш үү?

-Нэгдсэн мэдээллийн сантай болох нь маш зөв. Бид үүнийг 100 хувь дэмжиж байгаа.  Харин энэ ажлыг хийх мянган арга байна шүү дээ. Гэтэл яагаад заавал тухайн экспортлогч улсад сар бүр нэг тэрбум гаруй төгрөг үлдээх гээд байгаа юм. Энэ салбарын бизнесийг мэддэг мэргэжлийн холбоод, ТББ-уудаас яагаад санал асууж болдоггүй юм бэ. Бид улс орныхоо эрх ашгийн төлөө холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн.

-Танай холбооноос энэ асуудлаар ЗТХЯ-нд шаардлага хүргүүлсэн юм уу?

-Манай холбооноос энэ сарын 09-ний өдөр энэ асуудлаар сайд Б.Энх-Амгаланд албан бичгээр хандсан. Өнөөдрийн байдлаар хариу ирүүлээгүй байна. Манай улсын хөгжилд саад болж буй асуудал бол ердөө л албан тушаалтнуудын хууль бус үйлдэл, авилга шүү дээ. Ер нь жирийн иргэд,  бизнес эрхлэгчид бид төр нь шударга, гаргасан хууль тогтоомж нь нийтийн эрх ашгийг дээдэлсэн байгаасай л гэж хүсдэг. Гэтэл манай дарга нарын үнэн дүр төрх нь аман дээрээ иргэдийнхээ төлөө гэж байгаа боловч хэрэг дээрээ үргэлж бидний эсрэг байдаг. Манай холбоо Монгол төрийн зөв бодлогыг дэмжин хамтран ажиллахад үргэлж бэлэн. Харин албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол шингэсэн авлигын шинжтэй аливаа асуудлын эсрэг хүчтэй тэмцэх болно. Өнөөдрийн нийгэмд шударга ёс ус агаар мэт хэрэгтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 16 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 17 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30