Ц.Хэнмэдэх: Цагаан сар бол монголчуудын энх мэндийн баяр


А.ДОРЖХАНД

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач, Улсын сайн малчин Ц.Хэнмэдэхтэй ярилцлаа. Тэрээр малынхаа тоог 5000-д хүргэж Монгол Улсын хамгийн олон малтай хүнээр тодорч байв. Түүнтэй сар шинийн ёс заншлын талаар хөөрөлдсөн юм.

-Сар шинийн бос­гон дээр тантай уулзаж Цагаан сарын ёс заншлын талаар ярилцах гэсэн юм?

-Монголчуудын үндэсний хоёр баярын нэг нь Цагаан сар, нөгөө нь Үндэсний их баяр наадам юм. Өсөх наснаасаа өдийг хүртэл мал дагаж буян хишгийг нь хүртэж яваа эгэл малчин билээ, би.

Цагаан сарын ёс бол төрөл саднаараа эрүүл энх учран золгож уулзах энх мэндийн баяр.   Битүүлэх ёсны талаар эхлээд яръя л даа. Энэ өдөр битүүлгээ эвдэн чанадаг ба хониныхоо ууцыг тавихдаа “Хунгийн зүстэй, дунгийн дуутай, хундан цагаан хонио амьдын ёсоор өргөв” гэж хэлдэг. Ууцыг тавихдаа сээр, харцага, дал дөрвөн өндрийг цээжин талд нь тавьдаг. Мөн битүү чанасан толгойг ууцан дээрээ, зарим айл нь бурхан дээрээ ч тавих нь бий. Ууцыг тухайн айлын гэрийн эзэн буюу аль эсвэл өндөр настай хүн хөнддөг ёстой. Харин тавгийн идээгээ зассаны дараа айл саахалтаараа битүүрдэг. Ингэхдээ саахалтын айлдаа зассан идээнээсээ хувь хүртээхээс гадна нэг жигнүүр бууз, дал дөрвөн өндөрөөсөө хувь, нэг зулын хамт  өгдөг. Мөн үүдэндээ гурван ширхэг мөс аль эсвэл цас тавьдаг уламжлалтай. Учир нь битүүний үдэш Лхам бурхан айл бүрийг эргэдэг гэсэн яриа бий. Түүний унаа нь орсон буур байдаг учраас цангааг нь тайлж байгаа учиртай юм. Битүүлэх ёсоо үйлдчихээд шинийн нэгэндээ нар мандахаас өмнө эрчүүд эртлэн босч уул овоондоо дэлийг нь засч хөнгөрүүлсэн морьтой гарч зүг мөрөө гаргадаг.

-Шинийн нэгний өглөө уул овоондоо морьтой гарч мөрөө гаргадаг учир нь  юу вэ?

-Бид тэнгэр, газартайгаа шүтэлцээтэй ард түмэн. Ганцхан шинийн нэгний өглөө  уул овоондоо гардаггүй. Өглөөний наранд цай, сүүнийхээ дээжийг өргөж тэнгэрийн үүлээр мөн хонь малаа хотолж буйгаар нь маргаашийн цаг уураа шинжиж ирсэн нь өнөө хэр нь уламжлагдсаар ирсэн. Өвлийн өнгийг мэдэхийн тулд мөн намрын дунд сарын шинийн 17-нд уулан дээр гарч ирэх жилийн өнгөө мэдэж болдог. Уул овоондоо гарч ирсний  дараа шинэлдэг. Цагаалга буюу будаандаа гэрийн эзэн эхэлж ам хүрнэ. Ахмад настай хүнийхээ тохойг өргөж золгохдоо “Даага далантай, бяруу булчинтай, төлөг хонь нь төө сүүлтэй, хурган хонь нь хуруу сүүлтэй сайхан шинэлж байна уу” гэж мэндчилдэг. Ахмад настанаа хүндэлж тохойноос  нь өргөж золгохоос гадна эмэгтэй хүн тэр тусмаа бие давхар эмэгтэй хүнийг илүүтэй хүндэлж түүний өмнүүр гарахыг цээрлэдэг. Хүндэлж мэндлэх олон ёс байдгийн дотор айлд орохдоо эрчүүд нь зүүсэн хэт хутгаа бүснээсээ авч урд руугаа унжуулдаг. Ийн зочид ирэхэд гэрийн эзэд “Төлгөн хониныхоо ноосыг төө зузаан зулсан, хурган хониныхоо ноосыг хуруу зузаан зулж хийсэн, өргөө цагаан гэрт минь морилно уу” хэмээн айлчингаа угтдаг.

-Та энэ жил нас сүүдэр хэд хүрч байна. Таныг хүүхэд байхад цагаан сарыг яаж тэмдэглэдэг байв?

-Би 1938 онд төрсөн, одоо 83 хүрч байна. Цаг үеэ дагаад өөрчлөгдөлгүй яах вэ. Хүүхэд байхад намар айлууд гүүгээ тавиад хөхүүрээ суллаад гэр дээрээ тавьчихдаг байв. Хүүхүүдийн гарыг цайлгахдаа хонины шийр, чих, хүүхдийн хувь гэж нэрлэдэг жижиг хэвийн боов бэлгэнд өгдөг байлаа. Хамгийн сайхан бэлэг нь ёотон хувааж өгөх. Том хүмүүст дээлийн торго, дурдан, хэвийн боов өгнө. Миний санахад бэлгийг их чухалчилдаггүй байсан юм болов уу. Бидний үеийн хүүхдүүд чинь дан морь унаж айлаар шинэлнэ. Саахалтын газар мориороо мөрийтэй уралдаж бэлгэнд авсан хэвийн боовоо алдах тохиолдол ч байна. Цагаан сарын үеэр хаврын морины уралдаан Хөх бүрдийн хөндийд  болно. Түүнд хурдан морио унаж уралдах гэж хүүхдүүд бид их хөөрнө. Аав минь Шархайн Цэрэн гэж Манзушир хутагт Цэрэндоржийн дэргэдэх дуучаас гадна сайн уяач  хүн байсан. Жин их тээнэ, мөн тайж ноёдын малыг тоолдог жасын нярав байсан. Хүүхэд нас минь хүлгийн нуруун дээр өнгөрсний буянд бие эрүүл өдий насыг наслаж байна даа. Аав минь хүү төрвөл бөх, унага төрвөл хурд гэж хэлдэг байлаа. Амны билгээс ашдын бэлэг үүсдэг гэж аавын минь хэлсэн ёсоор миний хоёр хүү улсын начин цол хүртсэн. Унаган адуугаа уяж уралдуулан улс, бүсийн наадмуудаас олон айраг түрүүг хүртэж улсын өндөр цолонд хүрсэн. Улсдаа хамгийн олон мал тоолуулж улсын сайн малчин цол авсан. Үүндээ сэтгэл хангалуун байдаг.

-Та морины цолыг сайхан дууддаг. Үүнээс гадна залуудаа ямар дуу дуулж байв?

-Анхны “Их хурд” уралдааны цолыг дуудаж байлаа. Манай боржигончууд чинь их найр наадамд дуртай хүмүүс шүү дээ. Найран дээр ихэвчлэн Ганди мод, Ум зандан ширээ гэсэн ардын дууг дуулна. Манай нутагт ихэвчлэн Түмний эх уртын дуугаар найр наадмаа эхлүүлдэг бол Шалзат баахан шаргыг дуулахыг цээрлэхээс гадна намын үзэл суртлаас хамаараад “Богдын Өндөр гэх дууг ч гэсэн хорьдог байв. Энэ дууны үг нь Богдын өндөр ууланд, будан хором татна, буцаж хойшоо харахад, Богдын шар хүрээ илхэн” хэмээн дуулдаг. Үүнийг цөлөгдсөн хүний ч дуу гэдэг байв. Тиймээс бид эртнээс нааш аливаа зүйлийн сайн сайхныг илүүтэй бэлгэддэг байсныг үүнээс ойлгож болно. Хүүхдээ өсгөхдөө амттанаар тэжээхгүй, өнгөнд дурлуулахгүй, нойронд автуулахгүй, тансагт умбуулахгүй хэмээн захиж сургадаг. Урин цагт цагаан идээ, айраг цагаа уулгаж, морио унадаг байсан болохоор эрүүл алив нэгэн өвчин эмгэггүй өсдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.2.21  БААСАН  № 38 (6263)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 5 цагийн өмнө
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 19 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 23 цагийн өмнө
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ Өчигдөр
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий Өчигдөр
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ Өчигдөр
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа Өчигдөр
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө Өчигдөр
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 2026/08/11
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 2026/08/11
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 2026/08/11
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 2026/08/11
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 2026/08/11