Улаанбаатарынхан хүүхдүүдтэйгээ хөдөөг зорьж эхэллээ


Энэ сарын 27-ноос хот хоорондын урсгал чиглэлд зорчигчдын тоо эрс нэмэгдсэн учир өдөрт 70-80 тээврийн хэрэгсэл иргэдэд нэмэлтээр үйлчилж байна.

БНХАУ-д гарсан коронавирусийн халдвартай холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон. Харин хот хоорондын зорчигч тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихэсчээ. Тодруулбал, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, МСҮТ, коллежийн үйл ажиллагааг түр зогсоосон учир Улаанбаатараас орон нутаг чиглэсэн урт цуваа тасрахгүй байна.  Бид энэ талаар сурвалжилга бэлтгэлээ. 

ОРОН НУТАГТ НЭМЭЛТЭЭР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЯВЖ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн “Драгон” автовокзал олны хөлд дарагджээ. Энд Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвд л харж болох олон хүн бужигнаж байлаа. Яарч, сандарсан хүмүүсийн олонх нь амны хаалт зүүжээ. Түүнээс гадна гурил, будааг шуудайгаар нь үүрч, зарим нь том цаасан хайрцаг, чемодан чирсэн байлаа. Амарч байгаа дээрээ цагаан сарынхаа бэлтгэлийг базааж, гэрийнхээ хүнсийг зэхсэн оюутнууд ч олон. Тэр бүү хэл гэрээ нүүлгэж буй хүмүүс ч байх аж. Энэ байдлыг ажигласан хэн ч нийгмийг хямраасан маш том өлсгөлөн болох нь, би ч хувийн хэрэгцээ, хүнсний нөөцөө бэлдэхгүй бол болохгүй нь гэж эрхгүй бодохоор. “Драгон” автовокзалын тасалбар бичих нэг цонхонд наймаас арван хүн дугаарлах аж. Тасалбар олгох жижиг танхимд суух ахмадууд хоорондоо “Бушуухан нутаг явъя. Энд хоригдож мэдэх нь байна”, “Хэлээд юу гэх вэ, хөдөө тааваараа суух минь” хэмээн элдвийг ярилцана.  Гуч орчим насны залуу “Миний зүүх, зүүхгүй чамд ямар хамаатай юм. Хувь хүний эрх” гэж чанга дуугаар орилсноос болж танхим тэр чигтээ дуу, шуугиан болов. Тус байгууллагын ажилчид өнөөх залууд амны хаалт зүүж үйлчлүүлэх шаардлага тавьсны төлөө уурлаж буй нь энэ аж. Загнуулсан эмэгтэй “Таны эрүүл мэндийн төлөө хэлж байна. Зорчигчид бүгд маск хэрэглэх ёстой” гэдгийг дахин сануулж байв. Тэрбээр иргэдэд санамж тарааж, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхийн зэрэгцээ амны хаалт зүүх шаардлага тавьж буй Авто тээврийн үндэсний төвийн ажилтан гэнэ. Тасалбар бичүүлэхээр дугаарласан, явах автобусаа хүлээсэн зорчигчдын олонх нь залуучууд аж. Тэд “Хичээл амарчихсан, би очих билет авчихлаа. Аавыг тос гэж хэлээрэй”, “Цагаан сар өнгөртөл сургууль хаасан. Нөгөө өвчин чинь Монголд гарсан байж  магадгүй гэнэ”, “Хүүхдүүдээ явууллаа шүү. Дааруулчихав, тосоод аваарай” гэх мэтээр баяр баясал дүүрэн хэн нэгэн рүү гар утсаар ярьцгаана. Тэдний дунд хүүхдүүдээ аваад хөдөө амьдарч буй аав ээж, ах дүүсээ зорьж байгаа иргэд ч олон байлаа.Хөл хорио тогтоож, хичээл сургууль амарсантай холбогдуулан Драгон автовокзалын үйл ажиллагааны ачаалал түрүү долоо хоногийнхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн гэнэ. Ялангуяа Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дархан, Өвөрхангай чиглэлд зорчигч урсгал илүү ачаалалтай байгаа аж. Тиймээс иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байх зорилгоор нэмэлт тээврийн хэрэгсэл явуулах болжээ. Өнгөрсөн мягмар гарагт гэхэд л орон нутгийн чиглэлд 48 автобус нэмэлтээр явсан байна. Нэг аймгаар жишээ авч үзэхэд зөвхөн Улаанбаатараас Увс аймгийн чиглэлд өчигдөр 15 тээврийн хэрэгсэл нэмэлтээр гаргажээ. Мөн өчигдөр тус вокзалаас орон нутгийн 30 чиглэлд нийт 153 тээврийн хэрэгслээр 3823 хүн зорчсон байна.

ХУУЛЬ БУС ТЭЭВЭР ЭРХЛЭГЧИД ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА

Драгон автовокзалын дэргэд Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай гэх мэт бүх л чиглэлд “халтуур” хийдэг хууль бус тээвэр эрхлэгч олон бий. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй, зорчигч тээвэрлэх эрхгүй, ажил амралтын дэглэм баримтлаагүй жолооч нар хулгайгаар хүн зөөсөөр байгаа аж. Тэд худал, ташаа мэдээлэлд төөрөлдсөн иргэдийн толгойг эргүүлж, багагүй ашиг олж байгаа гэнэ. Тодруулбал, хүн олохын тулд “Удахгүй хот хоорондын зам хаана гэнэ”, “Коронавирусээс болж хүмүүс хөдөө их явж байна. Автобусны ганц ч билет олдохоо байсан” гэх мэт цуурхал тараасан гэнэ. Тэдний зохиосон заль, цуу ярианд итгэсэн хүмүүс “Яваандаа байдал бүр бишдэх нь. Зам хаачихвал мөд харьж чадахгүй” гэж  бодон тэдний өгөөш болж байгаа тухай албаныхан онцолж байв. Энэ талаар АТҮТ-ийн Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн дарга Г.Батхүүгээс тодруулахад “Хууль бус тээвэр эрхлэгчид иргэдэд ташаа мэдээлэл тараах нь эрс нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийг худлаа мэдээллээр цочроож, өөрсдийнхөө хувийн унаанд суулган, хуурч авч явах тохиолдол элбэг байна. Иргэд мэдээллийн үнэн худлыг шалгаж, баримт нотолгоотой зүйлд итгэх ёстой. Өнөөдрийн байдлаар шаардлагатай бүх чиглэлд нэмэлт тээврийн хэрэгсэл  хангалттай тоогоор явуулж байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албанаас зам хаах, хөл хорио тогтоох шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр автобус хүрэлцэхгүй, хөдөлгөөн зогсоно гэсэн мэдээлэл одоогоор байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэе. Хууль бус тээвэрлэлт юугаараа аюултай вэ гэдгийг иргэд ойлгох ёстой. Тэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй, техник хэрэгслээр үйлчилж, хууль зөрчиж байдаг. Наад зах нь дөрвөн хүний суудалтай машинд таваас зургаан хүн тээвэрлэх, дугуй нь элэгдэж муудсан байх зэрэг тээвэрлэлтийн аюулгүй байдлыг зөрчдөг. Тиймээс иргэд эрүүл, аюулгүй, найдвартай зорчихын тулд заавал зорчигч тээвэрлэх зөвшөөрөлтэй жолооч, тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх ёстой” гэв. 

ЗАМ ДУНДЫН ДОЛООН ПОСТ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН

Улаанбаатараас орон нутаг руу чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэхийн хэрээр зорчигчдын эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал яригдана. Тиймээс бид зорчигч тээврийн үйлчилгээтэй холбоотой цаг үеийн асуудлаар АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Энэ сарын 27-ноос хот хоорондын урсгал чиглэлд зорчигчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан үндсэн цагийн хуваарь, графикаас гадна өдөрт 70-80 тээврийн хэрэгслийг нэмэлтээр үйлчилгээнд гаргаж байна. Тодруулбал, энэ сарын 28-ний өдөр нийт 73 чиглэлд 286 тээврийн хэрэгслээр 7578 зорчигчдод үйлчилсэн. Үүнээс гадна 24 цагийн турш зам дундын долоон постоор дамжин өнгөрч буй зорчигчдын халууныг хэмжин, ариутгал хийж, маск зүүсэн байдлыг хянан ажиллаж байна. Харин өнөөдрийн (өчигдөр) 10.40 цагийн байдлаар нийт 47 чиглэлд 61 тээврийн хэрэгслээр 1525 зорчигч зам гарсан байна. Нийт нутгаар цаг агаар тогтуун байгаа учир халтиргаа гулгаа харьцангуй бага байна. Энгийн үед хот хооронд өдөрт дунджаар 4000-5000 орчим зорчигч үйлчлүүлдэг бол зорчигч урсгал, ачаалал ихтэй үед зөвхөн УБ-Орон нутаг чиглэсэн зорчигч урсгалын тоо 6000 орчим болж өссөн. Үнэхээр халуунтай, биеийн байдал хэвийн бус зорчигчийг холбогдох мэргэжлийн байгууллагад мэдэгдэж харилцан хамтран ажиллах зөвлөмж өгч байгаа” гэв.

ЗҮҮН АЙМГУУДЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ 20 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Бид зүүн аймгуудыг чиглэсэн урсгал хэр нэмэгдэж байгаа талаар мэдээлэл авахаар “Тэнгэр плаза” төвд байрлах “Баянзүрх”  Зорчигч тээврийн төвд очсон юм. Тус төв Драгон салбартай харьцуулахад харьцангуй ачаалал багатай байв. Учир нь Чойр, Сайншанд, Замын-Үүд, Бор-Өндөр чиглэлд галт тэрэг явдагтай холбоотой гэнэ.  Гэвч тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо хэвийн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн байна. Хүлээлгийн танхим болон гадна зогсоолд зорчигчид ховорхон харагдана. Хөдлөх цагаа хүлээж буй дөрвөн автобусны хоёр нь дүүрчээ. Тус төвөөс энэ сарын 26-нд 13 чиглэлд 46 тээврийн хэрэгслээр 1039 зорчигч тээвэрлэсэн бол удаах өдөр нь 17 чиглэлд 52 тээврийн хэрэгслээр 1482 зорчигч тээвэрлэжээ.  Улсын хэмжээнд орон Улаанбаатараас орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдээд зогсохгүй Улаанбаатарт ирэх зорчигчдын тоо 20 хувиар өсчээ. Үүнийг албаныхан цагаан сардаа бэлдэхээр ирж байгаа иргэдийн хөл хөдөлгөөн хэмээн таамаглаж буй гэнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 11 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 11 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 12 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 13 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22