Хүүхдүүдийн аминд хүрч мэдэх хуванцар чаргыг хэрэглээнээс халъя

О.Шүрэнцэцэг
2020/01/17

Долоон буудлаас хойших автобусны буудал бүрт хуванцар чарга өнгө өнгөөр солонгорно. “Солонгос, сайн чанарын чарга шүү. Хөлдөж, хугарахгүй” гэж зарж байгаа чаргаа магтах чарганы худалдаачинтай цөөнгүй таарав. Хандгайтын “Янзага” зуслан руу явах замд хуванцар чарга зардаг хэд хэдэн худалдаачинтай таарсан нь энэ. Ийм төрлийн бизнес өвлийн улиралд “цэцэглэж”, гүйлгээний оргил үе нь байдаг. “Аав аа, ээж ээ, энэ өнгө нь гоё юм байна. Тэрийг ч авъя” гэж машины цонхоор хүүхдийн дуу цангинана. Нар, салхи, үзэхээр нийслэлчүүд амралтын өдрүүдэд агаарт гардаг уламжлалтай. Ханиад, томуу, ажлын стресс, ядаргаа, замын түгжрэл, утаа униар гээд энэ хотод бухимдах зүйл бишгүй. Иймдээ ч амралтын өдрүүдэд нус нь гойжсон хэдэн хүүхдээ, нугарч унах шахсан өөрсдийн биеэ “чирээд” агаарт гарах томчуудын цуваа тасардаггүй. Биднийг “Янзага” зуслангийн баруун энгэр дэх  чаргаар гулгадаг талбайд очиход 12.00 цаг болж, хоёр зуугаад хүн энд, тэндгүй гулгаж байв. Тэдний олонх нь хүүхэд. 

“Зам тавиарай, холдоорой. Хүүхдээ аваарай” гэж уулын оройгоо цуурайтах, цасан манан татуулсаар давхих чаргачдын цуваа тасрахгүй. Тэд улаан, ногоон, цэнхэр, ягаан гээд өнгө, өнгийн хуванцар чарга хөлөглөжээ. 

ТҮРЭЭСЛЭСЭН ЧАРГАА ЭВДЭЛБЭЛ МӨНГӨ ТӨЛЖ, ГЭМТВЭЛ ӨӨРСДӨӨ ХАРИУЦНА

“Янзага” хүүхдийн зуслангийн баруун энгэрт чарганы талбай түрээслэдэг газар бий. Хувийн чаргатай очвол таван мянган  төгрөг төлж гулгана. Харин чарга эндээс түрээслэвэл 7000 мянган төгрөг төлдөг аж. Түрээслэсэн чаргаа хугалж, эвдэлбэл 25 мянган төгрөгийн торгууль төлөх журамтай гэнэ. Харин чаргаар нь гулгаж байгаад бэртэж, гэмтвэл “Тэгнэ, ингэнэ” гэсэн зохицуулалт байхгүй. Уулын энгэрийг тэр чигт хашаалж, эргэн тойрон шуудуу ухаж, шороо овоолж, голоор нь шуудайтай мөс тавьж, нарийхан зам гаргажээ. Угтаа бол уулын уруу гулгасан чаргачид энэ замаар дээш алхах ёстой. Гэвч “Янзага” зуслангийн талбайд гулгаж байгаа хүмүүсийн тал нь зассан замаар дээш алхаж байсан бол үлдсэн нь гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс чигээрээ явж байлаа. Ногоон өнгийн чаргатай аав хүү хоёр уулын уруу бараг 60 км цагийн хурдтай гулгаж, найм орчим насны охиныг мөргөн, чаргатайгаа онхолдож, хуванцар чарга хэдэн хэсэг болж  газар унав. “Урдаас холдоход яадаг юм бэ. Зүгээр үү” гэж тэр эр охиноос асуугаад, хүүгээ тэврэн алхлаа. Охин гараа барьж, хэнгэнэтэл уйлаад “Чарганы ирмэг гар цохичихлоо. Өвдөөд байна” гэж уйлсан чигээрээ ярив. Төд удалгүй эгц өндрөөс 10 орчим насны хүү гулгаж, замын голд ойж, буугаад чарганаасаа унав. Харин араас нь гулгаж явсан эхнэр, нөхөр чарганых нь дээгүүр гарч, хүүгийн чаргыг хугалчихав. Үүний дараахан уулын оройгоос чихэвч зүүж, хар хөх өнгийн улаан цахилгаантай куртик, бараан өнгийн өмд, гутал өмссөн дунд эргэм насны залуу хар хурдаараа хурдалж харагдав. Замын дундаас залуу хөлөө газар хүргэж, цас манаруулж, нүдээ тас анисаар овоолсон шороон дээгүүр давж, хашаа мөргөөд зогсолоо. Босож ирээд “Жаргаад байна уу, зовоод байна уу мэдэх юм алга” хэмээн инээмсэглэн, хугарсан чаргаа хашаа руу шидчихээд, уул өөд алхлаа. Энэ мэтчилэн олон чарга “хог” болон хувирч замын голд хэвтэнэ. Хүүхдүүдээ агаарлуулж, цагийг зугаатай өнгөрүүлэх гэж уулын оройг сонгоод, өрөнд ороод, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буцах хүн цөөнгүй байв. 20-25 мянган төгрөгөөр худалдаж авсан хуванцар нь хугарч, хог  болно. Харин хүнийг мал шиг олноор нь хашаанд хашиж, төлбөр авсан худалдаачин ядахнаа аюулгүй талбай ч засаагүй байлаа. Тухайлбал, эвдэрч, хугарсан чарганы үлдэгдэл энд, тэндгүй хөвөрч, зам зассан шуудайтай мөсийг нь багачууд мөргөж, овоолсон шороог чаргатай иргэд давж, хашааг мөргөх гээд асуудал цөөнгүй. Гэхдээ энд хэн ч хариуцлага хүлээхгүй нь хачирхалтай. Уншигч та санаж байвал өнгөрсөн жил нэгэн жаал хүүгийн гуя руу хуванцар чарга хугарч, зоогдож байсан. Энэ мэт гэмтэж, бэртсэн хүмүүсийн цуваа гэмтлийн эмнэлэг рүү амралтын өдөр тасардаггүй аж. 

ХУВАНЦАР ЧАРГА ОРУУЛЖ ИРЭХЭД ТАВИХ СТАНДАРТ АЛГА

Бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хуванцар чарга оруулж ирэхэд тавигдах шаардлагын талаар тодруулахад “Ямар ч хараа хяналт, стандартгүйгээр чаргыг хилээр нэвтрүүлдэг. Зөвхөн аль улсад, ямар материалаар үйлдвэрлэсэн гэдгийг нь манайх хянадаг. Чарганы ар талд “Тэр улсын, тийм үйлдвэрт үйлдвэрлэв” гэсэн бичиг байх ёстой. Хуванцар тоглоом нь хүүхдийн биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг стандарт байдаг юм. Энд хуванцар чаргын стандартыг оруулах журмыг 2020 онд боловсруулж, мөрдөж, эхэлнэ” гэсэн юм. Урд хөршөөс оруулж ирсэн ямар ч стандарт, аюулгүй баталгаагүй хуванцар чаргаа хээв нэг “Солонгосынх” гэх наймаачдын шунал барагдахгүй нь ээ. Уулын оройгоос цасан манан татуулан гулгаж, нэг ойгоод буухад хугардаг, хөлдүү чарганы хэрэглээ  хэрээс хэтэрлээ. Ямар ч тоормос, хурд тохируулах юм байхгүй, нэг л гулгасан бол зогсоох боломжгүй чарганы гол хэрэглэгчид нь багачууд байдаг. Гулгаж яваад гэмтэж, бэртдэг гол “бай” нь ч хүүхдүүд байдаг нь бүр харамсалтай. 

ТОМЧУУДЫН ТЭНЭГЛЭЛИЙН ЗОЛИОС НЬ ХҮҮХЭД 

Хүйтэнд хөлдсөн хуванцар чарга хагарч, хүүхдүүдийг аюулд оруулахаас гадна хүүхдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явдаг бодлоггүй, хэнэггүй томчууд ч байна. Машиныхаа хортой утаагаар хүүхдээ утаад зогсохгүй, тэдний амь насанд санаатайгаар заналхийлж байна гэхэд энэ үйлдэл хилсдэхгүй. Өндөр уулын оройгоос тавхан настай балчир хүүхдээ ганцааранг нь чаргаар гулгуулж, ойгоод буух болгонд араас нь инээд хөөр, доог тохуу хийн баясах аав, ээж ч байна. Энэ мэт бодлоггүй алхамын цаана хүүхдийнх амь нас, эрүүл мэнд хамт яваа гэдгийг ойлгох сөхөө ч тэдэнд алга. 
Үнэндээ, монголд өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй учраас задгай уулын энгэр, чанаргүй хуванцар чаргыг хэрэглэх хүмүүсийн тоо цөөрдөггүй. Хүүхдээ дагуулаад очих дулаахан, тохитой цогцолбор ч байхгүй. Байгаа хэд нь борчуудын халаасыг юу ч үгүй сэгсэрч орхино. Өдрийн хагаст л хүүхдээ тоглуулж, гулгуулахын тулд сарын цалингийн тал нь аль хэдийн даваад явчихна. Халуун аарц, аяга кофеных нь үнэ тэнгэрт хадна. Ийм л учраас иргэд цагийн хязгааргүй уулын энгэрийг зорьж, чарга нэртэй аюулын харангад хүүхдээ даатгаж байна. Ганцхан удаа хэрэглээд хугарч, эвдэрдэг хуванцар чаргыг хэрэглээнээс бүр халъя. 

Эх сурвалж: Үндэсний шуудан 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 1 цагийн өмнө
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ 1 цагийн өмнө
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой 2 цагийн өмнө
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна 4 цагийн өмнө
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ 4 цагийн өмнө
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа 4 цагийн өмнө
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно 6 цагийн өмнө
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна 6 цагийн өмнө
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ 6 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 7 цагийн өмнө
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна Өчигдөр
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой Өчигдөр
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн Өчигдөр
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа Өчигдөр
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр
GANGBAY | КАСЕТА тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа Өчигдөр