ДОПИНГООР ДОМОГ БОЛСОН ЛЭНС АРМСТРОНГИЙН ТҮҮХ

Н.Мижидмаа
2019/08/14

АНУ-ын Допингийн эсрэг агентлаг /USADA/ нь 2012 онд "Тур де Франс" уралдааны долоон удаагийн аварга, дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг Лэнс Армстронгийг допинг хэрэглэсэн гэж буруутгасан нь дэлхийн нийтийн анхаарлыг татсан дуулиант хэргийг эхлүүлсэн юм.

Тэр үеэр Лэнс нь том тэмцээн уралдаанд оролцохоо болиод буяны ажилд л оролцдог болсон нэр алдрын оргилд хүрээд дархлагдчихсан, тэсвэр тэвчээр ба ялан дийлэхийн төлөөх дайчин зангийн амьд бэлэг тэмдэг, домог болсон хүн байлаа. Энэ орноос нь юу ч ховхолж чадахгүй гэж санагдаж байсан болов ч USADA-ийн хүчтэй шахалт, нотлох баримтын дор тэсэлгүй Опра Уинфригийн шоунд оролцох үеэр хамаг үнэнээ илчлэн "улайсан" юм. Тэрээр "Юуны өмнө одоо хэргээ хүлээх нь нэгэнт оройтсон гэдгийг хэлье. Дэндүү олон хүний хувьд хэт оройтсон гэдэгт л миний асуудал байгаа юм. Энэ нөхцөл байдлыг би олон удаа давтсан нэг том худал хуурмаг гэж үзэж байгаа. "US Postal" багт допингийг системтэй хэрэглэж байсан тухайд бол энэ систем үнэхээр мэргэжлийнх байсан юм шүү. Хүмүүс Армстронг "Тур де Франс"-д, шар цамцанд, ер нь спортод үл хүндэтгэсэн байдлаар хандлаа л гэх байх. Тэдний зөв л дөө" гэж хэлсэн нь жинхэнэ дуулиан тарьсан.

USADA нь түүний талаар шаардлагатай нотлох баримт, мэдээлэл хангалттай цуглуулаад байсан тул хэргээ хүлээх цаг хугацааны асуудал байсан гэж болно. Үгүй гэж гүрийлээ ч хөдөлшгүй баримт бүгдийг илчлэх байлаа. Харин "улайж" хэргээ хүлээснээр үр дагаврыг харьцангуй зөөллөнө гэж тооцсон байж болох юм. Ингээд үүний дараагаар допинг ашиглан олсон бүхнээ буцаах тун ярвигтай үе эхэлжээ.

Юуны өмнө Унадаг дугуйчдын олон улсын холбоо түүнээс "Тур де Франс" уралдаанд ялсан бүх ялалтыг хүчингүйд тооцсоноо зарлаад, шагналын мөнгө бас бий гэдгийг сануулав. Дараа нь Олон улсын Олимпын хороо Сиднейн тоглолтын хүрэл медалиа буцаан авч, олон тооны спонсорууд нь бүгд шүүхэд гомдол гарган түүнд өгсөн мөнгөө буцааж авахаар дугаарлан зогсов.

Энэ бүхнээс болоод Армстронг хэдий хэмжээний алдагдал хүлээснийг зүйл зүйлээр нь тооцсон байдаг.

Эхлээд түүний алдсан мөнгийг үндсэн хоёр хэсэгт авч үзсэн байна. Үүнд:

1.Дутуу авсан мөнгө. Үүнд спонсорууд нь гэрээгээ цуцлаагүй бол тэр олон жилийн хугацаанд авах байсан мөнгө нь орно.

Энэ мөнгийг нийт 150 сая доллар гэж тооцсон. Энэ их мөнгийг пүүзийг нь өгдөг Nike, дугуйгаар хангадаг Trek, Oakley нүдний шилийг нь өгдөг Luxottica-аас гадна шар айрагны Anheuser-Busch компаниуд өгөх байжээ.

2.Бодит алдагдал. Үүнд шүүхэд гаргасан заргын дагуу төлсөн мөнгө, тэмцээ уралдаанаас хожсон байгаад буцааж өгсөн шагналын мөнгө орно. Нийтдээ Армстронг нь допинг хэрэглэн спортын луйвар хийлээ гэж улсын болон хувийн компаниуд, хувь хүмүүст 111 сая доллар төлжээ.

Нарийвчилбал, "Тур де Франс"-ын удирдлагаас Армстронг ба түүний багт шагнал болгон өгсөн 3 сая доллараа буцаан авсан. Лэнсын өмнөөс олон жилийн турш даатгалыг нь төлсөн SCA Promotions шүүхэд нэхэмжлэл гаргаад 10 саяыг буцааж авсан.

2004 онд Лэнсыг допинг хэрэглсэн гэсэн мэдээ нийтлээд шүүхдүүлж сэтгэл санааны гомдол ба шүүхийн зардал гээд нийт 1 сая орчим евро төлж байсан Sunday Times сонин алдсанаа буцаан авсан. Гэхдээ нэлээд өсгөж авсан.

Хамгийн хэцүү нь "US Postal" багийн хамтрагч Флойд Лэндис ба АНУ-ын Засгийн газрын төлөөлөн АНУ-ын шуудан холбооны газраас гаргасан 96,8 сая долларын нэхэмжлэл байсан юм. Энэ хоёр нь "US Postal" багийн гишүүн байхдаа допинг хэрэглэн луйвар хийхдээ багийн ерөнхий ивээн тэтгэгч АНУ-ын шуудангийн албаны нэрийг сэвтүүлэх замаар улс орныхоо нэрийг гутаасан гэж буруутгасан юм. 6 жил гаруй үргэлжилсэн зарга өнгөрсөн жил дууссан бөгөөд Лэнс Армстронг нь 96,8 саяыг бус 5 сая доллар төлөөд салсан байдаг.

Эцэст нь ямар ч мөнгөөр тоолох боломжгүй алдагдлыг тоочвол:

- Армстронг нь USADA-аас шалгалт хийдэг спортын бүх төрлийн арга хэмжээнд оролцох, зохион байгуулах эрхгүй болсон.

- Янз бүрийн олон нийтийн байгууллагуудад эзэлж байсан албан тушаал даший шог болсон.

- Нэрээ брэнд болгон ашиглах боломжгүй болсон. Ташрамд сонирхуулахад брэнд болгон ашигласан бол жилдээ 10 сая хүртэл долларын ашиг олох боломжтой болсныг мэргэжилтнүүд тооцсон байдаг юм байна лээ.

- 2005 онд авсан Франц улсын дээд шагнал болох Хүндэт Легионы одонгоо хураалгасан.

- 1990-ээд оны сүүлээр өөрийн зохион байгуулсан хорт хавдартай тэмцэх "The Lance Armstrong Foundation"-аа алдсан. Нэгэн цагт хорт хавдар тусаад амьд үлдэх 2 хувийн магадлалтай гэгдэж, уйгагүй тэмцсээр илааршсаны дараа байгуулсан энэ сангаа алдана гэдэг хамгийн хүнд цохилт байжээ. Түүнийг тус сангийн тэргүүнээс хөөж, нэрийг хасаад "Livestrong" болгон өөрчилсөн. Үүний дараа маш олон нэр алдартай компаниуд тус сантай хамтран ажиллахаас татгалзсан.

2018 онд тэрээр хийсэн үйлдэл ба өнгөрсөн үеийн талаар ярихдаа "Би ялахын төлөө хийх ёстой байсан зүйлээ л хийсэн. Мэдээж, хийсэн зүйл маань тийм ч мундаг байгаагүй ч би юунд ч харамсдаггүй. Би их мөнгө алдсан байж болно оо, гэхдээ л ямар ч байсан оргүй хоосноос баатар хүртэл зам туулсан хүн" гэж мэдэгдэж байсан юм.

P.S.

Ингэж их мөнгө алдсан ч Лэнс Армстронгийн гэр өнөөдөр тун ч боломжийн амьдралтай хэвээр байгаа. Мань хүн тэртээ 2010 онд, ид явах үедээ венчур санд 100 мянган долларын хөрөнгө оруулалт хийсний ачаар энэ бүх адармаатай явдлын дараа таатай амьдрах боломжтой болсон байна. Түүний хөрөнгө оруулалт хийсэн венчур сан нь тухайн үед такси ба хувийн машинтай хүмүүст зөөврийн үйлчилгээ захиалдаг хэн ч мэддэггүй байсан гар утасны үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийж. Ингэснээр Uber компанийн хувьцаа эзэмшигч болсон байна. Тэр үед Uber компанийн нийт хөрөнгө 3,7 сая доллар гэж байсан бол одоо 72 тэрбум доллар хүрээд байгаа төдийгүй ойрын үед өссөөр 120 тэрбум болох янзтай байгаа.

Сэтгүүлчид түүнээс Uber компанийн хувьцаанаас хэдий хэр мөнгө олсон бэ? 10, 20, 30, 40 эсвэл бүр 50 сая уу? гэж асуухад "Тэр хавьцаа" гэж хариулаад тухайн үед мөнгөө венчур санд өгч байхдаа юунд хөрөнгө оруулалт хийж байгаа талаар ямар ч төсөөлөлгүй байсан гэдгээ хэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тавдугаар сарын 15-наас халуун ус хязгаарлана 6 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана 6 цагийн өмнө
БНХАУ-д зорчиж, оршин сууж буй иргэдийн анхааралд 6 цагийн өмнө
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 8 цагийн өмнө
Тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 9 цагийн өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 11 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 11 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 11 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 12 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 13 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 15 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 15 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ Өчигдөр
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав Өчигдөр
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ Өчигдөр