ЕРӨНХИЙЛӨГЧ АТГ-ЫН ДАРГА Х.ЭНХЖАРГАЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ САНАЛАА ХҮРГҮҮЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/03/06

Их Хурлын дарга Г.Занданшатарт "Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай" албан бичиг хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлсэн байна.

САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.

1.Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно", 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ" гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.

Монгол Улсын Их Хурал 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.

Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны долдугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.

Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр "уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна" гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.

Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн "Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана" гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн арваннэгдүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно.

Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.

3.Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.

Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 21 минутын өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 15 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 15 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 16 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 21 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25