ШУУРХАЙ: ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар өнөөдөр /2018.10.29/ УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын тараах бичиг өргөн барилаа. Тус бичигт,

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монголын ард түмэн "Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж" тэгш журамт, баян хүчирхэг Монголыг цогцлоох тухай амласан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг дэмжин итгэл хүлээлгэж, төрийн эрхийг барих үнэмлэхүй боломжийг дахин олгосон.

Иргэдэд танилцуулж, иргэдээрээ дэмжүүлсэн намын мөрийн хөтөлбөрийг ард түмэнтэй байгуулсан гэрээ гэж үзэж болно. Харамсалтай нь 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа. Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа "гишүүний мөнгө"-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар "гишүүний мөнгө"-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна.

Түүнчлэн 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхол бүхий концессын гэрээ байгуулсан зэрэг алдаатай олон бодлогынхоо үр дүнд огцорсон бол У.Хүрэлсүхийн Засгийн газар мөн улс орны эдийн засгийг туйлдуулах хэмжээний авлигажсан төсөв боловсруулсан, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой зээлийг эрх мэдэл, нөлөө бүхий албан тушаалтнуудад олгосон зэрэг огцрох хэмжээний алдаатай бодлогууд явуулж, үүнийг нь Улсын Их Хурал, түүний гишүүд хувийн ашиг сонирхлоор дэмжин өөгшүүлж байгаа нь илт болоод байна. Сонгууль угтсан явцуу эрх ашгаар төсөвт хандаж улс орны эдийн засгаар тоглох, албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зэрэг байдалд бүрэн автаад байгаа гишүүд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг бүрэн алдагдуулж, Улсын Их Хурлын гишүүдээс бүрэлддэг төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд итгэх иргэд, олон нийтийн итгэл, дэмжлэгийг үгүй болгон, цаашид З дахь, 4 дэх Засгийн газрыг байгуулан ажиллуулсан ч улс орон хөгжиж, үр дүнд хүрнэ гэсэн баталгаагүй болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно", төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт "Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй" гэж тус тус заасан.

Иймд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна. Судлан үзэж, саналаа ирүүлнэ үү" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21