Х.БАТТУЛГА: БАЙГАЛИЙН БАЯЛАГ БОЛ АРД ТҮМНИЙХ


Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар тус нэвтрүүлгийн хөтлөгч А.Бүрэнбаатартай ярилцсан билээ. Түүний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-2019 оны Ерөнхийлөгчийн төсөв өнгөрсөн жилийнхээс багасаж 4.6 орчим тэрбум төгрөг болсон. Зарим хүмүүс намайг гадаад улс орнууд руу айлчлахгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч, онгоцны тасалбарын үнэ болоод айлчлалын бүрэлдэхүүнд ганц, хоёроор тогтохгүй олон хүн явдаг зэрэг асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй. Гадагшаа явахдаа хэвлэл, мэдээллийн зэрэг зардлыг хувиасаа гаргаж байж мэдээлэл хүргэж байгаа. Энэ талаар дурдаад өнгөрөх хэрэгтэй болов уу гэж бодоод хэллээ.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохын тулд АНУ-д айлчлах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй санал солилцож, Ерөнхий сайд энэ хуралд явахаар болсон юм. Хэд хоногийн зайтай хоёул, хоёулаа явахаар зардал л өснө. Тиймээс ярилцаад шийдсэн хэрэг.

-Бид гадаад харилцаандаа нэг бодлого баримталж байгаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн нь ч очсон нэг зүйл ярьж байгаа.

-Бакугийн дэлхийн аваргад очиж багаа дэмжсэн. Энэ бол бахархал. Манай улсын жүдогийн хөгжил их өндөр байна лээ. 2019 оны дэлхийн аварга Токиод болох юм. Мөн л албан айлчлалаар очингоо багаа дэмжиж болно шүү дээ. Спорт гэдэг бол залуучуудыг зөв хүмүүжил рүү ойртуулах хамгийн энгийн алхам юм.

-Төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан та чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ багагүй санал, шүүмж хэлсэн. Ингэхдээ УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг төсвөө хэмнэх хэрэгтэй, 10-20 хувь хэмнэх боломж байгаа гэсэн. Та харин өөрийн төсвийг батлагдсан хэмжээнд нь зохицуулаад явах бодолтой байна уу?

-УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны улсын төсвийг 10 хувь хэмнэх ёстой гэж хэлсэн. Би Ерөнхийлөгчийн хувьд дээрх уриалгыг дэмжиж 15 хувь болгоё гэсэн. Харин Ерөнхий сайд "хувьсгал" хийнэ гэж гарч ирсэн тийм үү. Хэрэв тийм бол хувьсгалаа төсвөөс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Харин хэмнэсэн мөнгөөрөө байнга яригдаж ирсэн аж үйлдвэрийн комбинатаа байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулах замаар энэ салбараа босгох хэрэгтэй.

-Бид 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинаттай байсан. Одоо малын тоо бараг гурав дахин өссөн. Гурван аж үйлдвэрийн комбинаттай байх ёстой гэсэн үг биз дээ. Ноосоо боловсруулъя, утас болгоё. Утсаараа даавуу, хивс зэрэг бүтээгдэхүүн хийе л гэж байгаа юм. Мөн ченжүүд малчдын гар дээрээс жил бүр 10 мянга орчим тонн ноолуур авдаг. Махаа экспортолж, арьс ширээ боловсруулж чадахгүй байна. Бүгд түүхийгээрээ, хагас боловсруулагдсан байдалтай маш хямдхан гадаад руу гарч байна. Тиймээс түүхий эдээ боловсруулъя гэсэн бодлого л ярьж байгаа юм. Үе, үеийн Засгийн газар, УИХ тооцоог нь хийчихсэн байгаа. Нэгэнт арилжааны банкны зээлээр аж үйлдвэр хөгжихгүй нь тодорхой байгаа тул төсвөөс хэмнэлт хийж энэ салбараа босгох хэрэгтэй гэсэн бодлого баримталж байна.

-Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторын барилга барихад 4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Барилгын зураг төсөвтэй, төсөвгүй маш олон барилга барихаар тусгасан байна.

-Увс, Говь-Алтай руу засмал зам татаж яах гэж байгаа юм гэцгээж байсан. Нэг үгээр "үргүй зардал" гэж тодотгож байсан шүү дээ. Харин одоо тээвэр, ложистик, аялал жуулчлалтай холбогдож байна. Харин хөдөө, аж ахуйн талаасаа бид түүхий эдээ орон нутгаас л авна. 21 аймаг дэд бүтэцтэй болсон тул одоо контор биш анхан шатны үйлдвэрийн барилга хэрэгтэй байна.

-Анх удаагаа улсын төсвийн асуудал ярихаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид гурав уулзсан. Илтгэгч нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх ёстой байсан ч гадаадад байсан учир бид гурав уулзаж, дээр дурдсан асуудлын хүрээнд ярилцсан.

"…УИХ-ын дарга бид хоёр хэмнэлт хийх саналтай байгаа, энэ нь төсөв эвдэж байгаа зүйл огт биш, төсөв хэмнэх саналаа өгье…" гэж Ерөнхий сайдад хэлсэн. Ингээд би төсвийн асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаан болоод Ажлын хэсэг, Төсвийн байнгын хороонд танилцуулга хийхээр болсон.

-Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа "огцруулна" шүү гээд л дарамталж эхэлнэ. Энэ бол өнөөгийн бодит тогтолцоо. Тэгээд Ерөнхий сайд нь мөнгө хуваарилна. Би энэ талаар маш тодорхой хэлсэн. Н.Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд байхдаа нэг намын 72 гишүүнээс бүрдсэн УИХ-ыг бүрдүүлсэн байсан. Гишүүд нь бодлого, үйл ажиллагааг нь эсэргүүцээд эхлэнгүүт нэг, нэг сая төгрөг тойрогт нь өгч байсан юм. Одоо энэ мөнгө таван тэрбум төгрөгт хүрч. Энэ бол бодит байдал. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй.

-Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг УИХ-д өргөн барихад дэмжихгүй гээд унагасан. АТГ-ын даргыг сольж, оффшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна. Санаачилсан, хийсэн бүх л ажлыг УИХ унагаж байна. Нуух аргагүй, бүгд л харж байгаа байх.

-Уул уурхай дагнасан баахан компанийн захирлууд УИХ, Засгийн газарт орж байна. Эргээд өөрсдөдөө үйлчилж байгаа нь Монгол Улсад хамгийн их аюул учруулж байгаа зүйл боллоо.

-2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Тэр үед "Шинхуа" гэж компанид Ухаа худгийн менежментээр одоогийн татвар бүрдүүлж байгаа ТОП-3 компанийн 2-т байгаа "Эрдэнэс Тавантолгой" компанийг 60, 40 жилээр нийт 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан шүү. Миний өмнөх Ерөнхийлөгч энэ ардчилсан нийгмийг авчралцсан хүмүүсийн нэг атлаа тэр уул, уурхайг лиценз нэрээр авч, эзэгнэж байгаа хүмүүсийн лоббинд орсон байгаа биз. Өмнө нь Ерөнхий сайд хийж байсан, хоёр удаа ард түмний итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр ажилласан. Одоо ингээд гуравхан жилийн дараа өнөөдөр л гэхэд ашигтай ажиллаж байгаа 6-7 тэрбум тонны нөөцтэй коксжсон нүүрсний ордыг үнэгүйгээр "Шинхуа" гэж компанид 100 жилээр өгөх гэж оруулж ирсэн шүү.

-Саяхны нэг жишээ хэлье, 10-аад хоногийн л өмнө байх. 1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн. Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ!

Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй.

-Ардчилал бол аливаа асуудлыг чөлөөтэй шүүмжилдэг, олон ургалч сэтгэлгээтэй нийгэм. Би Ерөнхийлөгчийн тухай бус засаглалаа эргэж харъя л гэсэн юм. Гэхдээ ард түмнээрээ хэлэлцүүлье. Ингэхдээ сонгууль явуулж байгаа юм шиг байдлаар иргэдээс асууж тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. 64 гишүүнтэй бүлгийн шийдвэрээр Үндсэн хуульд гар хүргүүлж болохгүй. Эс бөгөөс Үндсэн хуулийг уул, уурхайгаар дамжуулан асар их мөнгөтэй болчихсон хүмүүс чиглүүлнэ шүү.

-Надад 1982 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Үнэн сонин байна. Энэ сонин дээр "Өмнөговь аймаг дахь Таван толгойн геологи хайгуулын ангийн У.Буянбаатар ахлагчтай өрмийн тавдугаар бригад Дорнод аймаг дахь геологийг удирдах газрын өрмийн мастер Сүрэнхүүгийн өрмийн нэгдсэн бригадын туршлагаар ажиллаж нэг сард баганат өрөмдлөгөөр 547 уртааш метр өрөмдөж, геологи хайгуулын удирдах газрын шинэ дээд амжилт тогтоож, их ойдоо бэлэг барилаа гэж" бичсэн байна.
Энд бичсэнээр бол 1982 онд Таван толгойн ордыг өрөмдөж хайгаад олчихсон байсан байгаа биз. Гэтэл С.Баяр гэж хүн Ерөнхий сайд байхдаа 1 сая ам.доллараар өрөмдсөн гэх дүгнэлтээр "MCS"-д энэ ордоос тасдаад өгчихсөн. Эндээс л зөрчил үүссэн.

-Хэрэв би уул, уурхайтай холбоотой байсан бол энэ асуудлаар олон жил ярьж, шүүмжлэхгүй. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч бид гурав анх удаагаа Ухаа худаг, Таван толгойтой холбоогүй Төрийн өндөрлөгүүд болсон юм шүү. Тийм учраас Таван толгой, төмөр замыг хөдөлгөх шийдвэр гаргасан. Урьд нь энэ бүлэглэл аль нэгийг нь оосорлоод үлдээчихдэг байсан.

-"Далан", "овоолсон шороо" чинь миний үед эхлээгүй юм. Миний үед Төмөр замын бодлого батлагдсан. Дараа нь сонгууль болж, одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Зам, тээврийн сайдаар очсон. Тухайн үед бондоос 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт гарсан. Тэр мөнгөөр төмөр замын даланг бариад дуусгасан. Одоо дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. А. Гансүхээс хойш хэд, хэдэн сайд солигдсон. Тэд бүгдээрээ төмөр зам хэрхэн тавьдгийг мэддэг. Энэ төмөр замыг үргэлжлүүлж тавих ёстой юм. Шийдвэр гарсан тул энэ хавар ажил эхлэх байх гэж харж байгаа.

-Бид гурав нэгдсэн ойлголтод хүрч болно. Гэвч цаана нь УИХ бий. Хэрэв өөрөө санаж байгаа бол одоогийн Засгийн газрыг бүрдүүлж байх үед би зөвшилцөх бичгийн хариуг хоёрхон цагийн дотор өгч Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг болон түүний Засгийн газрыг дэмжсэн. Гэхдээ ганцхан Сангийн сайд чинь л Монгол Улсын Сангийн сайд биш гэж эсэргүүцэж байсан.
Харамсалтай нь, УИХ томилчихсон. Одоо юу болж байна гэхээр Сангийн сайд өөрийнхөө сонгогдсон тойрогт 52 тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан сууж байна. Тэгэхэд Ерөнхийлөгчийн жилийн төсөв 4 тэрбум төгрөг байх жишээтэй. Би энд өөрийнхөө төсвийг нэмүүлэх гэж яриад байгаа юм биш. Харин төсвийг ийм байдлаар оруулж ирэх юм бол Монгол Улс бахь байдгаараа л байна гэдгийг яриад байна.

-Би байнга л амиа хорлосон, аваарт орсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо ярьж явдаг хүн болчихоод байна. УИХ дээр ч хаалттай ярьж байгаа. Болж бүтэж байгаа юм байгаа л даа. Өнгөрсөн 28 жилд алдаж оносон юм зөндөө л байгаа. Ямар ч байсан ардчилсан сонгууль явуулдаг боллоо. Гэтэл энэ нь эргээд мөнгөний сонгууль болчихлоо. 21 аймгаа авто замаар холбоод авч байна. Зориглоод л шийдсэн асуудал. Эрчим хүчний нүүрстэй байгаа мөртлөө эрчим хүчгүй байгаа асуудал ч бидэнд байна. Эцсийн дүндээ бодлогогүйн улмаас энэ бүх асуудал үүсэж байна. Бидэнд эрчим хүчний ч бодлого байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинээр томилогдсон С.Даваасүрэн сайдыг дуудаад "Нар салхины цахилгаан станц барина гэх юм, судалгаа хаана байна" гэхэд байхгүй л байгаа байхгүй юу. Ийм л байна. Юу гэж байна вэ гэхээр дөрвөн жилийн настай Засаг маань өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулчихаж. Энэ дүнг өөрчлөхийн тулд ард түмнээсээ асууя л гээд байгаа юм.

-Манай улс долоон зүйл ангиар цаазын ял өгдөг байсан юм байна. Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байхдаа иргэд бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудалд маш эмзэг хандаж буйг харсан. Тэр хүүхдүүдийн ирээдүйн амьдрал, эцэг эхийн байдал гээд олон асуудал байна. Тиймээс ганцхан бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт л цаазын ялыг сэргээж өгөөч гэж байгаа юм. Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-д тавьсан. Одоогоор хариу ирээгүй байна. Бид цаазын ялгүй болох цаг болсон юм уу, төлөвшсөн юм уу гэдгийг эргэж хармаар юм билээ. Үндсэн хуульдаа бол цаазын ялтай хэвээр. Гадны гэрээ, Европын Холбоо гээд ярихаар Үндсэн хуультайгаа зөрчилдсөн хуулийг бид өргөн барьчихаад байгаа юм.

-АНУ, БНХАУ, Япон зэрэг орнууд цаазын ялтай шүү дээ. Тэглээ гээд эдгээр орнууд ардчилсан нийгмээсээ ухарсан зүйл байна уу. Цаазын ял өөрөө их эмзэг сэдэв л дээ. Би бол бүх зүйл ангид биш бага насны хүүхдийн гэмт хэрэгт л гэж онцгойлон авч үзээд байгаа юм. Сошиалаар мушгиад янз бүрээр яриад л байгаа.

-2015 оны жишээ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс топ татвар төлөгчдийн хоёрт жагсдаг "Эрдэнэс Таван толгой" компанийг Хятадын компанид 100 жилээр өгөх гэж орж ирсэн. Би нэр устай нь ярьж байгаа. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан гээд…

-Миний өрөөнд байгаа энэ Үндсэн хууль дээр би гараа тавиад тангараг өргөсөн хүн. Газрын доорх баялаг ард түмнийх гэж энэ Үндсэн хуульд бичсэн байгаа. Харин ард түмнийх болгох ажлыг бид Таван толгойгоос эхэлсэн. Энэ уурхай ашигтай ажиллаж 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх ёстой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 2 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 7 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 8 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 8 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 8 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 10 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 10 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 10 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 12 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 12 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 13 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр