Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал, доктор Г.САРАНТУЯАТАЙ ярилцлаа.
-Манай орон болон дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт ямар төвшинд байна вэ?
-Судлаачдын гаргасан дүгнэлтээр Монгол орны уур амьсгал сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.24 хэмээр дулаарсан. Харин дэлхийн уур амьсгал сүүлийн 100 орчим жилд 0.9 хэмээр дулаарсан. Ерөнхийдөө дулаарч байгааг бүслүүрээр нь авч үзвэл өндөр уулын хэсэгт эрчимтэй, говь, хээрийн бүсэд харьцангуй сул байна.
-Эрчимтэй дулаарч буйн гол шалтгаан юу вэ?
-Дэлхийн болон Монгол орны уур амьсгалыг дулаарахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь хүлэмжийн хий.
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол оронд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэт халуун, хүчтэй салхи, цастай өдөр олон тохиодог болсон. Мөн цөлжилтийн эзлэх талбай нэмэгдэж, ган, зудын давтамж ойртож байна. Хуурайшилт ихэсч хур тунадасны хуваарилалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор үер усны гамшиг ихэсч байна. Энэ мэтээр сүүлийн үед байгаль, цаг агаарын гамшигт үзэгдэл эрс нэмэгдэж байгаа.
-Уур амьсгалын өөрчлөлт тухайн улс орны эдийн засаг болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Монгол орны эдийн засаг цаг агаараас хамааралтай байдаг. Учир нь, манай улс бэлчээрийн мал аж ахуйтай. Иймд нар хур тэгширсэн сайхан жил тохиовол хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр хэрээр сайжирдаг. Хэрэв ган, зуд болбол энэ салбарт ихээхэн хэмжээний хохирол учирдаг. Энэ нь Монгол орны эдийн засаг уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг байгаагийн илрэл. Нөгөө талаараа шар усны үерээс болж улс орны эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учирдаг. Сүүлийн 12 жилийн судалгаанаас харахад цаг агаарын гамшигт үзэгдэлтэй холбооотойгоор Монгол орны эдийн засагт 534 орчим тэрбум төгрөгийн хохирол учирч, 400 гаруй хүн амь насаа алдсан байна. Ер нь Монгол орны эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, биологийн төрөл зүйл, байгалийн экосистем уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байна.
-Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлт хэр удаан хугацаанд үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?
-Ойрын 100 жилд уур амьсгалын өөрчлөлт үргэлжлэхээр байна. Үүнд хэрхэн дасан зохицож аж ахуйгаа эрхлэх, яаж эрүүл байх вэ гэдэгт анхаарал хандуулахгүй бол байгаль, цаг агаарын болзошгүй аюул, гамшигт өртөх эрсдэл өндөр. Тухайлбал, халуун өдрүүд үргэлжлэхээр зүрх судас болон халдварт өвчлөл нэмэгддэг. Судлаачид урьдчилсан байдлаар сэрэмжлүүлэг гаргадаг ч түүнийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ашиглаж, урьдчилан сэргийлэхгүйгээс гамшигт үзэгдэлд өртдөг. Бид байгаль, цаг агаарын аюул, гамшигт үзэгдэлд бэлэн байж, урьдчилан сэргийлж амь нас, эд хөрөнгөө хамгаалах шаардлагатай.
-Уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх вэ. Олон улсад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Дэлхий нийтэд хоёр үндсэн арга байдаг. Нэгдүгээрт, дасан зохицох. Хоёрдугаарт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах. Үүнийг өндөр хөгжилтэй улс орон ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийг бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна гэсэн үг. Манай орны хувьд эрчим хүчний салбар хамгийн их хүлэмжийн хий үйлдвэрлэдэг. Үүнийг бууруулахын тулд аль болох сэргээгдэх эрчим хүч ашиглах ёстой. Тухайлбал, нар, салхины эрчим хүчийг ашиглах чиглэлд бодлого боловсруулагчид анхаарал хандуулах нь зүйтэй.
-Аль нь манай оронд илүү тохиромжтой, үр дүнтэй байх бол?
-Дасан зохицох. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад техник технологи, төсөв хөрөнгө зэрэг эдийн засгийн чадавхи шаарддаг. Ер нь өндөр хөгжилтэй улс орон энэхүү хоёр аргыг хослуулж байна.
-Энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар цаг агаар ямар байх төлөв ажиглагдаж байна вэ?
-Ер нь хуурайшилт ихтэй, салхи шуурганы давтамж нэмэгдэх магадлалтай.
-Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна бидний өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг бол ус, түүний нөөц. Цэвэр усыг зүй зохистой ашиглах талд танд ямар гаргалгаа байна вэ?
-Манай улс бүх зүйлд гүний усаа хэрэглэдэг. Хэрэглэж байгаа нийт усны 80 хувийг гүний, үлдсэнийг гадаргын ус эзэлдэг. Цаашид дэлхийн болон Монгол Улсын хүн ам өснө. Үүнийг дагаад үйлдвэрлэл үйлчилгээ, эрчим хүч, усны хэрэглээ мөн нэмэгдэнэ гэсэн үг. Иймд бид усныхаа хэрэглээг хангахын тулд нэгдүгээрт, байгалийн ус ашиглалтад илүү анхаарах нь зүйтэй. Тухайлбал, гадаргын ус, ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан цас, хур борооны усыг түлхүү ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт, дэлхий нийтийн жишгээр саарал буюу бохир усыг дахин боловсруулж хэрэглэх юм. Манай улс шиг цэвэр усаараа автошинаа угаадаг, бохироо зайлуулдаг, хөргүүрт ашигладаг орон хаана ч байхгүй. Энэ зохисгүй хэрэглээг хязгаарлаж, зааг ялгаатай болгох нь зүйтэй. Энэ байдлаар усны нөөцөө хадгалах, мөн гадаргын усны хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай.
-Саарал усны талаар бүх нийтээр ярьдаг ч хэрэглээнд төдийлөн нэвтрэхгүй байгаа шүү дээ?
-Усыг хамгийн их хэрэглэдэг салбар бол эрчим хүч, уул уурхай. Энгийнээр хэлэхэд, саарал усны хэрэглээ гэдэг усыг дахин ашиглах технологи юм. Үйлдвэр, цахилгаан станц, барилга орон сууцыг барихаар төлөвлөхдөө усыг дахин ашиглах технологийг суурилуулахаар тусгах хэрэгтэй. Монгол орон байгалийнхаа нөөцөөр хязгаарлагдмал усны нөөцтэй учраас саарал усны хэрэглээг бодлогоор нэвтрүүлэх нь зүйтэй.
-Манай орны усны бохирдол ямар төвшинд байна вэ?
-Улаанбаатар хотын барилга төлөвлөлт, газар ашиглалт, хайрга олборлолттой холбоотойгоор ус маш их хэмжээгээр бохирдож байна. Наад захын жишээ нь Туул гол. Дэлхийн стандартаар хамгийн бохирдол ихтэйд тооцогдож байна. Ер нь гол усыг бохирдуулагч нь хүн. Суурин газрын хувьд үйлдвэрлэл үйлчилгээ, барилга байгууламж барьж буй компаниуд үүнээс гадна ахуйн хэрэглээ, харин орон нутагт гар аргаар алт олборлогчид гол усыг бохирдуулаад байна. Энэ мэт олон хүчин зүйлээс шалтгаалан Монгол орны гол мөрөн их, бага хэмжээгээр бохирдсон
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна