Эмч нарын хариуцлагагүйгээс болж 13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амиа алджээ. Тэрбээр 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношлогоо, эрүүл мэндийн төвд түгжрэлд орсон гэх оноштой хэвтэн эмчлүүлсэн байна. Улмаар яаралтай мэс засалд орсон бөгөөд харамсалтай нь эмч нар нь мэс заслын хайчаа гэдэс дотор нь мартаад оёчихжээ.
Тэрбээр энэ хугацаанд бие нь байнга өвдөж, байнгын зовиуртай амьдарч байсан аж. Улмаар мэс заслаас 13 жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард томографикийн зураг авахуулахад хэвлийд нь мэс заслын хайч байгаа нь тодорхой болсон байна. Ингээд яаралтай хагалгаанд орж хайчаа авахуулсан ч их хэмжээний цус алдаж амиа алджээ. Энэ хэргийг өдгөө Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар талийгаачийн эхнэрийн дүү болох Т.Болорсолонготой утсаар холбогдлоо. Тэрбээр Дорнод аймагт амьдардаг ажээ.
Т.БОЛОРСОЛОНГО: ХАГАЛГАА УДИРДСАН ЭМЧ НЬ САЯХАН ХҮНИЙ
ГАВЬЯАТ ЭМЧ БОЛСОН
-Талийгаач гэдсэндээ хайч байгааг 13 жилийн дараа яаж мэдсэн юм бэ?
-Өнгөрсөн жил бие нь тааруу, ажил төрөл ч хийж чадахгүй аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа асрагч эмэгтэйн буруугаас болж ах маань шатаар унаж, бие нь бүр муудсан. Ингээд Улаанбаатар хотод ирж нэгдүгээр эмнэлэгт томографикийн шинжилгээ хийлгэхээр болсон юм билээ. Зураг авахуулахаар орон дээр нь хэвттэл үзлэг хийж байсан эмч нь "Наад хүний чинь доор хайч байна. Тэр хайчийг ав" гэж эгчид хэлсэн байгаа юм. Орон дээр нь хайч байгаа юм байх гэж бодоод ах босоод хартал ямар ч хайж байгаагүй. Ингээд дахиад лавшруулаад хартал хэвлийн хэсэг нурууг нь дагаад босоо байрлалтай, мэс заслын үзүүртэй хайч байсан гэсэн. Ингэж 13 жилийн дараа эмч нарын хариуцлагагүйгээс болж гэдсэндээ хайч тээгээд зовж шаналж явснаа мэдсэн. Ах маань ямар олон жил өвчиндөө тарчилж, нойргүй хоносныг хэлэхэд хэцүү байна.
-Анх ямар өвчнөөр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон юм бэ?
-Талийгаач ах манай эгчийг хоёр хүүхэдтэй байхад нь анх нийлсэн. Тэр үедээ өнөөх хагалгаандаа орчихсон байсан үе юм билээ. Тухайн үедээ бидэнд "2004 онд гэдэсний түгжрэл болоод аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тэр хагалгаанаас хойш бие дээрдэхээ больж, байнга бие нь өвддөг болсон" гэж ярьж байсан. Ингээд бие нь байнга өвддөг, шинжилгээ хийлгэхээр бүх зүйл нь зүгээр байна гэж гараад байдаг. Гэтэл байнга цустай өтгөн гардаг, суулгадаг, хэвлийгээр нь маш хүчтэй өвддөг, халуурдаг байсан.
-Талийгаачийн эхнэр, хүүхдүүд ямархуу байдалтай байна вэ?
-Манай эгч талийгаачтай хоёр хүүхэдтэй байхдаа суусан. Ингээд дахиад дөрвөн хүүхэд гаргасан. Хүүхдүүд нь 2-8 настай. Эмч нарын буруутай үйлдлээс болоод зургаан хүүхэд өнчирлөө. Амьдрал нь маш хүнд байгаа. Хүргэн ах маань энэ хугацаанд харуул хийж, цөөн хэдэн төгрөг олдог байсан. Түүнийгээ эм тариандаа зарцуулаад дуусдаг байсан. Өөрийн гэсэн орон гэргүй явсаар амиа алдсан. Одоо ард нь үлдсэн эхнэр, хүүхдүүд нь яаж амьдрахыг мэдэхгүй байна. Манаач хийж байсан газрынхаа байшингийн буланд олуулаа чихэлдэж амьдардаг байсан. Одоо ах бурхан болчихсон болохоор эгчийг маань тэндээс хөөвөл толгой хоргодох газаргүй болно. Том хүүхэд нь төрөлхийн саажилттай, одоо байнга хэвтрийн дэглэм сахидаг.
-Ямар эмч нар хагалгаа хийсэн байдаг юм бэ?
-Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг юм билээ. Тэр эмч нар одоо хүртэл аймагтаа амьдарч, ажиллаж байгаа гэсэн. Г.Хүрэлбаатар эмч сая шинэ оны босгон дээр хүний гавьяат эмч болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авсныг зурагтаар харсан. Гэтэл ах маань олон жил бие болон сэтгэл санааны маш их дарамттай байж байгаад өнгөрснийг нь мэддэг болохоор бүр үнэхээр гомдолтой санагддаг.
-Та бүхэн цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан уу?
-Гаргасан. Дорнод аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэм буруутай эмч нар хариуцлага тооцох байх гэж найдаж байна.
Г.ХҮРЭЛБААТАР: ХАЙЧ НАРИЙН ГЭДСЭН ДОТРОО БАЙСАН ГЭСЭН
Бид 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношлогооны төвд талийгаач Т.Амгаланбаатарт хагалгаа хийсэн багийг удирдсан эмч Г.Хүрэлбаатартай утсаар холбогдож дараахь тодруулгыг авлаа. Тэрбээр өдгөө Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын их эмчээрээ ажиллаж байгаа аж.
-Т.Амгаланбаатар гэж хүн 13 жилийн турш гэдсэндээ мэс заслын хайчтай байснаа мэдэхгүй зовж шаналж, эцэстээ амиа алдсан юм байна. Учир нь 13 жилийн өмнө хагалгаа хийлгэх үед эмч нар гэдсэнд нь хайчаа үлдээгээд оёчихсон гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна. Таныг тэр хагалгааг удирдсан их эмч гэж сонслоо. Энэ үнэн үү?
-2004 онд тийм хагалгаа орсон юм. Бүтэн 13 жил болсон. Миний санаж байгаагаар маш хүнд хүн байсан. Манай эмнэлэгт хоёр гурван сар хэвтсэн санагдаж байна. Үхэхийн даваан дээр боссон хүн.
-Тухайн үед та хагалгааг удирсан гэж үнэн үү?
-Тийм ээ. Сувилагч нартай хамт орсон байдаг.
-Энэ хүний ар гэрийнхэнтэй та уулзсан уу?
-Уулзаагүй. Би тэр залууг амиа алдсаныг сонсоод сүүлд хайчийг нь авах гэж хагалгаа хийсэн нэгдүгээр эмнэлгийн эмч нараас асуусан. Хамгийн гол нь эмч нар тэр хайчийг мартаж үлдээгээд оёсон бол гэдэснийх нь гадна талд байх ёстой л доо. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эмч нар хагалгаа хийхэд тэр хайч нарийн гэдсэн дотроо байсан юм билээ.
-Энэ хүн Дорнод аймагт 2004 онд хагалгаанд орсноос хойш дахиж хагалгаа хийлгээгүй байсан юм билээ. Тэгэхээр тэр хайчийг танай эмч сувилагчид л мартсан болж таарах гээд байна шүү дээ?
-Өөр янз бүрийн шалтгаантай байж бас болно шүү дээ. Би тэр хүний талаар сайн судлаагүй. Зарим хүмүүс зүү, хадаас, бритка залгих тохиолдол гардаг.
-Та талийгаачийг мэс заслын хайч залгисан гэж хэлэх гээд байна уу. Хүн залгиж болохоор тийм жижигхэн зүйл байдаг юм уу?
-Залгихаар бол залгина л даа.
-Тэгэхээр та хагалгаа хийж байхдаа хайч үлдээж оёсон гэдгийг үгүйсгэж байна гэсэн үг үү?
-Үгүйсгэсэн ч зүйл алга. Хууль хяналтынхан шалгаж тогтооно биз дээ.
-Талийгаачийн эхнэрийн дүү ярихдаа энэ хэрэгт Дорнод аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Таныг цагдаагаас дуудаж тайлбар авсан уу?
-Одоогоор дуудсан зүйл алга. Шалгавал шалгана биз дээ. Бодвол өвчний түүх, бүх зүйл нь байгаа байлгүй дээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна