​МЕЙВЕЗЕР-МАКГРЕГОР БУЮУ ДУУЛИАНТ ТУЛААН АЙСУЙ!



Дэлхийн тулааны урлагийн түүхэнд нэн шинэ, маш сонирхолтой, их мөнгөний ширүүн өрсөлдөөн наймдугаар сарын 26-нд шоу цэнгээний өлгий Лас-Вегаст болох гэж байна. Мэргэжлийн боксын рингэнд ялагдал огт амсаж үзээгүй, 49 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулсан 40 настай боксчин Флойд Мейвезертэй UFC-гийн дэлхийн аварга, 29 настай ирланд тулаанч Конор Макгрегор тулна.

Тулаан бол нэг талдаа маш их мөнгөний шоу байдаг. Тиймээс ч хоёр тал хоёулаа их мөнгөний төлөө тулахыг хүссэн. Гэхдээ нэг асуудал байсан нь Мейвезер боксчин, харин Макгрегор холимог тулаанч. Тиймээс аль дүрмээр нь тулах дээр эхлээд шийдвэрт хүрэх ёстой байв. Ингээд хоёр тал удаан ярилцсаны эцэст боксын дүрмээр тулахаар болсон. Конор Макгрегор хэдийгээр мэргэжлийн боксын анхан шатны тэмцээнд ч орж үзээгүй ч гэсэн зөвшөөрсөн юм. Гэтэл түүний эсрэг 49 тулаанд ялагдал гээчийг мэдрээгүй ёстой нөгөө босоо дархалсан боксын хаан зогсож байдаг. Тиймээс тулааны дүрэмд онцгой нэгэн заалт оруулсан нь боксын 10 унцын бээлийгээр бус 8 унцын бээлийгээр өрсөлдөхөөр болсон. Энэ нь боксчдын хэрэглэж дадсан бээлийтэй харьцуулбал цохилтын хүч хавьгүй хүчтэй очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Конор Макгрегор шиг нүцгэн гараараа шахуу зодолдоод сурчихсан хүний давуу тал энэ.

Тулаан гурван минутаар 12 раунд үргэлжилнэ. Холимог тулаанчид олон раунд тулалддаггүй тул Конор ч өрсөлдөгчөө эхний раундад л нам цохино гэж аархаж байгаа. Харин Флойд "Би ойрд тулаан хийгээгүй болохоор л хүмүүсийн сонирхлыг татаж байгаа юм" гэж өчжээ.

Тулааныг хашир туршлагатай шүүгч Роберт Берд шүүх болно. Хэрвээ 12 раундад ялагч тодрохгүй бол Берт Клементс, Дэйв Моретти, Гвидо Каваллери нарын шүүгчдийн өгсөн оноогоор ялагч тодорно.

Тулааны хажуугаар том шоу, их мөнгөний ажил тул хоёр тулаанч Лос-Анжелес, Торонто, Нью-Йорк, Лондонд хэвлэлийн бага хурал хийлгээд өчигдөр сүүлчийн хэвлэлийн бага хурлаа Лас-Вегаст хийлгэлээ.

Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 27-ны 11:00-д тулаан эхэлнэ. Гэхдээ Мейвезер-Макгрегор хоёрын тулааны өмнө хэд хэдэн тулаан болох тул ойролцоогоор 13:30-ийн үед хоёр тамирчин рингнээ гарах магадлалтай.

Дэлхийн бооцооны төвүүдийн дунджийг харвал Мейвезерийн ялалтад итгэгчид олон байна. Харин тулаан 12 үе үргэлжлэхгүй гэдэгт бараг бүгд эргэлзэхгүй байгаа юм.

Мөнгөний тухайд Зууны тулаан гэж нэрлэгдсэн Мейвезер-Пакьяогийн хэмжээний мөнгөнд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Конор Макгрегорын хэлснээр бол тэр ялагчаар тодорвол 100 сая ам.доллар халааслах нь тодорхой болчихоод байгаа гэнэ. Тэгэхээр "Мөнгө" хочит Флойд Мейвезер ялагчаар тодорвол 100 саяас давуулах нь ойлгомжтой. Флойд өөрийнхөө ялалтад 5 сая ам.долларын мөрий тавьчихаад байгаагаа зарласан.

Ялагч нь 1.5 сая ам.долларын үнэтэй эрдэнийн чулуугаар чимсэн алтан бүс гардах болно.

Тулаанаас дөрвөн хоногийн өмнө Конор Макгрегорын жин 74.3 кг байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, үлдсэн богино хугацаанд 4.5 кг жингээ хасах шаардлагатай юм. Энэ талаар Мейвезер хэлээд амжсан. "Одоогоор тэр 4.5 кг жингийн илүүдэлтэй байна. Жингээ хасчихвал сайхан л юм. Харин хасч чадахгүй бол бид тулалдана. Гэхдээ тэр өөрөө илүүдэл жингээсээ бол том торгууль төлнө. Тэгэхээр хэдэн саяа эхлээд бэлдэж байхгүй юу даа" гэж Мейвезер өгүүлжээ.

Харин үүний хариуд Конор "Амаа хамхисан нь дээр дээ. Тэнэг юм донгосох юм. Намайг жингээ хасч чадалгүй ядарч, сульдаж, унана гэж горьдоод л байж бай. Түүний хийх зүйл одоо зөвхөн залбирах. Гэхдээ боксын шинэ хааны өмнө залбирах шүү" гэсэн юм.

Өөрийгөө Макгрегор домогт Брюс Ли-тэй адилхан арга барилтай гэж хэлсэн. "Надтай адилхан арга барилтай тулаанч гэвэл Брюс Ли л байна. Үүнийгээ би наймдугаар сарын 26-нд харуулна. Хэрвээ Мейвезер нокдаунд орвол би түүгээр даажигнах уу яах вэ гэдгээ өөрөө шийднэ" гэж ирланд залуу хэлжээ.

Харин Мөнгө хочит Мейвезер "Миний хэлэх юм бол энэ тулааныг үзэх үзэгчдэд баярлалаа. Би ойрын үед тулаан хийгээгүй. Тиймээс хүмүүс хэнийг нь ялах бол гэж хараад сонирхоод байгаа. Магадгүй би бага зэрэг хөндийрсөн байж болно. Гэхдээ би ялна аа" гэж мэдэгдсэн юм.

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Энтони Жошуа энэ тулааны талаар "Өө, энэ том үйл явдал. Дэлхийн тулааны урлагийн хувьд тэд том алхам хийж байна. Тэгэхээр шүүмжлэх нь тэнэг явдал. Хэн хэнд нь боломж байгаа. Мейвезер бол боксын элит хүн. 49 тулаанд ялагдаагүй гэдэг бол олон жилийн турш өөрийгөө бүрэн нотлон харуулсан гэсэн үг. Түүнийг тийм олон жил гайхалтай байсанд та бүхэн буруутгаж чадахгүй" гэжээ.

Харин саявтархан боксоо орхиж буйгаа зарласан Украины боксчин, дэлхийн аварга асан Владимир Кличко "Мейвезер хэзээ ч их нүддэггүй тоглогч байсан. Хэрвээ тэр нэг алдаа гаргавал Макгрегор түүнийг тэр дор нь "машиндчихна". Конор надад "Тулааны клуб" киноны гол дүрийн хэрцгий залууг санагдуулдаг" гэжээ.

Ийнхүү тулааны хоёр өөр урлагийн аваргууд хоорондоо тулах гэж байна. Ямартай ч бид үзэх юмтай, бас ярих юмтай болох нь ээ.

М.Болджин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр