-Хотын дарга нарын чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага болон Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. “COP17” хурлын хүрээнд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Хотын дарга нарын чуулга уулзалт өнөөдөр /2026.08.21/ эхэллээ.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр болон НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Хотын дарга нарын чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нээж үг хэлэв. Тэрбээр дэлхийн хотууд болон байгаль орчны асуудлыг тусдаа авч үзэх боломжгүй бөгөөд цөлжилтөөс үүдэлтэй усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол түүнээс үүдэх шороон шуурга зэрэг сөрөг нөлөөлөл нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүйг онцоллоо. Мөн Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ний 70 гаруй хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн томоохон төвийн хувьд газрын доройтлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тиймээс хотуудын хооронд шинэ санаа, шилдэг туршлага солилцох, харилцан суралцах, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг илэрхийллээ.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хотжилт эрчимжиж буй өнөө үед хотуудын ус, газар, байгаль орчны менежментэд онцгой анхаарах шаардлагатайг тодотгов. Тэрбээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь хот, суурин газарт амьдрах төлөвтэй байгаа тул өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг хэрхэн тогтвортой хангах, нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглах нь дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болсныг дурдав.
Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Ц.Сандаг-Очир “Цөлжилт, ган, гачгийг зөвхөн хөдөө орон нутгийн асуудал хэмээн ойлгож болохгүй. Эдгээр асуудал нь хот, суурин газрын агаар, хөрсний бохирдол, тоосжилт, тоос шорооны тархалт зэрэг олон хэлбэрээр илэрч, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлж байна. Газрын доройтол, цөлжилт, хотын хөгжлийг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шаардлагатай. Эрүүл газар бол тогтвортой нийгмийн үндэс, тогтвортой нийгэм бол тогтвортой хотын суурь” хэмээн онцлон хэлэв.