Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Б. Пагамдулам
2026/09/02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.

Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ.

Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

 Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч ОХУ манай улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах боллоо.

Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ.

Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр