Ургац хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 хоногоор хойшлох төлөвтэй байна

Б.Хонгорзул
2026/08/26

САЙД Ц.ИДЭРБАТ НАМРЫН УРГАЦЫН УРЬДЧИЛСАН БАЛАНС, УРГАЦ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр 2026 оны ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

Улсын хэмжээнд 2026 онд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгдсэн.

“Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн технологит ажлыг хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, арилжааны 7 банктай Санхүүжилтийн гэрээ байгуулсан. Арилжааны банкнаас 906 иргэн, аж ахуйн нэгжид 138.9 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 45 иргэн, аж ахуй нэгжид 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлийг олгосноор техник, технологийн шинэчлэл хийгдэж хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургамал хамгаалах ажлыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүллээ.

Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2026 оны 176 дугаар тогтоолоор Хэнтий, Баян-Өлгий, Өвөрхангай зэрэг аймгуудад атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх шийдвэр гарч тариалангийн эргэлтийн талбайг 11.8 мянган га-аар нэмэгдүүллээ.

“Нутагтаа эзэн 100:1000” төслийг 17 аймгийн 24 суманд хэрэгжүүлсэнээр тэжээлийн таримлын тариалалт 2270 га-аар нэмэгдэж, нийт 778 малчин өрхийн хоршоо хамтын ажиллагааг дэмжиж, нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлөөр хангасан байна.

Ургац хураалт, хадлан тэжэээл бэлтгэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулах, механикжуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн 7.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудад нийт 85 трактор, 147 ширхэг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг нийлүүлсэнээр механикжуулалтын түвшинг 6 хувиар нэмэгдүүлэв.

Хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлж улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгөөр санхүүжилтээр 2 төрлийн нийт 1314 ширхэг зуны нийлэг хальсан хүлэмжийг зээлээр олгосноор хүлэмжийн тариалалт 4.6 га талбайгаар нэмэгдэх боломж бүрдлээ.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ургамал ургалтын технологит хугацаанд 548 иргэн, аж ахуй нэгжид 14.5 тэрбум төгрөгийн 65.7 мянган тонн бордоо, 129.7 мянган литр ургамал хамгааллын бодисыг 34 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээс 30 хувийн урьдчилгаатай төлбөртэй дамжуулан олгосон.

ОХУ-ын 4 мужид үйл ажиллагаа явуулдаг 5 үйлдвэрээс баруун бүсийн Цагааннуур, Арцсуурь, Боршоо, төвийн бүсийн Алтанбулаг боомтоор 20.1 мянган тонн гурил импортолсон. Импортын баяжуулсан гурилын чанар аюулгүй байдалд холбогдох хууль, стандартын дагуу хяналт шалгалт хийхэд импортын мэдэгдэл авсан 59 аж ахуйн нэгжийн баяжуулсан гурил нь итгэмжлэгдсэн лабораторийн дүнгээр стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон тул импортын мэдэгдэл авах хүсэлтийг түр хугацаанд түдгэлзүүлээд байна.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа /үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай/, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарч байна.

Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой бүрдэж байна.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох мөндөрийн улмаас улаанбуудайн 840 га талбай ногоон тэжээлд шилжиж, 3.1 мянган га талбай ургац алдаж балансад тусгагдаагүй болно.

✅Тариалалтын хугацаанд тариалангийн зарим бүс нутгуудад үргэжилсэн хур тунадас, нойтон цас орсны улмаас тариалалтын хугацаа 5-7 хоногийн хойно эхэлж үүнтэй холбоотой ургац хураалтын ажил урьд жилүүдээс 7-10 хоногоор хойшлох төлөвтэй байна.

Ургац хураалтад нийтдээ 951 комбайн, 609 ширхэг жатка, 230 үтрэмд 1058 ширхэг үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж, 453 ширхэг төмс, хүнсний ногоо хураах тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 82 хувьтай явагдаж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтын ажлыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн байна.

✅Улсын хэмжээнд үр тариа хадгалах 557.3 мянган тоннын багтаамжтай элеватор байгаагаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 186.0 мянган тонн, хувийн хэвшилд 371.3 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ буудай хүлээн авахад бэлэн болоод байна.

✅Атрын IV аяны хүрээнд 2025 онд төмс, хүнсний ногооны зоорь, агуулах байгуулахад хөнгөлөлтэй зээлийн дэмжлэг үзүүлсэнээр 2025 онд 13 мянган тонн 2026 онд 11.0 мянган тонн төмс, хүнсний ногооны агуулах шинээр ашиглалтад орж төмс, хүнсний ногооны агуулахын багтаамж 325.6 мянган тонн-д хүргэлээ.

✅Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 497.1 мянган тонн улаанбуудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс 2027 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хэрэгцээнд 48.1 мянган тонн улаанбуудайн үр нөөцлөх бөгөөд, ХААК ТӨХХК болон Улсын үрийн нөөцөд үрийн зориулалтаар 6.5 мянган тонн, тэжээлийн үйлдвэрүүд болон малчдын тэжээлийн хэрэгцээнд 103.2 мянган тонн, спиртийн үйлдвэрт 16.2 мянган тонныг тус тус зарцуулахаар тооцоход гурил үйлдвэрлэлд нийтдээ 323.1 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх төлөвтэй байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2026-2027 оны хэрэгцээг дотоодын ургацаас бүрэн хангахаар байна.

✅Ургац хураалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, шуурхай зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Улсын ургацын комиссыг шинэчлэн байгуулж, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

✅Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн албан хаагч, сонсогч, оюутан, залуучуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 115 цэргийн албан хаагч төмс, хүнсний ногооны ургац хураалтад ажиллаж байна. Цаашид ургац хураалтын ажилд Дотоод хэргийн их сургууль болон бусад их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сурагчид, сонсогчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэмэлтээр хүн, хүчийг татан оролцуулах зохион байгуулалтыг хийж байна.

✅Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурын урьдчилсан төлөвт үндэслэн цаг агаарын болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, тариалангийн талбайг эрсдлээс хамгаалах чиглэлээр урьдчилсан анхааруулга, зөвлөмжийг өгч байна. Таримал ургамлын ургалтын хугацаанд өвчин, хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдын хүртээл болгох ажлыг зохион байгуулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18