Монгол улс, Израил улстай усны менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

O.Аззаяа
2026/08/23

МОНГОЛ УЛС, ИЗРАИЛ УЛСТАЙ УСНЫ МЕНЕЖМЕНТ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/ долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. 

Хурлын хүрээнд оролцогч улс орон, олон улсын байгууллагуудын төлөөлөл уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Израил улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага болох “MASHAV”-ын Ерөнхий захирал Эйнат Шлейн, БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элиав Белоцерковский болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

1958 онд байгуулагдсан “MASHAV” нь Израил Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, инновац, технологийг хөгжиж буй улс орнуудтай хуваалцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Тус байгууллага нь өнөөдрийг хүртэл дэлхийн 140 орчим улсад үйл ажиллагаа хэрэгжүүлж, 350 мянга гаруй мэргэжилтнийг сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулсан байна.

Уулзалтын эхэнд сайд Ц.Сандаг-Очир COP17-д оролцохоор Монгол Улсыг зорин ирсэн хатагтай Эйнат Шлейн болон Израил Улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас энэхүү хурлыг газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх болон биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай сорилтыг цогцоор нь шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Энэ хүрээнд Монгол Улс COP17-ын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”-г олон улсад танилцуулж, тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, тогтвортой ашиглалтыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт тавьж байгааг мэдээллээ.

Мөн гадаргын усыг хуримтлуулах замаар экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөхөн сэргээх, гүний усны хэрэглээг бууруулах зорилготой “333 нуур-сум” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Энэхүү санаачилга нь усны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн эдийн засаг, иргэд, малчдын амьжиргааг дэмжих чухал ач холбогдолтойг сайд Ц.Сандаг-Очир онцлов.

Хатагтай Эйнат Шлейн Монгол Улсад COP17-ыг амжилттай зохион байгуулж буй Үндэсний хороо болон ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсээд, тус бага хурлаас цөлжилт, газрын доройтол, ган болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхүйц бодлогын чухал шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “MASHAV”-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох усны менежмент, усалгааны дэвшилтэт технологи, мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах сургалт, судалгаа, инновацын чиглэлээр Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.

Мөн Монгол Улсаас дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-г олон улсад таниулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
 
Түүнчлэн цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр Израилын хуримтлуулсан туршлага, технологийг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлан хамтран ажиллах сонирхолтой байна гэв.

Уулзалтын үеэр талууд усны нөөцийн зохистой менежмент, усалгааны технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, мэргэжилтнүүдийг сургалт, туршлага солилцооны хөтөлбөрт хамруулах, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хамтын ажиллагааг үе шаттай өргөжүүлэхээр харилцан тохиролцов.

 
Монгол Улс нь COP17-ыг зохион байгуулах замаар олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг газрын доройтол, цөлжилттэй тэмцэх асуудалд хандуулаад зогсохгүй, бодит шийдэл, мэдлэг, технологи, хөрөнгө оруулалт, түншлэлийг нэгтгэсэн урт хугацааны хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Энэ хүрээнд тус улсын “MASHAV” байгууллагын усны менежмент, технологи, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр хуримтлуулсан олон жилийн туршлага нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах бодлогын зорилттой чухал ач холбогдолтойгоор уялдаж байгаа юм.


1
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18