ТААНАГҮЙ ГОВЬ

O.Аззаяа
2026/07/30

Өмнөтгөл:

…Говийн малчид урин хавраар соёолох өвсөө ”тоолон” баярлаж, үүлний сүүдэр, хурын үнэрийг андан тандан хүлээдэг юм. Элсэн манхан, халуун зун энэ нутгийн нэгэн өнгө. Гэхдээ цөлийг амьгүй хэмээн эндүүрэв. Амьдралын үнэ цэнийг хамгийн тод мэдрүүлдэг нутгийн нэг бол говийн аймгууд. Энд нэг булаг ширгэхэд нүүдлийн зам нь солигдож, бэлчээр нь хумигдаж, малчдынх нь ахуй амьдрал хүртэл даган өөрчлөгдөж байдаг. Угтаа газрын доройтол, цөлжилт зөвхөн байгаль орчны асуудал биш, хүний амьдрал, эдийн засаг, соёлын харилцан уялдаатай асуудал.

Дэлхийн эх газрын 11 хувийг гандуу газар нутаг эзэлдэг. Монголын хувьд ийм газар бол говийн бүс. Харин энэхүү гандуу газар нь маш олон хэлбэрийн биологийн олон янз байдлыг тэтгэж байдаг увидастай. Зарим нь дэлхийд ховордож, бүр устах аюулд өртсөн төрөл зүйлүүд багтдаг юм. Эрдэмтдийн тодорхойлсноор, гандуу нутаг нь маш бага хур тунадас унадаг газрыг хэлдэг. Уур амьсгалын ийм хуурай нөхцөл нь шим тэжээлтэй ургамал ургах, ач холбогдол өндөр ашигт малтмал бүрэлдэн бий болох нөхцөл бүрдүүлдэг онцлогтой. Тэгвэл говийн зарим сумдад цөлжилт, хуурайшилттай холбоотой ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?  

Өмнөговь аймгийн Номгон сумын малчин П.Манлайжав:

-Манай сум таанын нутаг. Гэтэл зарим зун ургахгүй байна. Шим тэжээлтэй ургамлын нэг бол таана учраас монголчууд эрт үеэс хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. Уураг тос их болохоор мал таргалуулахад онцгой сайн. Ер нь унаган нутагтаа цэцэглэхгүй өнждөг болсон нь хуурайшилт, цөлжилт хүчтэй нөлөөлж эхэлсний л дохио” гэв.

Говийн хөрс нэн эмзэг. Шим тэжээлтэй хөрсний давхарга нь нимгэн, зөөлөн байдгаараа онцлог. Иймдээ ч эвдэгдэж, талхлагдахдаа амархан. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг ургамлын зүйлийн жагсаалт жил тутамд нэмэгдсээр байгаа. Монгол орны хэмжээнд гэхэд хүний нөлөөтэйгээр ховордсон, устаж байгаа зүйлд 20 гаруй ургамал бүртгэгдээд байна.

Өмнөговь аймгийн Номгон сумын ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан:

-Үүл гараад, бороо орох нь уу даа гэтэл салхи ширүүсээд, хөөчихнө. Зуны дэлгэр цагт хавар шиг шороогоор шуураад, хүйтрээд байдаг боллоо. Энэ бол гангийн, гамшгийн нэг үзэгдэл гэж боддог. Ялангуяа сүүлийн хоёр жилд маш хүчтэй салхи, угалз, шороон болон цасан шуурганы тоо нэмэгдсэн. Цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэх анхааруулдаг ч зарим тохиолдолд огт мэдээлээгүй гамшигт үзэгдэл гэнэт болох явдал ч бий. Хөрс хуурай бүр хатчихаад байна гэж ярилаа.  

Экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, доройтохын хэрээр дэлхийд нүүрлэх байгалийн гамшиг, халдварт өвчлөл нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс таамаглаж байсан. Доройтлын хурд энэ эрчээрээ үргэлжилбэл цөлжилт бүх дэлхийг нөмрөх аюул төлөвлөснөөс даруй хагас зуун жилээр наашлах түгшүүр бий.

Аймгийн алдарт уяач О.Дашзэгвэ:

-Монголын говь аргаль, янгир гээд ховор амьтан, эмийн ургамал элбэг баян нутаг. Харамсалтай нь, мал иддэг өвс нь улам л цөөрөөд, хог ургамал ихэссэн. Ялангуяа ургалт нь хөндий хоолойгоор маш багассан, уул руугаа арай дөнгүүр. Бараг бүтэн жилийн турш салхилаад байхаар яаж ч ургахав. Ерөнхийдөө ургамал ургах үеэр маш их салхилдаг болсон. Хөрсийг чийггүй болтол, шим тэжээлтэй өнгөн хэсгийг туучихаад байна. Ингээд хамар хатгах өвсгүй болгочихоор аль гайгүй газартаа бүгд хошуураад, бэлчээр нь даацаа дийлэхгүй талхагдаад дуусах жишээтэй болсон гэж ярилаа.

Говийн аймгуудад гантай жилийн давтамж нэмэгдсэнээр ургамлын гарц муудаж, багахан чийг аваад цухуйдаг таана хүртэл зарим суманд огт ургахгүй өнждөг үзэгдэл ийнхүү бичигдэж эхэллээ. Энэ нь гандуу, хуурай бүс нутгийн хувьд цөлжилт ямар хүчтэй явагдаж байгааг илтгэх нэг баталгаа. Тэгвэл бид юу хийж чадах вэ? Говь нутгаа ТААНАГҮЙ болохоос өмнө аврах боломж уг нь бий. КОП17 хурлыг Монгол Улс эх орондоо зохион байгуулж байгаа түмэн шалтгааны нэг энэ. Хүчтэй салхи шуурга, элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвас бий болгох, хөв цөөрөм байгуулах, хашаалж хамгаалах, бэлчээрээ зөв ашиглах гээд бид өөрсдөө хийж хэрэгжүүлэх боломжтой олон ажлын эхлэл энэ хурлаар тавигдах учиртай.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18