Авлигатай тэмцэх байгууллагаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон хахууль авсан гэх хоёр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Тодруулбал, Хил хамгаалах байгууллагын дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Х.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус ангийн албан хаагчийг хууль бусаар бусдын хувийн эзэмшлийн барилгын ажилд ажиллуулсан гэх хэрэгт холбогджээ. Улмаар тухайн албан хаагч бэртэл авсан хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй байхад нь нийт 12.6 сая төгрөгийн цалин олгож, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэн шалгасан байна.
Мөн Замын-Үүд дэх Гаалийн газрын Эрсдэлийн удирдлагын албаны даргаар ажиллаж байсан Н.Т нь гаалийн хилээр нэвтэрч буй ачаа, барааны бүрдүүлэлт хийдэг Д.С, Т.Э нарын гаалийн мэдүүлгийг хяналт шалгалтын байцаагч нараар түргэн шуурхай шалгуулж, гаалийн талбайгаас гарах зөвшөөрөл олгуулах зэрэг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хахууль өгөгчдийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэх хэрэгт холбогдсон байна.
Мөрдөн шалгалтын явцад Н.Т нь дээрх үйлдлийнхээ хариуд нийт 27 удаагийн үйлдлээр 88.5 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон бөгөөд уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна